Хүүхдийн зуслан нэг өдрийн 30-35 мянган төгрөгийн төлбөртэй байна

Ерөнхий боловсролын сургуулиуд амарсан энэ үед зуны урин дулаан цагийг үр дүнтэй өнгөрүүлэхийг эрэлхийлж зусланг зорих хүүхдийн тоо өдөр ирэх бүр өсөн нэмэгдэж байдаг. Үүнтэй холбогдуулан үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй зуслангууд, тэдгээрийн хяналт шалгалт, үнэ тарифын талаар нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын мэргэжилтэн Г.Ариунгэрэлтэй ярилцлаа.

-Нийслэлийн хэмжээнд хэчнээн зуслан үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

-Нийслэлийн хэмжээнд 35 зуслан байдаг. Үүнээс 21 зуслан үйл ажиллагаа явуулах эрхтэй. Хамгийн түрүүнд Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан зургаадугаар сарын 3-наас эхлэн амрагчдаа хүлээн авч эхэлсэн. Бусад хүүхдийн зуслангуудын үйл ажиллагаа өчигдрөөс эхэлсэн. Үйл ажиллагаа явуулах эрхээ авсан хэдий ч амрагч хүлээн авах эсэх нь тодорхойгүй зуслангууд ч байна.

Тухайлбал, “Хөгжилтэй англи хэл” хүүхдийн зуслан энэ жил амрагч хүлээн авахгүй хэмээсэн бол Төмөр замын харьяа “Хандгайт” зуслангийн засвар шинэчлэлийн ажил дуусаагүй байгаагаас хэзээ амрагч хүүхдүүдээ хүлээн авах болон үнэ тариф, амралтын ээлжийн хуваарь нь тодорхойгүй байгаа.

-Эцэг, эхчүүд зөвшөөрөлгүй зусланд хүүхдээ хамруулсан бол хаана хандах ёстой вэ?

-Тухайн зуслангаас ямар нэгэн зөрчил илэрсэн бол нийслэлийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газарт мэдэгдэх боломжтой.

-Энэ жил зуслангийн үнэ тариф нэмэгдсэн байгаа талаар иргэд ярьж байна. Үнэ ханшийн тухайд хэдээс хэдэн төгрөгийн төлбөртэй байхаар тусгагдсан бэ?

-Зуслангийн үнийн тарифыг нийслэлийн Хүүхэд, гэр бүл залуучуудын хөгжлийн газраас тогтоодог. Энэ жилийн хувьд зуслангууд өдрийн 30-35 мянган төгрөгийн ханштай байна. Өөр улс орны хүүхдүүд 30-35 ам.доллар буюу 80 мянган төгрөгийн төлбөртэйгөөр амрах боломжтой. Нийслэлийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Монголын үндэсний зуслангуудын холбоотой хамтран хүүхдийн зуслангийн захирлуудтай уулзалт хийдэг.

Энэ уулзалтаар нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын тушаалаар хүүхдийн зуслангийн үнэ тарифыг баталдаг юм. Тухайн зуслангийн ээлж хэд хоногтой гэдгээс хамаарч, харилцан адилгүй төлбөр төлнө. Гэхдээ ихэнх зуслангууд хоногийн 31, 32 мянган төгрөгөөр амрагчдаа хүлээн авч байна лээ. Ойролцоогоор долоо хоногийн 210-240 мянган төгрөгийн үнэтэй гэсэн үг.

-Төлбөр нэмэгдэхэд юу нөлөөлсөн гэж үзэж байна?

-2018 онд хүүхдийн зусланд амрах тариф өдрийн 28-30 мянган төгрөгийн үнэтэй байсан. Энэ жил үнийн өсөлттэй холбоотойгоор хүүхдийн зуслангийн төлбөр нэмэгдсэн байгаа.

-Нэг зусланд хэчнээн хүүхэд хамрагдах боломжтой байдаг вэ?

-Ер нь хүчин чадлаасаа хамаараад нэг ээлжиндээ 60-300 хүүхэд элсүүлдэг байгаа.

-Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас хүүхдийн зуслангуудад хэрхэн хяналт тавьж ажилладаг вэ?

-Байгууллагынхаа үйл ажилла-гааны чиглэлийн дагуу хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийн хөтөлбөр, хүүхэд хамгааллын аюул-гүй байдал, орчны гэсэн чиглэлүүдээр шалгалт хийдэг. Үүнээс гадна хаяг реклам, үүдний хэсэг хүүхдийн аюулгүй байдлыг хангасан цардмал талбай, спортын талбай байр хоорондыг холбосон явган хүний зам, зуслангийн орчин, харилцаа холбоо, өрөөний тавилга хэрэгсэл, спорт тоглоомын хэрэгсэл, тоглох талбайн нөхцөл байдлыг хянаж шалгадаг юм.

