ЮНЕСКО МОНГОЛЫН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА

Монгол Улсын Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын бодлогод хийсэн дүн шинжилгээний тайланг хэлэлцэх, “Ур чадварын үнэлгээ, ирээдүйд шаардагдах ур чадварыг таамаглах нь” сэдэвт чадавхи бэхжүүлэх сургалт зохион байгуулах арга хэмжээ энэ сарын 24-26-нд Улаанбаатар хотноо болж байна.

Энэхүү арга хэмжээнд НҮБ-ын боловсрол, шинжлэх ухааны төрөлжсөн байгууллага ЮНЕСКО-гийн Парис дахь төвийн ажилтнууд, олон улсын зөвлөхүүд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, ХНХЯ, МҮХАҮТ, Боловсролын хүрээлэн, МБС-ын Үнэлгээний төв, Бүсийн арга зүйн төвүүд болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын  захирлууд, эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагынхан гэсэн нэлээд өргөн бүрэлдэхүүн оролцож байгаа юм.

Эхний өдөр Монголын мэргэжлийн боловсролын сургалтын талаарх анхны тойм шинжилгээний урьдчилсан үр дүнгийн талаар хэлэлцсэн. ЮНЕСКО болон гадаад, дотоодын мэргэжилтнүүдийг оролцуулан Монгол Улсын боловсролын мастер төлөвлөгөөг боловсруулж буй бөгөөд энэ хүрээнд Монгол Улсын мэргэжлийн боловсрол, сургалтын талаар тусад нь нарийвчилсан үнэлгээ бүхий бодлогын тойм шинжилгээ хийлгэх хүсэлтийг ХНХЯ-наас тавьсны дагуу гадаад, дотоодын баг ажиллан газар дээр нь судалгаа хийснээ танилцууллаа.

Манай улсын мэргэжлийн боловсролын сургалтын талаар шинжилж дүгнэхийн өмнө суурь мэдээллийн тайланг гаргах шаардлагын дагуу өнгөрсөн гурван сарын хугацаанд ЮНЕСКО-гийн шинжээч нар манай улсад ажиллажээ. Тэд Монголын мэргэжлийн боловсролын сургалтын талаарх анхны тойм шинжилгээний эхний тайлан гараад байгаа бөгөөд уг тайланг баталгаажуулах талаар хийсэн хэлэлцүүлэг амжилттай болсон.

Хэлэлцүүлгийн үеэр ЮНЕСКО-гийн Парис дахь төвийн Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын газрын дарга Хиромичи Катаяама, зөвлөх Марита Гарсия, Сингапур улсын зөвлөх Томас Ёо, үндэсний зөвлөх Р.Бат-Эрдэнэ, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, ХНХЯ-ны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга А.Халиунаа нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн. Олон улсын зөвлөх экспертүүд Монгол Улсын Мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоо, нийгэм эдийн засгийн байдал, Мэргэшлийн тогтолцоо, чанарын баталгаажуулалт, Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого боловсруулахад хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг ашиглах нь зэрэг сэдвийн хүрээнд асуудал дэвшүүлэн илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Монгол Улсын Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт бодлогын дүн шинжилгээ хийснээр  салбарын сайн туршлага болон тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар олон улсын зөвлөх, экспертүүд зөвлөмж гаргаж, зөвлөмжийг Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль болон бодлогын баримт бичгүүдэд тусган хэрэгжүүлэн ажиллах юм.