ОРОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨВ

ОХУ дахь Монголчуудын Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 05 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Москва хотын “Новая лига” спортын ордонд болов.

Жил бүрийн хавар, Аугаа эх орны дайны ялалтын өдрүүдийн үеэр болдог энэхүү уламжлалт арга хэмжээний 11 дэх удаагийн тэмцээнийг “Улаанбаатар төмөр зам” (УБТЗ) хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 70 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам, УБТЗ-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Москва хот дахь Төлөөлөгчийн газар, ОХУ дахь Монголын оюутны холбоо, МЗХ-ны “Ле мон” клуб, НАМЗХ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулав.

Уг тэмцээнд нийтдээ 24 баг оролцсон бөгөөд эрэгтэйчүүдийн тэмцээнд “Гэрэгэ-Лок” баг, эмэгтэйчүүдийн тэмцээнд “Гэрэгэ” баг тус тус аварга болж, эрэгтэйчүүдийн тэмцээний  хоёр, гуравдугаар байрыг  “Мөнхтэнгэр”, “Аврагч” багууд, эмэгтэйчүүдийн тэмцээний хоёр, гуравдугаар байрыг  “Санхүүгийн их сургууль”, “Мөнхтэнгэр” багууд  тус тус эзэлжээ.

Тэмцээний эрэгтэй шилдэг тоглогчоор “Гэрэгэ-Лок” багийн довтлогч н.Намхайжанцан, эмэгтэй шилдэг тоглогчоор “Гэрэгэ” багийн тоглогч М.Хэрлэн, Өсөх ирээдүйтэй тамирчнаар Оросын тээврийн их сургуулийн оюутан Б.Өлзийбат нар тус тус шалгарсан байна.

Уг арга хэмжээний үеэр Монголын Залуучуудын холбооны Тэргүүний залуу алтан медаль хүртсэн О.Е. Кутафины нэрэмжит Москвагийн Хуулийн улсын их сургуулийн оюутан Э.Аззаяа, Монголын Оюутны холбооны дээд шагнал, Манлайлагч оюутан алтан медаль хүртсэн Оросын удирдлагын их сургуулийн оюутан А.Мөнхжин, УБТЗ-ын Тэргүүний залуу цол, тэмдэг хүртсэн Оросын Тээврийн их сургуулийн оюутан Д.Мөнх-Очир нарт шагналыг нь Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч О.Очирмаа, УБТЗ-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Москва дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн М.Цогт, ОХУ дахь Монголын оюутны холбооны тэргүүн Б.Зориг нар гардуулав.

Түүнчлэн спортын сагсан бөмбөгийн төрөлд гаргасан амжилтаараа спортын мастер цол хүртсэн 2, спортын дэд мастер цол хүртсэн 3, спортын нэгдүгээр зэрэг хүртсэн 1 тамирчинд цолны тэмдэг, үнэмлэхийг нь тус тус гардуулжээ.