Газар чөлөөлөлт хийсэн байршилд ногоон байгууламж байгуулна гэв

Тэрбээр Баянзүрх дүүрэгт өмчлөх гэрчилгээтэй хэдий ч 10 гаруй жил үйл ямар нэгэн бүтээн байгуулалт хийгээгүй, үйл ажиллагаа явуулаагүйгээс хогийн цэг үүсгэж, иргэдийн тав тухтай орчинд амьдрах эрхийг зөрчиж буй хоёр байршилд очсон юм. Эхнийх нь Баянзүрх дүүргийн XXV хороо, Шинэ монгол сургуулийн баруун урд, 152 дугаар байрны чанх ар талын хоосон хашаанууд байлаа.

Тус газрын хувьд өмчлөх гэрчилгээ гарсан байдаг хэдий ч ашигладаггүй, Газрын албанаас өмчлөх эрхийг авсан иргэнтэй холбоо барихад “Надад тийм газар байхгүй” гэсэн хариултыг өгдөг аж. Тэгвэл энэхүү хашаануудыг шууд буулгаж тухайн байршилд ногоон байгууламж, тоглоомын талбай барих ёстой хэмээн тэрбээр үзэж байлаа. Хашаан дотор гүнзгий нүх ухсан нь иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж, хүүхэд багачууд унаж амь эрстэх нөхцөл бүрдээд байгааг хэлж байв.

Мөн тэрбээр тус хороонд байрлах 256 дугаар цэцэрлэгийн зүүн тал, 71р байрны баруун талын хоосон хашааг буулгах талаар нийслэл дүүргийн Газар зохион байгуулалтын мэргэжилтэнд үүрэг чиглэл өгөв. Тус хашааны хувьд гүнзгий нүх ухаж орхисноос ус тунаж, бага хэмжээний нуур үүссэн байх бөгөөд хог, хаягдлаар дүүрч, өмхийрсөн байх аж.

Энэхүү хашаа байрлах газар иргэний өмчлөлд байдаг хэдий ч мөн л ашиглахгүй удсанаас ийм нөхцөл байдал үүсчээ. Иймээс тэрбээр уг хашааг буулган, ногоон байгууламж барих шаардлагатай хэмээн үзэж газар чөлөөлөлтийг дариу эрхлүүлэхийг холбогдох хүмүүст үүрэг болголоо.

Эх сурвалж: НИТХ