American Airlines өдөр тутам 115 нислэгээ цуцална

Boeing 737 MAX онгоцыг энэ оны наймдугаар сарын 19-нийг хүртэл нислэгт ашиглахыг хориглосон тул АНУ-ын иргэний агаарын тээврийн American Airlines ирэх саруудад өдөр тутам үйлддэг нислэгийн тоогоо 115-аар цөөлөх гэнэ.

Нийт 157 хүний амийг авч одсон Ethiopian Airlines компанийн 737 MAX онгоцны ослын дараа тус загварын онгоцоор нислэг үйлдэхийг хориглоод байгаа билээ.

Эдгээр цуцлагдаж буй 115 нислэг American Airlines компанийн энэ зун үйлдэх нийт нислэгийн 1.5 хувийг эзэлж байна гэж American Airlines компанийн гүйцэтгэх захирал Дуг Паркер мэдэгдээд наймдугаар сарын 19-ний өдрөөс өмнө MAX загварын онгоцыг нислэгт ашиглах зөвшөөрөл гарна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлжээ.

American Airlines компанийн өрсөлдөгч Southwest Airlines наймдугаар сарын 5-аас эхлэн тус загварын 34 онгоцоор нислэг үйлдэж эхэлнэ гэж мэдэгджээ.