АНУ-ын төр, хувийн хэвшлийнхэн Монголд айлчлахаар төлөвлөж байна

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Ази, Номхон далайн бүсийн Америкийн худалдааны танхимуудын зөвлөлийн  тэргүүн, Монгол дахь Америкийн худалдааны танхимын гишүүн Жаксон Коксыг хүлээн авч уулзлаа.

Монгол дахь Америкийн худалдааны танхим /AmCham/-нь Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, тэр дундаа өрсөлдөх боломжтойд тооцогдож байгаа Монголын Хөдөө аж ахуйн салбарт анхаарал хандуулан ажиллаж байгааг ноён Жаксон Кокс тэмдэглэв.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, АНУ-ын Конгресст улс хоорондын худалдаатай холбоотой хуулийн төслийг хэлэлцэхэд нарийн төвөгтэй үйл явц өрнөдөг, гэсэн ч Монголын талаас санал болгосон “Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль”-ийн төслийг АНУ-ын Конгресс хэлэлцэх хүртэл нь дэмжсэн явдалд талархал илэрхийлэв. Энэхүү хуулийн төсөл батлагдвал Монголын Хөдөө аж ахуйн гаралтай, хөнгөн үйлдвэрлэлийн бүтээгдэнүүний экспортын өсөлтөд эерэгээр нөлөөлж, ноос, ноолуурын салбарын хөгжилд бодитой дэмжлэг болохыг онцоллоо.

Ирэх сарын дундуур АНУ-ын хувийн хэвшил, төр захиргааны ажилтнуудын өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Монголд айлчлахаар төлөвлөж байгааг ноён Жаксон Кокс мэдээллээ.

Эх сурвалж: ГХЯ