С.ЧИНЗОРИГ: МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА “СУРГУУЛЬ + ЖИЖИГ ҮЙЛДВЭР” БАЙХ ЁСТОЙ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар энэ сарын 2-3-нд Мэргэжлийн боловсрол, сургалтын багш нарын Улсын зөвлөгөөнийг “Мэргэжлийн боловсрол-Хөгжлийн тулгуур” уриан дор анх удаа зохион байгуулж салбар болон багшийн асуудлыг өргөн хүрээнд, улсын эдийн засаг, нийгэм, ажиллах хүчний хөгжил, хандлагад суурилан авч үзэх, аж үйлдвэрийн IY хувьсгал, инноваци, бүтээмжтэй нягт уялдсан хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, мэргэшлийн ур чадварыг хангах зорилтыг тал бүрээс нь харах, ярилцаж зөвлөлдөн, цаашдын бодлого, чиглэлээ тодорхойллоо.

Монгол Улсын Засгийн газраас улс орны хөгжих дэвжихийн үндэс-баялаг бүтээгч мэргэжилтэй ажилтны асуудалд бодлогын тэргүүлэх түвшний ач холбогдол өгч буйн илрэл Мэргэжлийн боловсрол, сургалтын багш нарын анхдугаар зөвлөгөөний үндсэн илтгэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг тавьсан.

 

Түүний “МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ХӨГЖЛИЙН ХАНДЛАГА-МЭРГЭЖЛИЙН БАГШИЙН ШИНЭ ДҮР ТӨРХ” илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

           Эрхэм хүндэт багш нараа

            Хүндэт төлөөлөгчид, Зочид оо!

Асар хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнцийн чиг хандлага Та биднийг өөрчлөлт шинэчлэлтэд бэлэн байхыг сануулж байна.

Дэлхийг бүхэлд нь хамарсан “хамтын эдийн засаг”, “аж үйлдвэрийн IY хувьсгал”-ын өөрчлөлт, “ногоон хөгжил” нь манай улсын эдийн засаг, үйлдвэрлэл, үйлчилгээ, техник, технологи, худалдаа, санхүү болон мэргэжилтэй ажилтан бэлтгэх салбарт хүчтэй нөлөө үзүүлэх боллоо. Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт эхэлсэн шинэчлэлийг тууштай хэрэгжүүлэх, амжилт бүтээл, алдаа оноогоо цэгнэн дүгнэх, өрсөлдөх чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд бидэнд шинэ хандлага шаардагдаж байна.

Энэ бүхнийг харгалзан зөвлөгөөний илтгэлээ Мэргэжлийн боловсрол, сургалтын салбар, багшийн талаарх төрийн бодлого-шинэчлэл, тулгамдсан асуудал, цаашдын хандлага гэсэн 3 үндсэн агуулгаар танилцуулах болно.

            Нэг. Төрийн бодлого – Баялаг бүтээгчдийг бэлтгэх салбар

Орчин цагийн мэргэжилтэй ажилтан бэлтгэж эхэлсэн түүхэн хөгжлөө эргэж нэг харцгаая.

Ардын хувьсгал ялснаас тавхан сарын дараа Телефон ба цахилгаан мэдээний албан хаагчдыг бэлтгэх сургууль байгуулах тухай Ардын Засгийн газрын тогтоол (1921.12.20) гарсан нь мэргэжлийн боловсрол, сургалтын салбар үүсч хөгжих эхлэл байлаа.

Ардын хувьсгалтай нас чацуу Мэргэжлийн боловсрол, сургалтын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой 2 жилийн дараа тохиох болно.  Багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн хэлэлцэх асуудлаа шийдвэрлэхийн зэрэгцээ энэхүү их ойг угтсан шинэчлэл,  амжилт бүтээлийн эхлэл болно гэдэгт найдаж байна.

Монгол Улсын төр, засаг түүхийн бүхий л үе шатанд мэргэжилтэй ажилтан бэлтгэх, чадваржуулах асуудлыг бодлогын тэргүүлэх түвшинд тавьж ирсэн нь Улсын эдийн засаг, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, иргэдийн сайн сайхан амьдралыг дэмжих зорилтуудтай шууд холбоотой байсан юм.