Спорт тоглоомын талбай, спортын хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдал, соёл урлагийн арга хэмжээнүүд зохион байгуулах талбайтай эсэх. Мөн хөгжмийн зэмсгүүд байгаа үгүйд хяналт тавьдаг. Шалгалт хийж буй байгууллага бүр өөр өөрийн онцлогтой. Цагдаагийн байгууллага хүүхдүүдийн аюулгүй байдал, харуул хамгаалалт, хүүхдэд ямар нэгэн асуудал гарвал төв суурин газар руу хэр хурдан хугацаагаар холбогдох боломжтой вэ зэрэг бүхий л зүйлсийг шалгана.

Харин эрүүл мэндийн байгууллага хүүхдүүдийн амьдрах орчин, эрүүл ахуй, анхан шатны тусламж үзүүлэх эмч, сувилагч нь мэргэшсэн эсэхэд хяналт тавина. Мэргэжлийн хяналтын газар барилга байгууламжийн чанар, насжилтыг шалгана.

Онцгой байдлын газар гэнэтийн ослын үед ашиглах багаж хэрэгсэл зэргийг шалгана. Шалгаж байгаа үйл явц нь хүүхдийн зуслангийн ерөнхий шаардлагын стандартад нийцсэн үгүйг л хянаж байгаа үйл явц юм. Унтахад нь хувцсыг нь эвхүүлэх, цаг тнь унтуулах зарчмаар ажилладаг. Зөвшөөрөл бүхий зуслангуудад хяналт шалгалт хийсэн. Ямар нэгэн зөрчил илрээгүй үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрэн хангасан гэж үзэж байгаа.

-Зуслангууд мэргэжлийн багш удирдлагаар хэр хангагддаг вэ. Хүүхдийн хөгжих орчин бүр-дүүлэлт ямар түвшинд байдаг юм бэ?

-Мэргэшсэн багш удирдлагуудаар хангагдаж чаддаг. Манайх бүлгийн удирдагч багш нарт зориулсан мэдээ мэдээлэл өгөх, мэргэжлийн сертификат олгох сургалт зохион байгуулдаг юм. Багшийн мэргэжлээр их сургууль төгссөн хүмүүсийг багшаар ажиллуулдаг. МУБИС-тай гэрээ хийснийхээ дагуу, багш дадлагажуулах хэлбэрээр мөн багшаа сонгож авдаг. Хүүхэд хөгжлийн хөтөлбөр сайн. Хүүхдүүдийг өглөө алхуулахаас эхлээд хүүхдийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжиж байгаагийн илрэл.

-Энэ жил шинээр хүүхдийн зуслан нээгдэж байгаа юу?

-Манай байгууллагад одоогийн байдлаар бүртгүүлсэн, мэдээлсэн шинэ хүүхдийн зуслан байхгүй.

-Өнгөрсөн жилд хэчнээн хүүхэд зусланд амарч, үйлчлүүлсэн бэ. Зуслангуудад хүүхэд хөгжлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр ямар үр дүн гарсан бэ?

-Өнгөрсөн жилийн хувьд хүүхдийн зусланд давхардсан тоогоор 23 мянга гаруй хүүхэд амарсан. Энэ тоог өмнөх жилүүдтэй харьцуулахад эрс нэмэгдсэн үзүүлэлт гарч байгаа юм. 2016, 2017 онуудад 17 мянга гаруй амрагчид хүүхдийн зусланд амарч байсан бол 2018 онд 23 мянга болж өссөн байна. Учир нь өнгөрсөн 2018 онд төрөөс хүүхдийн зуслангуудад хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтийг өгч эхэлсэн.

Зуслангийн хөгжлийн хөтөлбөрт санхүүжилт олгосноор амрагч хүүхдүүдэд зөвхөн хоол унд өгч, амраах бус хөгжүүлэх олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах боломжтой болсон. Мөн зусланд амарч буй хүүхдүүдийн тоо өсөхөд их нөлөөлсөн. Наад зах нь спортын нэг төрөл тэмцээн уралдаан зохион байгуулдаг байсан бол 2-3 төрөл болж нэмэгдэх жишээтэй.

Төсвийн хувьд манай дээд агентлаг болох Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт нийт 180 гаруй сая төгрөгийг төсөвлөсөн. Өнгөрсөн жил 15 зуслан 80 орчим сая төгрөгийн хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилт авч, зарцуулсан.

-Эцэг, эхчүүдэд хандаж ямар зөвлөгөөг өгөх вэ?

-Хүүхдийг бүх талаар нь хөгжүүлдэг газар бол зуслан. Ингэснээр хүүхэд өөрөө бие даах чадварт маш сайн суралцаж чаддаг. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ сонирхлыг дэмжиж хүүхдээ сонсож насны онцлогт нь тохирсон зусланд хамруулахад нь анхаарах нь зүйтэй. Зусланд явсан хүүхдүүд архи, тамхи хэрэглэх муу зуршилтай болдог гэх сөрөг ойлголт зарим эцэг, эхчүүдийн дунд бий. Огт тэгж бодох хэрэггүй. Таны хүүхэд зусланд хамрагдсанаар илүү хөгжих болно гэж зөвлөе. Тиймээс хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг битгий хязгаарлаарай.