Засгийн газрын хэрэг эрхлэх газраас томилогдсон ажлын хэсэг 13 яам, 12 агентлаг “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын албан даалгаврын биелэлтийг өнгөрсөн долоо хоногт шалгалт үзлэг хийжээ. Мөн Төрийн Тусгай хамгаалалтын газраас тусгай хамгаалалттай төрийн захиргааны 18 байранд согтууруулах ундаа, тэсэрч дэлбэрэх бодис, хүйтэн зэвсэг зэрэг хууль бус эд зүйлс хадгалж байгаа эсэхэд үзлэг хийв. Тус шалгалтаар тусгай хамгаалалттай төрийн захиргааны 18 байрны 1139 өрөөнөөс албан хаагчдынх нь зөвшөөрсний дагуу 830 өрөөнд үзлэг хийхэд архи согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн 115 ширхэг, 11ширхэг шатамхай/салют,бензин гэх мэт/ бодис, 21 ширхэг согтууруулах ундааны шил сав, Монгол банкны Эрдэнэсийн сангийн байрнаас 36 ширхэг согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн илэрснийг эзэмшигчдээр нь ажлын байрнаас нь гаргуулсан байна.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ, “төрийн захиргааны байгууллагуудад, төрийн албан хаагчдын дунд сахилга хариуцлага дэг журмыг улам илүү чангатгах шаардлага байгааг энэ шалгалтын дүн илтгэж байна. Төрийн захиргааны байгууллагуудад ажилчид нь ажлын цаг ашиглалт хангалтгүй, архидан согтуурахтай тэмцэж байгаа бодитой ажил алга байна. Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах ЗГ-ын 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэхийг даалгаж байна. Яам агентлагууд албан хаагчдын цаг ашиглалтыг хурууны хээгээр бүртгэж, цалингийн системтэй холбож хариуцлага тооцож, ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, үүрэгт ажлаа чанартай үр дүнтэй гүйцэтгэх ёстой. Иргэдэд үйлчлэх үүрэгтэй. Бид ард түмнээс сонгогдсон ардчилсан төр. Төрийн албан хаагч нар, төр бол ард түмэнд үйлчлэх үүрэгтэй гэдгээ ухамсарлан ажиллахыг анхааруулж байна”
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна