Сүүлийн өдрүүдэд эрүү шүүлт тулгаж, хэрэг хүлээлгэсэн тухай асуудал Улсын Их Хурал, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн түвшинд яригдаж, энэ асуудал олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна. Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улс дахь эрүүдэн шүүхээс ангид байх эрхийн нөхцөл байдал, Комиссоос авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх асуудлаар байр сууриа илэрхийлж энэхүү мэдэгдлийг гаргаж байна.
Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдсан цагаасаа хойш эрүү шүүлтээс ангид байх эрхийн зөрчлийг таслан зогсоох, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, цагдан хорих, эрүүлжүүлэх, баривчлах байр, хорих ангиудын нөхцөлийг сайжруулах, хохирогчийн эрхийг сэргээх, хуулийн байгууллагын алба хаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар ирсэн билээ.
Комиссоос Улсын Их Хуралд өргөн барьсан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 илтгэлийн 13-т эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилтийн талаар илтгэж, хуулийн практикт оршсоор буй эрүү шүүлт тулгах гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох талаар тодорхой арга хэмжээ авахуулахаар удаа дараа санал, зөвлөмж хүргүүлж байсан болно. Тухайлбал, 2015 оны 14 дэх илтгэлд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгасан нь эрүү шүүлт тулгах гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагаанд ухралт болсныг, мөн 16 дахь илтгэлд эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хараат бусаар, үр дүнтэй мөрдөн шалгах байгууллагыг байгуулж, бүтэц, орон тоог нь шийдвэрлэх талаар, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг яаралтай байгуулж, төсөв, орон тоог нь шийдвэрлэх саналуудыг хүргүүлж байсан боловч төрөөс өнөөдрийг хүртэл арга хэмжээ аваагүй байна. Монгол Улс Эрүүдэн шүүхийн эсрэг Конвенцийн Нэмэлт Протоколд 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нэгдэн орсноос хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн ч уг олон улсын гэрээний дагуу эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг өнөөдрийг хүртэл байгуулаагүй байна.
НҮБ-ын Хүний эрхийн Хороо 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмждөө “...Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Авлигатай тэмцэх газар эрүү шүүлт тулгасан хэргийг мөрдөн шалгахад бие даасан байдал хангалтгүй байгаад анхаарал хандуулахыг Хорооны зүгээс хүсч байна”, мөн “...Оролцогч улс нь эрүү шүүлт тулгасан үйлдлийн талаар мөн зүй бус харьцааны талаар гаргасан бүх гомдол, мэдээллийг шуурхай, үр дүнтэйгээр шийдвэрлэж байгаа эсэхийг нягтлах, ийм төрлийн хэрэг үйлдэгсдийг яллах, хэрэв шүүгдсэн тохиолдолд зохих ёсоор ял шийтгэгдсэн эсэх, хохирол нөхөн сэргээгдэх боломжтой эсэх, нөхөн төлбөр бүрэн авах боломжтой эсэхийг нягтлах ёстой” гэсэн байдаг. Түүнчлэн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл Монгол Улс дахь Хүний эрхийн төлөв байдлын талаарх Үндэсний 2 дугаар илтгэлтэй холбогдуулан 12 зөвлөмжийг Монгол Улсын Засгийн газарт өгснийг дурдах хэрэгтэй.
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны удаа дараагийн зөвлөмжөөс үзэхэд эрүүдэн шүүсэн гэх алба хаагчдын үйлдлийг шалгах бие даасан байгууллага байгуулах, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчийн хохирлыг төрөөс нөхөн төлөх, зөрчигдсөн эрхийг нь сэргээх, Эрүүдэн шүүхийн эсрэг Конвенцийн Нэмэлт Протоколоор хүлээсэн үүргээ биелүүлж, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга хэмжээ авах шаардлагатай байна.
Үүнээс өмнө НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны тусгай илтгэгч Манфред Новак 2005 онд Засгийн газрын урилгаар ирж ажиллахдаа “...сэжигтнүүдийг эрүүдэн шүүх, тэдэнтэй хүнлэг бусаар харьцах явдал байнга гарч, үйлдэгчид шийтгэл хүлээлгэхгүй байх, түүний хохирогчдыг хамгаалах хууль эрх зүйн хамгаалалт, нөхөн олговор төлөх, нөхөн сэргээх зохистой үр нөлөө бүхий тогтолцоо практикт үгүйлэгдэж байна” гэж дүгнэснийг, үүнтэй холбоотойгоор Улсын Их Хурлаас 2006 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “Хуулийн байгууллагуудын талаар авах арга хэмжээний тухай” 54 дүгээр тогтоол баталж байсныг дахин сануулах нь зүйтэй.
Гэвч Нэгдсэн Үндэстний Байгууллагын холбогдох хороод, Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн зөвлөмжүүдийг өнөөдрийг хүртэл бүрэн хэрэгжүүлж чадахгүй байгаагийн улмаас эрүү шүүлтээс ангид байх эрх хангагдахгүй байна. Энэ байдлыг Комиссоос удаа дараа УИХ-д илтгэж, арга хэмжээ авахуулахаар санал, зөвлөмжүүдийг хүргүүлсэн ч дорвитой арга хэмжээ авахгүй байгаад харамсч байна.
Иймд Комиссын илтгэлүүдээр өгсөн санал, зөвлөмж, НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц, түүний Нэмэлт Протоколоор хүлээсэн үүргээ биелүүлэх, эдгээр олон улсын гэрээг үндэсний хууль тогтоомжийн нэгэн адил дагаж мөрдөх, НҮБ-ын холбогдох гэрээний хороодоос өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байгааг Комиссын зүгээс хууль тогтоогч, шийдвэр гаргагчдын сонорт дахин хүргүүлж байна.
МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна