Шанхай хотод хог боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэнэ

БНХАУ-ын Шанхай хотод ахуйн хог хаягдлыг шатааж, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барьсан талаар урд хөршийн CCTV мэдээллээ. 

18.9 га талбайг эзэлсэн дээрх үйлдвэр өдөр бүр 6000 тонн хаягдлыг хүлээн авч боловсруулна гэж төслийг хэрэгжүүлэгч “Шанхай Чэнтоу” группээс мэдэгдэж буй. Мөн хог хаягдлаас гаргаж авах авах эрчим хүчний хэмжээ жилдээ 1.5 тэрбум киловатт цагт хүрнэ гэсэн урьдчилсан таамгийг гаргаад байгаа юм. Тус үйлдвэрийг ирэх есдүгээр сараас туршиж, 2020 оны эхээр бүрэн хүчин чадлаар ашиглалтад оруулж, эрчим хүч үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байна.

Дашрамд өгүүлэхэд, энэ сарын 1-нээс Шанхай хотод хог хаягдлыг нарийвчлан ангилах журам хэрэгжиж эхэлсэн бөгөөд дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг ч дотор нь хуурай, нойтон гэх мэтээр ялган хүлээж авах юм. Ахуйн хаягдлыг ийнхүү нарийвчлан ялгаагүй тохиолдолд захиргааны хариуцлага тооцно гэдгийг ч иргэддээ анхааруулж байгаа аж.