“Далай ээж”-ээ хамгаалъя

Монгол Улсын цэвэр усны хамгийн том нөөц Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэх, хамгаалах зорилгоор “Далайн ээж” эко аян зохион байгууллаа.

Тус аянд Монгол Улсын болон олон улсын зураач, дуучин, хөгжимчид, байгаль хамгаалагч, идэвхтэн судлаачид оролцсон 50 хүн нэгдэж урлаг соёлын тоглолт, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулжээ. Мөн энэ сарын 14-нд Хөвсгөл нуурт “Д.Сүхбаатар” хөлөг онгоц дээр урлагийн тоглолт хийж, “Далай ээж”-ээ хамгаалахыг уриалсан байна.

Хөвсгөл нуур нь манай улсын цэвэр усны нөөцийн 70 хувийг агуулдаг. Гэтэл өдөр ирэх тусам бохирдсоор байгаа юм. Жишээ нь ойр орчимд нь уул уурхайн ажил эхлүүлж, машинаа живүүлэх зэргээр бохирдуулсаар байгаа нь харамсалтай. Нууранд 30-40 машин живсэн гэсэн судалгаа байна.