Харааны бэрхшээлтэй иргэд цахимаар мэдээлэл авах боломжтой болно

Харааны бэрхшээлтэй иргэд цахимаар мэдээлэл авах боломжийг эрэлхийлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн хүртээмжийг сайжруулах семинар боллоо.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 47 дугаар тогтоолд зааснаар “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого 2017-2025”-ын 3.4.5 дэх хэсэгт “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ” гэсэн зорилт тусгасан байдаг байна. Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэний мэдээллийн хүртээмжийн тухай семинар “Holiday Inn” зочид буудлын хурлын танхимд өнгөрсөн долоо хоногт боллоо.

Семинарт Телевизүүдийн холбоо, цахим сайтуудын холбоо, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-ууд, тусгай хэрэгцээт боловсролын байгууллага, харилцаа холбооны компаниуд гэх мэт 80 орчим хүний бүрэлдэхүүнтэй байв. Энэ удаагийн семинараар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн хүртээмжийг сайжруулах чиглэлд бодит арга хэмжээ авахын тулд телевизийн мэдээ дэх дохионы хэл хадмал бичгэн тайлбар нэмэх болон цахим хуудасны хүртээмжийг сайжруулах дээр төвлөрч ажиллах зорилго бүхий уулзалт болж өнгөрлөө.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийг­мийн амьдралд оролцоход нь барилга байгууламжийн түгээмэл загвар, мэдээлэл, харилцаа холбооны хүртээмжийн асуудал маш чухал байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцоо бүхий нийгэмд өөрсдийн эрхээ бүрэн дүүрэн эдлэхэд орчин, нийтийн тээвэр, мэдлэг, мэдээлэл болон харилцааны хүртээмжийг бүрдүүлж өгөх шаардлагатай билээ.

Монголын нийгэмд цахим орчин эрчимтэй хөгжиж байна. Тиймээс  хөгжлийн бэрхшээлтэй иргэд цахимтай харилцах зайлшгүй шаардлага үүсээд байгаа юм. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэд дундаас харааны бэрхшээлтэй иргэд технологи дээр ажиллах боломж нөхцөлийг нь бүрдүүлж өгөхөд нэн тэргүүн анхаарах шаардлагатай гэдгийг тус семинарын үеэр онцолж байлаа.

Харааны бэрхшээлтэй иргэд цахим мэдээллийн сайтаас мэдээлэл авах боломж яг одоогийн байдлаар огт байхгүй байгааг мөн онцолж байсан юм. Тиймээс харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан цахим мэдээллийн сайтуудад “WCAG2.1” программыг нэмж оруулах талаар хэлэлцэж, тухайн ажлыг хэрэгжүүлэхэд Монголын хараагүйчүүдийн холбооноос туслалцаа үзүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Өнгөрөгч оны Үндэсний статистикийн хорооны судалгаагаар Монголд нийт 46 958 төрөлхийн, 58 733 олдмол хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас харааны бэрхшээлтэй 11 519, сонсголын бэрхшээлтэй 8439 иргэд байдаг. Эдгээр иргэдэд мэдээ, мэдээлэл авах эрхийг хангах нь хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг юм. Цахим мэдээллийн сайтын хүртээмжийг сайжруулахад цахим хөгжүүлэгч програм болох “Dreamweaver”, “Wordpress” програм­мууд дээр ажиллах шаардлагатай юм байна. Цахим мэдээллийн сайтууд харааны бэрхшээлтэй иргэдэд мэдээлэл хүргэхдээ хуудасны гарчиг, хуудасны бүтэц, өнгөний тодосголт, зургийг тайлбарласан текст, энгийн бүтэцтэй хүснэгт, линкийн тайлбар, үсэг зургийн хөдөлгөөнт мэдээлэл, видеонд бичигт тайлбар дээр анхаарах хэрэгтэй байдаг байна. Тэгвэл телевизийн мэдээллийг хүргэхдээ сул сонсголтой болон огт сонсголгүй иргэнд зориулсан хадмал тайлбар, дохионы орчуулга, дуут тайлбарыг нийтлэл нэвтрүүлэгтэй оруул­сан байх ёстой аж. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд мэдэх, мэдээлэл авах өргөн боломж нээгдэнэ хэмээн үзжээ. Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөлд Япон улсын “ЖАЙКА” олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран оролцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн хүртээмжийг сайжруулахад туршлага, судалгаа солилцон ажиллаж байгаа юм.