Манай эрдэмтэн судлаачид үндэсний аж үйлдвэрийн үүсэл хөгжил, мэргэжилтэй ажилтан бэлтгэж ирсэн агуулга, хэлбэрийг харгалзан Мэргэжлийн боловсрол, сургалтын хөгжлийг:

  • Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын үндэс суурь тавигдсан үе 1921-1963 он
  • Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоо бүрдэж хөгжсөн үе 1963-1990 он
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын өөрчлөлт, шинэчлэлийн үе 1990 оноос хойш гэж 3 үе шатанд авч үздэг.

Үндэсний аж үйлдвэрлэлийн суурийг тавьж, “хөдөө аж ахуй-аж үйлдвэрийн орон” болох зорилтыг хэрэгжүүлсэн  1921-1963 онд мэргэжилтэй ажилтан бэлтгэх бодлого нь дөнгөж үүсч буй аж үйлдвэрийн салбаруудад шаардлагатай ажилтныг шууд  бэлтгэж эхлэх, мэргэжлийн анхны сургуулиудыг байгуулах, гадаад орны мэргэжилтэй ажилтныг авч ажиллуулахад чиглэж байв.

Аж үйлдвэр-хөдөө аж ахуйн орон” болгох (1963-1990) төрийн бодлогын хүрээнд техник мэргэжлийн боловсролын тогтолцоог бүрдүүлж хөгжүүлэх, Мэргэжлийн боловсрол, сургалтын багшийг бэлтгэх, мэргэшүүлэх, ЗХУ, бусад орны тусламжтайгаар Техник мэргэжлийн сургуулиудыг шинээр байгуулах, тэдгээрийн үйлдвэрлэлийн сургалтын дадлагын баазыг бий болгож өргөжүүлэх, гадаадад мэргэжилтэй ажилтан бэлтгэх бодлогыг хэрэгжүүлсэн юм.

Мэргэжлийн боловсрол, сургалтын хөгжлийн эхний 2 үе шатны бодлогын гол баримт бичгүүд дотор МАН-ын Төв хорооноос гаргасан “Эдийн засгийн үндсэн бодлого” (1923), Улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх 5 жилийн төлөвлөгөөнүүд, боловсролын болон хөдөлмөр, цалин хөлсний тухай хуулиуд, “Техник, мэргэжлийн сургуулиар мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх ажлыг цаашид сайжруулах арга хэмжээний тухай” МАХН-ын Төв Хороо, СнЗ-ийн 3 дугаар тогтоол (1980), Техник мэргэжлийн сургуулийг удирдах Ерөнхий газар байгуулах, өргөтгөх СнЗ-ийн 190, 208 дугаар тогтоолууд (1982,1984) гол байр суурь эзэлж байна.

Энэ хүрээнд салбар дундын удирдлагын зарчимд суурилсан  Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын асуудлыг эрхлэх Улсын хороо, Ерөнхий  газар бүхий удирдлагын тогтолцоо төлөвшиж, нийслэл, аймаг бүрт Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд бий болж, тэдгээрт 50 шахам мянган хүн суралцахын зэрэгцээ, багш, ажилтнаа бэлтгэх, сургалтын агуулга, арга зүйг боловсронгуй болгох систем бүрдсэн байна. 1980-аад оны сүүл гэхэд улс ардын аж ахуйд шаардлагатай мэргэжилтэй ажилтны 60 гаруй хувийг Техник мэргэжлийн сургуулиудаар бэлтгэжээ.

Монгол Улс 1990 оноос ардчилал, зах зээлд шилжиж, эдийн засаг, нийгмийг бүхэлд нь хамарсан өөрчлөлт, шинэчлэл эхэлсэн билээ. Зах зээлийн эдийн засагт шилжсэн эхний жилүүдэд мэргэжилтэй ажилтан бэлтгэх салбар, манай багш, ажилтнууд шилжилтийн үеийн амаргүй сорилтыг даван туулсан юм. Техник мэргэжлийн боловсролыг удирдах Ерөнхий газар татан буугдаж,  Техник мэргэжлийн сургуулиудыг яам, аймгуудад шилжүүлэн өгч, удирдлага, арга зүй, төсөв, хөрөнгө оруулалтын нэгдмэл байдал үгүй болж, мэргэшсэн багш, ажилтнуудаа алдаж, мэргэжилтэй ажилтан бэлтгэх салбар уналтад орсны зэрэгцээ олон сургуулийн байр, дадлагын газар, машин техникийг бусдад шилжүүлэх, хувьчлах зэргээр материаллаг баазыг үрэгдүүлэх явдал 10-аад жил үргэлжилсэн юм.

