Хөтлөгч С.Халиунаа экстрим спортоор дэлхийд хүч үзэж явна

С1 телевизийн хөтлөгч, сэтгүүлч С.Халиунаа экстрим спортоор хичээллэдгийг хүмүүс төдийлөн мэдэхгүй байх. Ууланд алхдаг, адирдаг, түргэн урсгалт голын завиар хичээллэж хоёр дахь удаагаа дэлхийн аваргын тэмцээнд оролцож байгаа гээд л. Телевизийн их ажлын хажуугаар спорт тэр дундаа экстрим спортоор хичээллэж мэргэжлийн тамирчин болсон байна.

Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа ийн өгүүлжээ.

“Экстрим спорт сонирхдог хүсэл сонирхлоороо нэгдсэн 9 хүний бүхэлдэхүүнтэй байгуулагдаж байсан Монголын Раффтингын холбооныхон аялалдаа гарахад бэлэн боллоо.2013 оноос хойш Монгол улсдаа Раффтинг хэмээх түргэн урсгалт голын завины төрлийг хөгжүүлсээр ирсэн хамт олон маань Австрали улсад зохион байгуулагдаж байгаа Дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гэж байна.

2018 онд Япон улсад зохиогдож байсан Дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд оролцож байсан нь бидний хувьд нэр төрийн хэрэг байсан.Японы Раффтингын холбооныхон Монгол улс анх удаа оролцож байгаад баяр хүргээд ирээдүйн хүчтэй өрсөлдөгчид гэж харж байна гэж хэлэхийг сонсох сайхан байсан. Миний амьдралын аяллын сайхан түүхүүдийг бичилцэж байдаг энэ хамт олноороо бахархдаг.

Олон ч аялалд бид хамт явжээ. Энэ удаа Дэлхийн аваргын тэмцээнд явах болсондоо туйлын баяртай байна. Хэдийгээр багийн спортыг дэмжинэ гэж хэлдэг ч тодорхой хэдхэн спортыг түлхүү дэмждэг нь жаахан тиймхэн л санагддаг. Шинэ тутамд хөгжиж байгаа спортын төрлүүдээ дэмжээд яваасай л гэж хүсдэг. Тэглээ гээд бид зүгээр суугаагүй. Энэ спортыг хөгжүүлэхийн төлөө ажиллах болно.Монгол улсын минь нэр 2 дахь удаагаа Дэлхийн аваргын тэмцээнд бичигдэх нь ээ. Дараа дараагийн тэмцээнийг дэмжин ажиллана гэсэн компаниуддаа баярлалаа. Бидний зарим нислэгийн зардлыг ивээн тэтгэж байгаа МИАТ компанидаа баярлаллаа. Би нь С1 телевиз рүүгээ мэдээлэл байнга явуулж байх болно” гэжээ.