Өнөөдөр “Аавуудын баярын өдөр” тохиож байна

Монгол Улс 2005 оны наймдугаар сарын 8-аас эхэлж Аавуудын баярын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай болсон. Монголын эрэгтэйчүүдийн холбооноос анх санаачлан зохион байгуулж ирсэн энэхүү уламжлалт баярын өдөр өнөөдөр тохиож байна.

Анх 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Додд нэртэй охин өөрийн аав Смартад зориулж энэ өдрийг бий болгожээ. Түүний ээж бага дүүг нь төрүүлэхдээ насан эцэслэсэн бөгөөд тэр цагаас аав нь таван хүүхдээ ганцаараа тэжээсэн ачлалтай аав аж.

Харин 1966 онд АНУ-ын ерөнхийлөгч энэ өдрийг албан ёсоор “Аавуудын баярын өдөр” болгон зарлажээ. Ерөнхийдөө дэлхий дээр 20 гаруй улс энэ баярыг тэмдэглэдэг юм.

Манай улс 2003 онд “Монголын эрэгтэйчүүдийн холбоо” -г байгуулсан байдаг. Тус холбооноос 2005 оноос хойш “Аавуудын баяр”-ыг зохион байгуулж ирсэн уламжлалтай ажээ. Ингээд айл гэрийн ноён нуруу, эх орны түшиг тулгуур болсон бахархалт аавууддаа “Аавуудын баярын өдөр”-ийн мэндийг хүргэе ээ.