МОНГОЛЫН УРАН БҮТЭЭЛЧ, БАРИМАЛЧ А.ОЧИРБОЛД НОРДАРТ 2019-ЫН ДЭЭД ШАГНАЛЫН ЭЗНЭЭР ТОДРОВ

ХБНГУ-ын Бюделсдорф хотноо жил бүр уламжлал болон зохиогддог НордАрт-Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд Монгол Улс ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой, НордАрт Монгол Улсын хамтын ажиллагааны 5 жилийн ойн хүрээнд Монгол Улсын гурав дахь удаагийн бие даасан павильон болох “Хөрстөд оршихуй: Хүршгүйтэй учрахуй“ сэдвээр НордАрт 2019-т тусгай төслийн хүрээнд манай 23 уран бүтээлчид 53 бүтээлээрээ Монгол Улсаа төлөөлөн 10 сарын 13-ны өдрийг хүртэл оролцож буй билээ.

Энэ оны 9 дүгээр сарын 21-ний өдөр НордАрт-Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнгийн “Гэрлийн урт шөнө” арга хэмжээний хүрээнд НордАрт2019 шагнал (NordArt Prize 2019) болон Үзэгчдийн нэрэмжит шагналын (NordArt Public Choice Award) эздийг тодруулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдаж дэлхийн 100 гаруй орны 3000 гаруй уран бүтээлчдээс шалгарсан 371 уран бүтээлчдээс манай уран бүтээлч, барималч Аюурзанын Очирболд “Дэгрээ” нэртэй 21x17x3,2 метр хэмжээтэй томоохон төмөр баримлын инстоляц бүтээлээрээ тус үзэсгэлэнгийн дээд шагнал болох “НордАрт 2019 шагнал”-ын эзнээр тодорлоо.

“NordArt Prize 2019” дээд шагналыг НордАрт 2020 үзэсгэлэнд урилгаар оролцох эрх, 10,000 евроны мөнгөн шагнал дагалдах бөгөөд албан ёсны гэрчилгээ гардуулах ёслол НордАрт 2020-ын нээлтийн ажиллагааны үеэр 2020 оны 6 дугаар сарын 5,6–ны өдрүүдэд болох юм.

Уран барималч А.Очирболд нь 2015-2019 оны хооронд тасралтгүй таван жил уг нэр хүндтэй олон улсын үзэсгэлэнд шалгаран оролцож байгаа бөгөөд 2015 онд НордАрт симпозиумын хүрээнд бүтээсэн “Дэлхийд хүн жин нэмээгүй” бүтээлээрээ үзэгчдийн таашаалд ихэд хүрч “НордАрт 2015 үзэгчдийн нэрэмжит шагнал”-ыг хүртэж Европ дахь уран бүтээлийн гараагаа амжилттай эхэлсэн түүхтэй.

Монгол Улсын Соёлын Элч, соёл урлагийн менежер, куратор О.Оюунтуяа болон урлагийн түүхч, куратор Ж.Бодьбаатар нар НордАртын ерөнхий кураторуудтай нэг баг болон тав дахь жилдээ хамтран ажиллаж байгаа бөгөөд тэдний дэглэсэн энэ жилийн гурав дахь удаагийн Монголын бие даасан павильон хэдийнээ олон улсын урлаг сонирхогчид, шүүмжлэгч нарын анхааралд өртөөд байна.

Түүнчлэн энэ оны 9 дүгээр сарын 12-оос 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл MN17 Арт галерейд НордАртад 2015-2019 онуудад оролцсон Монгол уран бүтээлчдийн нэгдсэн тайлан үзэсгэлэн “Хөрстөд оршихуй: Хүршгүйтэй учрахуй“ нэртэйгээр нийтэд хүрч байна.