Шаардлага хангахгүй караоке баар ихэсчээ

Улаанбаатарт соёл, урлагийн сургалт, цэнгээнт үйлчилгээний зөвшөөрөл жилдээ 300 орчим гардаг байна. Үүний 200 нь караоке. Манайд зөвшөөрөл олгодог, хяналт хийдэг байгууллагууд нь өөр хоорондоо уялдаа холбоо муутай ажилладаг. Үүний тод жишээ нь орон сууцны нэгдүгээр давхарт болон нийслэлийн захын дүүргээр байрлах караокенууд юм.

Төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдал, танил тал, хээл хахууль өнөөх болдоггүйг ямар ч аргаар хамаагүй болгочихдог жишгийг улам гааруулсаар. Ямартай ч оршин суугчдын тав тухыг ихээр алдагдуулдаг орон сууцны нэг давхрын үйлчилгээний газруудтай холбоотой асуудал болон орон сууцтай хэт ойролцоо байрлах үйлчилгээний шаардлага хангахгүй караоке газрууд олон болж иргэдийг бухимдуулж байна.

Харин төрийн байгууллагууд хэрхэн хамтарч ажиллаж, ямар шат дарааллаар цэгцлэх нь одоогоор тун бүрхэг байна. Угтаа бол энэ төрлийн үйл ажиллагаа явуулж буй газрууд үйлчилгээний стандартыг өндөрөөр сахин баримталж явуулах хэрэгтэй ч хотын захын дүүргүүдэд жижиг газруудад үйлчилгээний стандарт гээч зүйл нэг ч алга гэхэд болно.

Үүний нэг жишээ нь нийслэлийн Сонгино Хайрхан дүүргийн бүс нутаг гэж хэлж болно. Ганц жишээ дурьдахад тус дүүргийн зөвхөн 19-р хороонд л гэхэд баар болоод караоке нэртэй иргэдийг архидуулах газруудыг автобусны буудал, орон сууцны нэгдүгээр давхар гээд өнцөг булан бүрээс харж болно. Иргэдийг таатай орчинд тухтай үйлчилгээний соёлтой газруудаар үйлчлүүлж байвал хэлэх зүйл алга. Гэтэл энэ дүүргийн уушийн газрууд хэтэрхий мөнгө харж, иргэдийг зүгээр л архинд оруулах гэсэн зорилготой мэт.

Уг нь бол энэ төрлийн газрууд нь үйлчилгээний стандартыг хангаж, тохилог таатай орчинд бүрдүүлж, үйлчлүүлэх ёстой атал тийм зүйл байхгүй.

Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд л жишээг дахин дурьдвал тус бүс нутгийн 5 орцтой нэг байрны зөвхөн ганц орцны харалдаа л гэхэд хоёр зочид буудал, гурван үйлчилгээний төв, долоон караоке бие биенийхээ өөдөөс харан үйл ажиллагаа явуулж байх жишээний. Энэ бүх газраар үйлчлүүлсэн иргэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, орон сууцны иргэдийн аюулгүй байдал, тав тухыг үргэлж алдагдуулна. Харин энэ бүхэнд цагдаагийн хяналт ч алга. Энгийн нэг жишээг дүрс бичлэгээс харуулахад энэ байна.

Ойр орчимд байгаа орон сууцны орц руу согтуу иргэд орж тамхи татах, булан тохиод нь шүлс, шээх гэх мэт үзэгдэл энгийн. Зодоон, хашгиралдах гэх мэт зүйл байнга л өдөр тутам гарна. Энэ мэтээр шөнө оройн цагаар иргэд гэртээ ч орохдоо айдастай байх болжээ. Ганцхан байрны эргэн тойрны байдал иймэрхүү байхад тус дүүргийн хамаарал бүхий албаныхан энд анхаарал хандуулах хүн алга.

Иргэдийн амгалан тайван байдлыг алдуулаад байгаа эдгээр газрын талаар гомдол мэдүүлэхээр зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг гэх үгээр ам тагладаг.

Түүнчлэн Нийслэлийн Захирагчийн албанаас стандартын шаардлага хангахгүй энэ мэт жижиг караоке баарнуудад үйлчилгээ явуулах эрхийг олгохоос татгалзах хэрэгтэй. Түүнчлэн Нийслэлийн соёлын газар ч зөьшөөрөл олгосон газруудаа эргэн харж хяналт тавин арга хэмжээ авах хэрэгтэй болов уу.

Тэгэхгүй бол иргэдийн амар тайвныг эвдсэн караоке газруудын байдал хэрээс хэтэрлээ. Иргэдийн чөлөөт цагийн зөв боловсон өнгөрүүлэх газрууд хэдий байх хэрэгтэй орон сууцны дунд байрлах энэ мэт жижиг газруудыг шат дараалан цөөлж, зохих дүрмээ биелүүлэхийг холбогдох эрх мэдэлтнүүдэд уламжилж байна.