ЯПОН УЛСЫН ШИЗҮОКА МУЖИЙН “ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО”-НЫ УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

      ХХААХҮЯ болон Япон улсын Шизүока мужийн Засаг даргын тамгын газар хооронд 2014 онд хамтран ажиллах тухай Санамж бичгийг байгуулсан юм. Хамтын ажиллагааныхаа хүрээнд ЖДҮ-ийг хөгжүүлэх  сэдвээр Бизнес форумын арга хэмжээ зохион байгуулж мөн газар тариалангийн салбарт хамтын ажиллагааг тодорхой түвшинд хөгжүүлж ирсэн. Энэхүү хамтын ажиллагаанд суурилан тус мужийн “Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн холбоо” болон “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-ийн хооронд хамтын ажиллагааг бий болгох талаар  санал солилцох, танилцах уулзалтыг өнөөдөр \2019.10.07\-нд  ХХААХҮЯ-нд боллоо.

Уулзалтад Монгол Улсын ХХААХҮЯамын төлөөлж ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Я.Эрдэнэсайхан, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал Б.Батцэцэг, ГХАХ-ийн дарга Д.Бадруун болон бусад албаны хүмүүс, мөн Экспорт олон улсын худалдааны төвийн үүсгэн байгуулагч Д.Оюунбилэг нар оролцлоо. Япон Улсын Шизүоко мужийг төлөөлж  Шизүзока мужийн Засаг даргын орон тооны бус зөвлөх Хиронори Яно, Шизүока мужийн ЖДҮ бизнес эрхлэгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Мүнэо Ямаүчи тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Салбарын яам нь Монгол Улсын ДНБ-ий 30 гаруй хувийг дангаараа хангадаг. Нийт ажиллах хүчний 53,2 хувь нь тус салбарт ажилладаг. Хүнсний үйлдвэр, Газар тариалан, Мал аж ахуй, Хөнгөн үйлдвэрлэл, Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, хоршоо гэсэн 5 эдийн засгийн голлох салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлж ажилладаг. Манай яам 2014 онд Шизүока мужтай хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичгийг байгуулан хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирсэн. Энэ хамтын ажиллагааны хүрээнд жил бүр “Шизүока мужийн бизнес форум”-ын арга хэмжээг хамтран зохион байгуулах, тус мужид зохион байгуулагддаг “Фүжи но күни хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа”-ны арга хэмжээнд салбарын үйлдвэр эрхлэгчдийг дэмжиж оролцуулах болон газар тариалангийн салбарт Сэлэнгэ, Дорнод аймгуудад гурвалжин будаа “сагаг”-ийг туршилтын журмаар тариалах, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлийн хамтын ажиллагаатай. Цаашид энэхүү хамтын ажиллагааг Жижиг, дунд бизнесийг дэмжих салбарт хөгжүүлэх боломж нээгдэж байна. Цаашид 2 орны ЖДҮ эрхлэгчдийг дэмжих зорилгоор “ЖДҮХСан” болон Шизүока мужийн “Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн холбоо”-той хамтын ажиллагааг бий болгож, хөгжүүлэх саналтай байна гэлээ.

Шизүзока мужийн Засаг даргын орон тооны бус зөвлөх Хиронори Яно хэлэхдээ, Бизнес эдийн засгийн айлчлалаа Монгол Улсад хийж байгаадаа таатай байна. Бид Монгол улстай тодорхой нэгэн салбар бус эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, спорт зэрэг олон салбарт хамтын уялдаатай ажиллахыг зорьж байна. Монгол улсад энэ удаа зохион байгуулж байгаа Шизүока мужийн бизнес форумыг ганц энэ удаа биш жил бүр уламжлал болгон зохион байгуулж илүү их үр дүнд хүрэхийг хичээх болно. Энэ удаа бид эхний алхмаа хийлээ гэж бодож байна гэлээ.