Гадаад харилцааны яамны “Нээлттэй өдөрлөг” боллоо

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах өдөрлөгийн хүрээнд өчигдөр Гадаад харилцааны яамны “Нээлттэй өдөрлөг” Д.Сүхбаатарын талбайд амжилттай болов.

“Нээлттэй өдөрлөг”-ийг нээж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Дипломат корпусын ахлагч, Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов нар үг хэллээ.

Өдөрлөгийн үеэр Гадаад харилцааны яамны үйл ажиллагаа, онцлогын талаар иргэдэд таниулан сурталчилахаас гадна тус яамны Консулын газар иргэдэд баримт бичиг баталгаажуулах үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өглөө. Мөн Гадаад харилцааны яамны Төв архивт хадгалагдаж буй Их Монгол Улс болон Ил Хаант Улсын хаад 13 дугаар зуунд тухайн үеийн Ромын Пап лам нартай харилцаж байсан түүхэн 8 захидлын эх хуулбарыг анх удаа олон нийтэд дэлгэн үзүүллээ.

“Нээлттэй өдөрлөг”-т ГХЯ-наас гадна Монгол Улсад суугаа ОХУ, БНХАУ, АНУ, БНСВУ, ХБНГУ, БНКазУ, Куба, БНСУ, Турк, Франц, Энэтхэг, БНАСАУ, Япон, Аргентин, Перу, Бразил болон НҮБ, түүний төрөлжсөн болон олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв зэрэг байгууллага идэвхтэй оролцож, үйл ажиллагаагаа сурталчиллаа.

Өдөрлөгт оролцсон иргэд өөрийн сонирхсон болон шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг яамны ажилтнуудаас биечлэн авч, гадаад бодлого, үйл ажиллагаатай холбоотой санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, ярилцав. Иргэдээс гаргасан санал хүсэлт, зөвлөгөөг нэгтгэн анхаарвал зохих асуудлыг цаашдаа үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж ажиллахаа Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн илэрхийлэв.