Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсэгт үүрэг чиглэл өгөв

ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ Өвөлжилтийн бэлтгэх хангах ажлын хэсэг, аймгийн удирдлагуудтай уулзалт хийсэн юм.

Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд өвөлжилтийн бэлтгэл, үлийн цагаан оготнотой тэмцэх, ноос арьс ширний урамшуулал, мал угаалга, вакцинжуулалт, отор нүүдэл, мах бэлтгэлийн талаар мэдээлэл хийсэн юм.

Өвөрхангай аймаг оны эхэнд 5.4 сая мал тоологдож нийт малын 1.2 хувь буюу 66.6 мянган мал хорогдож 5.3 сая гаруй мал онд орсон. Мөн 2.3 сая хээлтэгчээс 1,9 сая төл бойжуулж одоогийн байдлаар 7.3 сая мал зусаж, намаржиж байна. Энэ жилийн хувьд зуншлага оройтож ургац тааруу байгаа нь өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байна. Иймд урьдчилсан тооцоогоор 2019-2020 онд 16 мянган малчин өрхийн 4.3 сая орчим мал өвөлжихөөр тооцоолж, 2.5 сая мал эдийн засгийн эргэлтэд оруулахаар ажиллаж байна.

Жил бүрийн 8 дугаар сард аймгийн УЦУОШГазар ургамлын нөмрөгийн судалгаа хийж бэлчээрийн даацыг тодорхойлдог. Энэ жилийн хувьд Өвөрхангай аймгийн нийт бэлчээрийн 60 орчим хувь нь гандуу, өвөл, хаврын бэлчээрийн 1 га-ийн дундаж ургац 1.6 цн гэсэн судалгааны дүн гарсан. Үүнээс үзэхэд нийт малын 10 хувь нь хэвийн өвөлжиж, хаваржих тооцоо гарч байна.

Тус аймаг сумдаас отор нүүдэл хийх малчдын урьдчилсан судалгааг авахад өөрийн аймгийн өөр суманд 1273 өрхийн 513 мянган мал отор нүүдэл хийж эхэлж байна. Өөр аймагт 988 өрхийн 817 мянган мал отор нүүдэл хийхээс, Булган аймагт 494 өрхийн 408 мянга, Төв аймагт 247 өрхийн 204 мянга, Архангай аймагт 148 өрхийн 122 мянга, Баянхонгор аймагт 59 өрхийн 49 мянга, Өмнөговь аймагт 40 өрхийн 32 мянган толгой мал өвөлжих төлөвтэй байна.

Аймгийн хэмжээнд өвс тэжээлийг малчдын төвшинд 58800 тн өвс, 28300 тн гар тэжээл бэлтгэх 9190 тн хужир шүү бэлтгэхээс өнөөдрийн байдлаар 16.6 хувийг бэлтгээд байна. Сумдын аюулгүй нөөцөд нийт 1900 тн өвс, 760 тн тэжээл, аймгийн аюулгүй нөөцөд 350 тн өвс, 100 тн тэжээл бүрдүүлэхээр төлөвлөгөөнд тусгагдсан. Сумдын нөөц бүрдүүлэлт өнөөдрийн байдлаар 9 хувьтай байгаа нь сумын аюулгүй нөөцийн өвс, тэжээлийн бүрдүүлэлт хангалтгүй байна. Энэ жил аймгийн хэмжээнд 976 га-д ногоон тэжээл тариалж урьдчилсан балансаас харахад 1464 тн буюу 58560 боодол ногоон тэжээл хурааж авах төлөвтэй байна. Дээрх ногоон тэжээлийг аймаг тариаланчидтай гэрээ байгуулан худалдан авч, малчидтай малаар солилцож, аймгийн нөөцийн махыг бүрдүүлэхээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 15-н суманд өвс, тэжээлийн нөөцөө бүрдүүлэхээр 107 сая төгрөг төвлөрөөд байна.

ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле “Аймгийн хэмжээнд 2019-2020 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлыг бүх шатандаа эрчимжүүлэх, малчдын төвшинд бэлтгэх өвс, тэжээл болон сумын аюулгүйн нөөц бүрдүүлэх ажлыг онцгой анхааран ажиллах шаардлагатай байна. Цаашид малчдын хувийн бэлтгэлийг илүү сайн хангах тал дээр анхааран ажиллаж малчин бүрт мэдээлэл сурталчилгаа хүргэн өрх бүрийн хувийн бэлтгэлийн сайтар хангуулан ажиллахыг үүрэг чиглэл болгов. Тус аймгаас гаднын аймаг сумдад отор нүүдэл ихээр хийж байгаатай холбогдуулан Булган, Төв, Архангай зэрэг аймгийн удирдлагуудад яамны зүгээс мал өвөлжүүлэх хаваржуулах тал дээр онцгой анхааран ажиллана гэдгийг илэрхийлэв.

Эх сурвалж: ХХААХҮЯ