2024/11/25

Азийн сайд нарын хурлын үеэр ажилласан сайн дурынханд талархал илэрхийлэв

info@inder.mn
2018/07/10

Улаанбаатар хотноо энэ сарын 3-6-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан Азийн сайд нарын бага хурлын үеэр идэвх зүтгэл гарган ажилласан Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн 250 сайн дурын ажилтнуудад  Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, МУЗН-ээс талархал илэрхийллээ.

Энэ үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Мами Мизүтори, МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нарын гарын үсэг бүхий “Талархлын бичиг”-ийг  Шадар сайдын Ажлын албаны дарга Л.Саянаа, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар сайн дурын ажилтнуудад гардуулан өгсөн байна.

Азийн сайд нарын бага хуралд гадаадын 3000 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж оролцсон бөгөөд тэднийг “Буянт-Ухаа” нисэх буудалд газардахад нь угтан авахаас эхлээд хурлын үйл ажиллагаанд оролцох үеэр туслалцаа үзүүлэх, буцахад нь үдэж мордуулах гээд Монгол Улсад байх бүхий л хугацаанд хэлмэрчлэх, газарчлах болон бусад ажил хэрэгч үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхэд сайн дурын ажилтнууд буюу Монголын их, дээд сургуулийн оюутнуудын гүйцэтгэсэн үүрэг маш их байсныг Шадар сайд Ө.Энхтүвшин онцлон тэмдэглэж, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэн талархал дэвшүүлсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна