Газрын зөрчил арилгах арга хэмжээг гудамж, зам талбайн бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна

Нийслэлийн удирдах ажилтнуудын улиралд нэг удаа зохион байгуулдаг өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн өчигдөр Соёлын төв өргөөнд боллоо.

Зөвлөгөөний үеэр нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Хашаа хайс” нэгдсэн арга хэмжээний хэрэгжилт, үр дүнгийн талаарх мэдээллийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай танилцууллаа.

“Хашаа хайс” нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийт 102 байршилд газар чөлөөлөхөөр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар Чингэлтэйд 14, Баянголд 21, Баянзүрхт 16, Сүхбаатарт 16, Хан-Уулд 3, Сонгинохайрханд 13 нийт 83 байршилд газар чөлөөлөх ажлыг хийгээд байна.

Цаашид хашаа, хайс чөлөөлөх ажлын хүрээнд өмчийн газруудыг бүртгэлжүүлж, хамгаалалтад авах, хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын хүрээнд гудамж, зам талбай бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулж хийх, иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах гэрээ буюу эрх зүйн бичиг баримтыг шинэчлэн өөрчлөх, иргэн, хуулийн этгээд, олон нийтэд мэдээллийг хүртээмжтэй, нээлттэй хүргэж, тэдний оролцоог ханган, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлж ажиллахад чиглүүлж ажиллахаар төлөвлөөд байна гэж нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээлэв.