2025/03/13

МАН-ынхан нөхөн сонгуульд нэр дэвшигчээ тодруулна

info@inder.mn
2018/08/03

МАН-ын Удирдах зөвлөл уржигдар хуралдсан билээ. Нийт 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хурлын ирц 100 хүрээгүй гэдгийг эх сурвалж хэлэв.

Хуралдаанаар цаг үеийн асуудлыг хэлэлцэж, УИХ-ын 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн оролцох нэр дэвшигчийг Бага хурлаараа тодруулах шийдвэр гаргажээ.

Тодруулбал, МАН ээлжит Бага хурлаа ирэх даваа гарагт буюу энэ сарын 6-нд хийхээр товоо тогтоосон байна.

Удирдах зөвлөлийн хуралдаанаар хоёр зүйл онцолж ярьсан буюу ээлжит бус чуулган зарлахыг шаардаад буй 60 тэрбумын хэргийн эзнийг олж, хариуцлага тооцуулах тухай асуудлыг ярилцаад Бага хурлаа зарлаж, авч хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.

Бас нэгэн асуудал нь УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийн тухай байжээ. Хэнтийгээс сонгогдсон Д.Гантулга гишүүнээсээ чөлөөлөгдснөөс хойш суудал нь эзгүй байгаа бөгөөд иймд 42 дугаар тойрогт нь нөхөн сонгууль явуулахаар болсон байгаа юм.

Тэгвэл нөхөн сонгуульд хэн оролцохоо товчхон ярилцсан бөгөөд ирэх долоо хоногт болох бага хурлаараа тодорхой ярихаар тогтжээ.

Гэтэл Хэнтийн тойрог дахь нөхөн сонгуулийг товлон зарласан УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн нэр бүхий иргэд үзэж Цэцэд гомдол гаргаад байгаа билээ.

Улмаар маргаан үүссэн учраас цаашид улс төр хэрхэн өрнөх талаар анхаарал татаж байна. Зарим гишүүд Хэнтийд нөхөн сонгууль явуулж их хэмжээний мөнгө зарлагдах шаардлагагүй гэж үзэж байгаа бол зарим нь энэ жил нөхөн сонгууль болохгүй бүтэн жил хойшилж магадгүй гэсэн байр суурьтай байгаа ажээ.

Дашрамд дуулгахад, дээрх УЗ-ийн хурлаараа МАН-ын хэвлэл мэдээллийн газрын даргаар 25 дугаар суваг телевизийн А.Энхзулыг албан ёсоор томилсон байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна