Бяцхан үрсээр зугаа хийхээ хэзээ болих вэ баячуудаа !!!

Хурдан морь унаач хүүхдүүдийн асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдсэнгүй. Өөрсдийн эрх ашиг, зугаа цэнгэлээ нэгдүгээрт тавьдаг төрийн түшээд шийдвэр гаргагчид энэ асуудалд арай л хойрго хандаад байх шиг.

Тэдэнд морь хүүхэд хоёрыг зовоож, өөрсдийгөө зугаацуулах нь л эрхэм бололтой. Унаач хүүхдүүдийн эрхийг хамгаалах, гэсэн сайхан нэр зүүж, сүржигнэгчид уг нь олон бий.

Гэхдээ тэдний хийсэн ажил хүрэх ёстой хүндээ хүрэхгүй байна. Өнгөрсөн амралтын өдрөөр болсон “Дүнжингарав-2016 уралдааны үеэр л гэхэд 16 хүүхэд морьноос унаж бэртсэн байна. Гэвч тэдний талаар мэдээлэл өгөхөөс холбогдох албан тушаалтнууд татгалзлаа. Хүүхдийн эрх зөрчигдөж байхад тэд ингэж хэлээд суух эрхтэй юу.

Уг нь Монгол Улсын хүний эрхийн  үндэсний комисс,  Монголын Хуульчдын холбооны Олон улсын эрх зүйн хороо, Эрх зүйн судалгааны төв, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын хүүхдийн сантай хамтран хаврын хурдан морины уралдаан дахь хүүхдийн эрхийн асуудалд судалгаа хийжээ.

Тэд унаач хүүхдийн эрхийн эрх зүйн байдлыг тодорхой болгож олон улсын гэрээ конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлэх үүднээс хурдан морь унахад тохиромжтой заалтуудыг гаргасан байна.

Үүнд бие бялдар, нас, оюун ухааны хувьд өөрийн болоод бусдын үйлдлийг ойлгох, өөрт үүсч болох эрсдэлийг бүрэн ойлгож ухаарах насанд хүрсэн үед нь хаврын хурдан морины уралдаанд оролцуулдаг болох хэрэгтэй гэсэн зөвлөмжийг гаргажээ.

Өөрөөр хэлбэл 16-наснаас дээш насныхан хаврын хурдан морины уралдаанд оролцдог байна гэсэн үг. Учир нь хаврын хурдан морины уралдаан нь хамгийн эрсдэл ихтэй.  Гэвч  төр барьж, шийдтэр гаргагчидад энэ заалт хамаагүй бололтой.

2013 онд  гэхэд  8148 хүүхэд морь унаж 958 хүүхэд уралдааны үед мориноос унаж, 916 хөнгөн, 34 нь хүндэвтэр, 4 нь хүнд гэмтэл авч, 6 нь харамсалтайгаар  амиа алдсан байдаг.

Энэ бүхнийг гол асуудал нь манайд хурдан морь унаач хүүхдийг эрх зүйг хамгаалсан байгууллага байхгүйн дээр энэ асуудалд анхаарал хандуулах дургүйд учир нь оршиж байна. Өөрсдийн хүүхдээ тахин шүтэж утаатай нийслэлд байлгахгүй гэж цэмцэгнэдэг баячуул ардын хүүхдийн амь насаар хэдий  болтол наадах вэ.

www.inder.mn