ӨНӨӨДӨР ТУЛААНТАЙ: Ж.Нарантунгалагийн өрсөлдөгч юу хэлэв!

Монголын холимог тулаанч Ж.Нарантунгалаг өнөөдөр /2019.04.12/ 20.30 цагаас Филлипин улсын Манила хотод “One Championship Roots of Honor“ тэмцээнд оролцоно. Энэ удаад манай тамирчин “ONE Championship” холбооны хагас хөнгөн жингийн аваргын бүсийн төлөө вьетнам гаралтай, Австралийн тулаанч Мартин Нгуентэй тулалдах юм. “MMAPLANET” сэтгүүлийн сурвалжлагч хоёр тамирчинтай уулзан ярилцжээ.


Ж.НАРАНТУНГАЛАГ: УРЬД ӨМНӨХӨӨСӨӨ ИЛҮҮ САЙН БОЛСОН
ГЭДГЭЭ ХАРУУЛНА

-Та “ONE Championship” холбоонд тулалдах болсоор таван жил өнгөрлөө. Анх орж байхдаа ийм том холбоо болно гэж төсөөлөн бодож байв уу?

-Бодож байсан. Нэр нь ч ONE буюу нэг шүү дээ.

-Хоёр долоо хоногийн өмнө Японд “ONE Championship” холбооны том тэмцээн болсон. Монголд энэ холбооны талаар мэдээлэл хэр байдаг вэ?

-Маш сайн мэднэ. Бүх тэмцээнийг телевизээр шууд дамжуулан үзүүлдэг. Хөдөө орон нутагт ч гардаг тул монголчууд бүгд мэднэ гэж хэлж болно.

-Та энэ удаад дэлхийн аваргын бүсний төлөө тулалдах боллоо. Хэцүү тулаан болох байх.

-Тиймээ, яг одоо хэлэх үг орж ирэхгүй байна. Ялсны дараа харин юм ярьж болно шүү.

-Таныг дуу цөөтэй хүн гэдгийг мэднэ. Харин сая болсон хэвлэлийн бага хурал дээр чөлөөтэй ярьж байхыг тань хараад их гайхсан шүү.

-Тамирчин болгонд үг хэлэх тодорхой цаг олгосон. Би нэг минут ярих байсан ч 50 секунд орчим л ярьсан байх. Орчуулагчтай байсан болохоор хүмүүст их удаан ярьсан мэт санагдсан байж магадгүй. Ер нь бол хэвлэлийн хурал дээр ийм зүйл хэлээрэй гэсэн даалгавар авдаг. Их л олон юм ярих гээд бэлтгэж байсан ч бүгдийг нь хэлж чадаагүй. Тулааны өмнө сэтгэл санаагаа төвлөрүүлэх хэрэгтэй байдаг болохоор хэвлэлийн бага хуралд оролцох, ярилцлага өгөх дургүй.

-Хэвлэлийн хурлын дараа ярилцлага авч байгаадаа хүлцэл өчье.

-Зүгээр зүгээр.

-Мартин Нгуен аваргатай хэрхэн тулалдах гэж байна. Анхаарвал зохих зүйл юу вэ?

-Мартин бол дунд жинд аварга болж, хөнгөн жинд ч аваргын бүсийн төлөө тоглож байсан тамирчин. Гэхдээ одоогийн жин нь түүнд яг тохирч байгаа гэж боддог. Анхаарвал зохих зүйл бол баруун гарын цохилт.

-Хэвлэлийн бага хурал дээр “Харилцан цохилцсон халз тулаан болвол хэн нь ялах вэ” гэсэн асуултад та “Кёкүшинкай каратэ суурьтай тул би ялна” гэж хариулсан.

-Кёкүшинкай каратэ бол миний үндэс суурь. Кёкүшинкай каратэгаар би Монголд гурван удаа үнэмлэхүй жингийн аварга болсон, Ази, ОХУ-д ч тэмцээнээс медаль авч байсан. Тийм болохоор хэвлэлийн хурал дээр хэлснээ биелүүлэхийн төлөө хичээх болно.

-“Нас бол хамаа байхгүй” гэж хэлсэн…

-Үнэнийг хэлэхэд “ONE Championship” холбоо ч надаас “Хэдэн нас хүртлээ тулалдах гэж байна” гэж асуусан удаатай. Харин миний хувьд бол нас ямар ч хамаа байхгүй. Харин ч олон жил тулалдсан тул хур их туршлага надад байна. Холимог тулаанд туршлага маш чухал.