Шилжилтийн хүнд жилүүдийн давалгаанд үйл ажиллагаагаа зогсоож үүд хаалгаа бариагүй өнөөгийн шинэчлэлтэй залгуулсан ахмад үедээ, эрэлттэй мэргэжлээр, ур чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэн мэргэшүүлж иргэдийнхээ ажил амьдралыг дэмжиж яваа өнөөгийн багш, ажилтнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Өнөөдөр бид өнгөрсөн, өнөө үеийнхээ бүтээсэн болон алдаагаа дүгнэж, өөрчлөлт шинэчлэлтийн дараагийн шинэ зорилтуудаа ярилцахаар хуран цуглараад байна.

Монгол Улсын Их хурал 2002 онд “Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай” анхны хуулийг баталж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн шаардлагатай уялдсан мэргэжилтэй ажилтныг бэлтгэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн.

Уг хуульд 2009 онд шинэчилсэн найруулга хийж, МБС-ыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн хэрэгцээ, захиалгад  нийцүүлэх, төр, хувийн хэвшлийн тэгш оролцоотой удирдлага бүхий байх, санхүүжилтийг олон эх үүсвэртэй болгох зэрэг шинэлэг зохицуулалтыг буй болгосон. “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Мэргэжлийн болон техникийн боловсролыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр 2016-2021” зэрэг баримт бичгүүдэд шинэчлэлийн үеийн МБС-ын хөгжлийн бодлогыг тодорхойлж өгсөн.

Төрийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд мэргэжлийн боловсрол, сургалтын салбар өнөөдөр цоо шинэ тогтолцоо руу шилжин орж байна.

Энэ бол олон улсын нийтлэг жишиг болсон түншлэл, салбар дундын зохицуулалтад тулгуурласан удирдлага, чадамжид суурилсан сургалт, үнэлгээний тогтолцоо юм. Энэхүү тогтолцоог Герман улс 200 гаруй жилд хэрэгжүүлсэн бол Дани, Австрали, Япон, Сингапур, ОХУ зэрэг орнууд өөр өөрийн өвөрмөц онцлогтоо тулгуурлан 30-70 жилийн хугацаанд шинэ тогтолцоонд шилжжээ.

Мэргэжлийн боловсрол, сургалтын шинэчлэл өнөөдөр ямар түвшинд хүрсэн бэ. Энэ асуултанд хариулахын тулд эхлээд мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын өнөөгийн байдлын талаар үндсэн мэдээллийг Та бүхэнд танилцуулъя.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд мэргэжлийн боловсрол, сургалтын 84  байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Түүний 51 нь төрийн, 33 нь төрийн бус өмчийнх байна. Эдгээр сургуулиудад 38.526 оюутан 16 салбарын 230 гаруй мэргэжлээр суралцдаг. Мэргэжлийн салбараар авч үзвэл 28.2 хувь нь аж үйлдвэрийн, 19.4 хувь нь барилгын, 12.0 хувь нь тээврийн, 7.0 хувь нь уул уурхайн, 5.9 хувь нь үйлчилгээ, 27.5% хувь нь бусад салбарын чиглэлээр сурч буй юм.

Мэргэжлийн боловсрол, сургалтыг, чадамжид суурилсан сургалт, үнэлгээний шинэ тогтолцоонд шилжүүлэх чиглэлээр сүүлийн 8 жилд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн, эерэг өөрчлөлтүүдийг хураангуйлан авч үзвэл:

  • Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын элсэлтийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, иргэний сонголтод суурилж зохион байгуулах болсон;
  • Мэргэжилтэй ажилтан бэлтгэх бүхий л үе шатанд үйлдвэрлэгчид, ажил олгогчтой зөвшилцлийн үндсэн дээр хамтран ажиллаж эхэлсэн;
  • “Ажил мэргэжлийн лавлах”-д суурилсан сургалтын стандарт, “Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр”-ийг хувийн хэвшил-ажил олгогчийн оролцоотой боловсруулан хэрэгжүүлж, сургалтын төлөвлөгөөнд үйлдвэрлэлийн дадлагын сургалт давамгайлах болсон;
  • Хөндлөнгийн үнэлгээний тогтолцоо бүрдэж эхэлсэн;
  • Мэргэшлийн ур чадвар, төлөвшлөөрөө ажлын байранд өрсөлдөх болсон зэргийг хэлж болно.

