“Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх” төслийг хэрэгжүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран “Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх”, “Мэдээллийн технологийн шинэлэг шийдлээр хөдөө аж ахуйн өртгийн сүлжээний үр ашиг, мөрдөн мөшгөх тогтолцоог сайжруулах”-төслийг хэрэгжүүлнэ. Энэхүү төслийн баримт бичигт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа нар гарын үсэг зурлаа.

“Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх төсөл”-ийн хүрээнд бог болон бод малын гарал үүсэл, шилжилт хөдөлгөөн, үржил селекци, эрүүл мэндийн мэдээллийг бүртгэх, хянах үндэсний хэмжээний мэдээллийн системийг хөгжүүлж нэвтрүүлэх бол “Мэдээллийн технологийн шинэлэг шийдлээр хөдөө аж ахуйн өртгийн сүлжээний үр ашиг, мөрдөн мөшгөх тогтолцоог сайжруулах төсөл”-ийн хүрээнд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох мөрдөн мөшгөх тогтолцоог блокчейн технологиор дамжуулан бүртгэх, хянах боломжийг судлан турших юм.

“Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх” төсөл ”Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Уянга, Баянгол, Гучин ус зэрэг 4 суманд хэрэгжүүлэх бөгөөд нийт 190,0 мянган малыг ялган тэмдэглэж, бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулан орон нутгийн махны үйлдвэртэй хамтран 2019 оны 06 дугаар сараас 2020 оны 02 дугаар сар хүртэл үргэлжилнэ. Мал, малын гаралтай бүтээгдэхүүний нөөц, хангамж, чиг хандлагыг тодорхойлох, тэдгээрийн чанар аюулгүй байдалд бүртгэлээр дамжуулан хяналт тавих боломж бүрдэнэ.

Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын үр ашиг, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, малын эрүүл мэндийн хяналтыг сайжруулах, экспортын чиг баримжаатай болгон хөгжүүлэх, хүнсний аюулгүй байдлын хяналтыг сайжруулах, хүн амыг эрүүл хүнсээр хангах зорилготой юм. Эдгээр төсөл нь буцалтгүй тусламжийн техник туслалцааны төсөл юм.