Зургаан настай Д.Үйлстөгөлдөр аварга болжээ

Япон Улсын Ибараки мужийн соробангийн аварга шалгаруулах 34 дүгээр тэмцээнд Монголын соробангийн холбооны дэргэдэх “Монгол соробан” сургалтын төвийн 6-13 насны 22 сурагч амжилттай оролцоод иржээ.

Ибараки муж нь гурван сая хүн амтай бөгөөд оюун ухааны спорт болох соробангаар хичээллэгч хүүхдүүд нь Япондоо дээгүүрт ордог аж.

Энэ жилийн тэмцээнд зургаан насны ангилалд 22 хүүхэд оролцосноос хоёрдугаар ангиас доош насны ангилалд зургаан настай Д.Үйлстөгөлдөр түрүүлж, алтан медаль хүртжээ. Мөн өөр өөрийн насны ангилалд Э.Энэрлэн, Т.Тулга, Г.Чинзориг, А.Ану, Э.Ану-Үжин нар II байрт, Г.Нандин-Эрдэнэ, В.Анужин, Б.Анужин, С.Сийлэг, Ш.Урангоо, Б.Энх-Үржин нар III байрт тус тус шалгарсан байна.

Тэмцээнд амжилттай оролцсон баг ирэх долдугаар сарын 30-нд Токио хотноо болох Бүх Японы соробангийн аварга шалгаруулах 38 дугаар тэмцээнд оролцоно.