Энэ бүхний үр дүнд 2025 он гэхэд Мэргэжлийн боловсрол, сургалтыг эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлийн бодит хэрэгцээнд нийцсэн, чадамжид суурилсан сургалт үнэлгээний тогтолцоонд бүрэн шилжүүлж, чанарын баталгаажуулалтыг төлөвшүүлэх баттай суурийг тавина гэж үзэж байна.

Манай Засгийн газар мэргэжлийн боловсрол, сургалтыг онцлон анхаарч ажилласны дүнд “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгасан зорилтууд бүрэн хэрэгжиж байна.

Хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ, ажил олгогчийн ур чадварын эрэлтэд суурилсан агуулга, арга зүйн  шинэчлэл, аж ахуйн нэгж, инженер техникийн ажилтан, мэргэжлийн холбоодын оролцоотойгоор сургалтын нийт байгууллагуудад идэвхитэй хэрэгжиж ирсэн. Мэргэжлийн боловсрол, сургалтыг сонирхох иргэдийн сонирхлыг нэмэгдүүлэх, суралцагчдын сурах үйл ажиллагааг дэмжих зорилгоор сэргээж, сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлгийг нас харгалзахгүйгээр олгодог боллоо. Үнэлгээний бие даасан, шинэ тогтолцоо төлөвшиж, “Үнэлгээ гэрчилгээжүүлэлтийн  3 төв,  “Чадамжийн төв”-ийг байгуулж, барилга, байгууламжийг барьж эхэлсний зэрэгцээ, мэргэжлийн боловсрол, сургалтын 20 байгууллагыг 15 мэргэжлийн орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр хангах ажил хийж байна.

Өнгөрсөн хичээлийн жилийн үр дүнгээр Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийн 62.3 хувь  ажлын байртай болсон нь өмнөх 4 жилийн дунджаас 7 хувиар ахисан үзүүлэлт болж байна.

Бидэнд хийсэн ажил, хүрсэн үр дүн чамгүй бий. Гэхдээ тулгамдсан асуудал, хийж бүтээх ажил багагүй байна.

  1. Мэргэжлийн боловсрол, сургалтын түншлэл, салбар дундын зохицуулалт хангалттай биш байна.

Өнгөрсөн хугацаанд Мэргэжлийн боловсрол, сургалтын шат шатны удирдлагын түвшинд хувийн хэвшил-үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоодын оролцоо буй болсон боловч, түншүүд, аж ахуйн нэгж, байгууллагыг мэргэжилтэй ажилтан бэлтгэх тулгамдсан асуудлуудад нэгтгэн чиглүүлэх, тогтмол ажиллуулах, салбар хоорондын уялдаа, хамтын ажиллагааг хангах явдал дутагдалтай явж ирсэн.

МБСҮЗ, Салбарын зөвлөлийн эрххэмжээ, чиг үүргийг илүү оновчтой, тодорхой болгох, тэдэнд төрийн зарим чиг үүргийг шилжүүлэх, ингэхдээ бодитой эрх мэдлийг хамт өгөх, ер нь салбарын санхүүжилтийн шинэчлэлийгч хамт авч үзэх ёстой байна.

Манай яам, агентлагууд өөр өөрийн салбарын хөгжлийн бодлогын хүний нөөц, ажиллах хүчний асуудлаар хамтран ажиллах салбар дундын зохицуулалтын механизмыг тодорхойлж, хүч, боломжоо нэгтгэх нь амжилтанд хүрэх үндэс болно.

  1. Ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийг бодитой тодорхойлох, зохистой нийцлийг хангах нь салбарын тулгамдсан асуудлын нэг болж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн судалгааны институтээс гаргаж байгаа “Хөдөлмөрийн зах зээлийн барометрийн судалгааны тайлан”-д ажиллах хүчний макро-хэрэгцээг харуулж, ажлын байран дахь техникийн болон зөөлөн ур чадварын эрэлтийг тодорхойлж байгаа боловч иргэн мэргэжлээ зөв сонгох, сургалтын байгууллага элсэлтээ эрэлтэд нийцүүлж төлөвлөх, аж ахуйн нэгж ажиллах хүчний хэрэгцээгээ харж зохицуулах тийм бүрэн, тогтмол мэдээлэл өнөө хэр бүрдээгүй байгаа юм.

Мэргэжлийн боловсролын судалгаа шинжилгээний ажил төсөл, хөтөлбөрийн хүрээнээс хэтрэхгүй байна. Ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийг бодитой тодорхойлох, зохистой нийцлийг хангах гол арга зам нь мэдээллийн цахим санг буй болгож ажиллуулах явдал юм.

Засгийн газар 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан.

Энэ хүрээнд, хөдөлмөрийн зах зээл, мэргэжлийн боловсрол, сургалтын мэдээллийн харилцан уялдаа бүхий нэгдсэн цахим санг бий болгохоор ажиллаж байна.

Цахим санд нэг талаас хөдөлмөрийн зах зээлд буй ажлын байр, мэргэжил, ур чадварын эрэлтийн бодит мэдээлэл, нөгөө талаас сургалтын байгууллагад сургаж буй мэргэжил, элсэгч, суралцагч, төгсөгч, багш нар, ур чадварын мэдээллийг тогтмол оруулж, тэдгээрийн өөрчлөлт, хөдөлгөөнийг  бодитой харуулж байх шаардлагатай.

Мөн улсын сургуулиудын төсөв, түүний зарцуулалт, задаргаа, хувийн сургуулиудын хувьсах зардал, суралцагчдын тэтгэлгийн мэдээлэл, түр сургалтын талаарх бүхий л мэдээллийг цогц байдлаар оруулах нь зүйтэй.      Ингэснээр  ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийн бүхий л мэдээлэл ил тод, хяналттай болж, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, аж ахуйн нэгж, иргэд хэрэгцээтэй мэдээллээ нэг дороос авч, харилцан зохицуулалт хийх боломжтой болно.

Сургалтын байгууллагын элсэлт, төгсөлтийн асуудлыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялдуулаад энд ярих нь зөв болов уу. Элсэлт, төгсөлтийг мэргэжилтэй ажилтан бэлтгэх үйл ажиллагааны “гараа”, “бариа” гэж хэлж болно. Бид орц, гарц ч гэж ярьдаг. Үүнийг манай ардын мэргэн үгэнд “Гараа сайн бол, бариа сайн” гэж утга төгөлдөр тодорхойлж өгчээ.

Элсэлт тогтвортой өсч байна уу, элсэж буй мэргэжлүүд үйлдвэрлэл, үйлчилгээний эрэлт хэрэгцээ, бүтээн байгуулалттай уялдаж байна уу гэдэг нь бидний анхаарвал зохих асуудлууд юм.

Иргэдэд багаас нь ажил мэргэжлийн чиг баримжаа олгохоос эхлээд ажил мэргэжлийн талаар нийгэмд зөв хандлагыг буй болгох, элсэлтийн зөв суурийг бүрдүүлэхэд чиглэсэн цогц бодлого, холбогдох яам, байгууллагуудын хамтын ажиллагаа дутмаг байна.

Сургалтын байгууллагад суралцах эхний өдрөөс төгсөхөд нь ажлын байртай болгох менежментийг идэвхитэй хийх, төгсөгч бүрийн мэргэшлийн ур чадварыг үнэлж, түүнд тулгуурлан ажлын байртай холбох нь бидний баримтлах гол зарчим мөн.

Суралцагчдын карьер хөгжлийг дэмжих үйлчилгээний төвийг ажиллуулж, эзэмшиж буй мэргэшлийн ур чадвар, төлөвшлийн талаар хөдөлмөрийн байгууллага, ажил олгогчдод мэдээлэл түгээх, ажил олгогчдын ажлын байрны захиалга, ур чадварын шаардлагын мэдээллийг авах талаар санаачилгатай ажиллах шаардлагатай байна.

3. Мэргэжилтэй ажилтан бэлтгэх үндсэн “үйлдвэрлэл” явагддаг мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагуудын шинэчлэлд тулгамдсан цөөнгүй асуудал бий.

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлого, үйлдвэржилтийн хөгжил, бүтээн байгуулалттай уялдуулан энэ талаар хийсэн судалгаа, зөвлөмжид тулгуурлаж мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг төрөлжүүлж хөгжүүлэх бодлого, чиглэлийг холбогдох яамд, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран боловсруулах, хэрэгжүүлэх цаг болжээ.

Төрөлжүүлэн хөгжүүлэх бодит хэрэгцээ, үйлдвэрлэл бүтээн байгуулалтын ажиллах хүчний эрэлтийг зөв тодорхойлох замаар мэргэжлийн боловсролыг эдийн засгийн үр ашигтай, бүс нутгуудад хүртээмжтэй болгох, сургалтын байгууллагууд ижил мэргэжлээр мэргэжилтэй ажилтан зэрэгцэн бэлтгэдгийг зогсоох, сургалтын чанарыг дээшлүүлэх боломжийг өргөжүүлэх нь энэ ажлын гол агуулга болно.