-“ONE Championship” холбоо дэвжин хөг­жихийн хэрээр тамирчид нь ч алдаршиж байна. Мьянмар, Филиппинд тулаанчид нь үндэс­ний баатрын хэмжээнд хүндлэгддэг бол­лоо. Тунгаад ч эх орондоо холимог тулааныг хөгжүүлэх гэсэн бодол байгаа байх…

-Би хөгжүүлэх гэхээс илүү намайг амжилт гаргахыг залуу тамирчид хараад “Холимог тулаанч болохсон” гэж бодвол сайхан байна.

-Таныг Японд сайн мэднэ. Японы фэнүүддээ хандан юу хэлэх вэ?

-Урьд өмнөхөөсөө илүү сайн болсон гэдгээ харуулахын тулд хичээх болно.


МАРТИН НГУЕН: Ж.НАРАНТУНГАЛАГ САЙН ТАМИРЧИН Ч БИ ЯЛАЛТДАА ИТГЭЛТЭЙ БАЙНА

“ONE Championship” холбооны аварга Австралийн Мартин Нгуен хагас хөнгөн жингийн аваргын бүсээ хамгаалах тулааныг Монголын Ж.Нарантунгалагтай хийх гэж байна. Энэ нь түүний бүсээ хамгаалах хоёр дахь тулаан юм.


-Та хоёр долоо хоногийн өмнө Токиод болсон тэмцээнд ирсэн байсан.

-Нутгийн тамирчнаа дэмжихээс гадна Флоридад хамт бэлтгэл хийж байсан багш маань Токиод байсан тул зөвлөгөө авахаар очсон. Тэнд хамтдаа нэг хоног бэлтгэл хийлээ.

-Гурван өөр жинд тулалдаж байгаад хагас хөнгөн жиндээ буцан ирлээ. Энэ жин л өөртөө тохирно гэж бодов уу?

-Тиймээ, өнгөрсөн жил долоон долоо хоногт зургаан кг хасаад их ядарсан. Харин одоо бие махбодь, сэтгэл зүйн хувьд ч жинхэнэ формдоо ороод байна. Одоогийн Мартин бол хамгийн хүчтэй, хамгийн хурдан Мартин гэж хэлж болно. Баасан гарагт шилдэг тулаанаа үзүүлэхэд бэлэн байна.

-Таны баруун цохилтыг бүгд мэднэ. Өрсөлдөгчид чинь мэдээж судалсан байгаа. Өөр гайхуулах шинэ зүйл бэлтгэсэн үү?

-Тийм болохоор л би маш хүнд хэцүү бэлтгэл хийсэн. Гурван өөр жинд аварга болох гэж зүтгэж байх үедээ би нэг тамирчинтайгаа хэд хэд тулалдах үе байлаа. Сүүлдээ тулаан маань нэг хэвийн болж эхэлснийг мэдэрсэн.

-Яагаад Америкт бэлтгэл хийв?

-Австрали дахь манай клуб сайн ч бэлтгэл хангагч цөөхөн. Харин Америкт бөх, кикбоксын бэлтгэл хангагч тамирчин олон, сайн багш нартай. Миний баруун гарыг хүчтэй гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ би барилдаж ч чадна. АНУ-д бэлтгэл хийснээр өөртөө тун итгэлтэй болж чадсан. Тулааны үеэр юу хийхээ өрсөлдөгчийн хөдөлгөөн, зайг харж байж шийднэ. Ж.Нарантунгалаг аюултай өрсөлдөгч ч би түүнд огт өөр шинэ Мартинийг харуулах болно.

-Ямар мэхээр ялах бодолтой байна вэ?

-Нууц. Ганц өшиглөх, цохих биш хурд хүч гээд бүх чаддаг зүйлээ ашиглан тулалдах болно. Урьд өмнө чаддаг байсан зүйлээс гадна олон шинэ юм сурснаа харуулна.

-Ж.Нарантунгалагаас сэрэмжлэх зүйл юу байна?

-Мэдээж хүчтэй цохилт. Ганц цохилтоор тулааныг шийдэх чадалтай тамирчин. Гэхдээ онохгүй бол ямар ч цохилт ашиггүй. Тэр зууралдаад байвал өвдөглөнө, хөлд орох гээд ирвэл өшиглөөд унагаана. Ж.Нарантунгалаг маш чадалтай, барилдахдаа сайн гэдгийг би мэднэ, үнэлнэ. Гэхдээ би түүний бүх довтолгоог үр дүнгүй болгож чадна.