Жишиг сургалтын байгууллагуудыг баруун, төв, зүүн бүсүүдэд буй болгож, тэдгээрт хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэн үйлдвэрлэлийн дадлагын сургууль дундын бааз болгох чиглэл баримтлах нь зүйтэй байна.

Мэргэшлийн ур чадварыг тэргүүлэх түвшинд тавьж байгаа энэ үед үйлдвэрлэлийн дадлагын сургалтын чанар шаардлагын хэмжээнд хүрэхгүй байна.

Сургалтын дадлага удирдамжийн дагуу хийгддэггүй, аж ахуйн нэгж, байгууллага анхаарал тавьдаггүй,  дадлагын суралцагчийг хариуцсан мэргэжлийн багш, аж ахуйн нэгжийн дадлагажуулагч ажилтны ур чадвар, хамтын ажиллагаа сул, суралцагчийн сонирхлыг татсан, урам өгсөн уур амьсгалгүй байж болохгүй. Нөгөө талаар үйлдвэрлэлийн дадлагын сургалтыг чанартай зохион байгуулсан аж ахуйн нэгж, байгууллага, дадлагажуулагч багшийг урамшуулах эдийн засгийн хөшүүргийг илүү бодитой болгох шаардлага бий гэж үзэж байна.

Судалгаанаас үзэхэд МСҮТ, Политехник коллежийн хичээлийн байр талаас илүү хувь, үйлдвэрлэлийн дадлагын байр 63.7 хувь, дотуур байрын 60 гаруй хувь элэгдэлд орж, стандартын шаардлага хангахгүй болсон, үйлдвэрлэлийн дадлагын техник тоног төхөөрөмжийн хангамж сургалтын байгууллагуудад харилцан адилгүй, өнөөгийн үйлдвэрлэл, технологийн шаардлагаас хоцорсон гэж дүгнэсэн.

Иймд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын материаллаг орчин, дадлагын техник, тоног төхөөрөмжийн байдалд нарийвчилсан судалгаа хийх, энэ чиглэлийн гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Сургалтын байгууллагыг “Сургууль + Жижиг үйлдвэр” гэж хэлж болно. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага нь мэргэжлийн зөвлөгөө өгөх, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх нэгж, бизнес инкубатор, туслах аж ахуйтай байж болно” гэж (13.2) заасан.

Энэ агуулгаар, МСҮТ, Политехник коллежийн багш нь үйлдвэрийн инженер, техникч, суралцагч нь мэргэжилтэй ажилтантай дүйцэхүйц байх шаардлагыг тавихын зэрэгцээ сургалтын байгууллага өөрийн орлогоо нэмэгдүүлэх, багш, ажилтнуудын нийгмийн асуудалд зориулах боломжийг дэмжих хэрэгтэй байна.

Суралцагчид мэргэжил, мэргэшлийн ур чадвар эзэмшүүлээд зогсохгүй  бизнес сэтгэлгээг нь хөгжүүлэх, ажил, амьдралд өөрийгөө аваад явах чадвартай болгох асуудлыг сургалтын агуулгад тусгаж хэрэгжүүлэх, суралцах явцдаа ажил, хөдөлмөрийн  амтыг мэдрэх, үр ашгийг хүртэх боломжийг сургалтын байгууллагад бүрдүүлэх нь Та бидний анхаарвал зохих нэг гол чиглэл гэдгийг онцолж хэлмээр байна.

Манай сургалтын байгууллагуудад суралцагчдын 28.1 хувь нь хувийн хэвшлийн сургалтын байгууллагад хамрагддаг. Хувийн хэвшлийн сургалтын байгууллагад төрөөс хувьсах зардал, суралцагчдад тэтгэлэг олгох, багш нарыг мэргэшил дээшлүүлэх сургалтад хамруулах зэргээр дэмжлэг үзүүлж ирсэн. Мэргэжилтэй ажилтан бэлтгэх ачааг хамт үүрэлцэж ирсэн хувийн хэвшлийн байгууллагуудад үзүүлэх дэмжлэгийг цаашид өргөжүүлэн багш, ажилтныг сургаж чадваржуулах, төсөл хөтөлбөрт хамруулах, эрэлтэд нийцсэн шинэ мэргэжлээр сургалт эрхлэхэд дэмжлэг үзүүлэх  зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

4. Мэргэжлийн боловсрол, сургалтын агуулга арга зүйн шинэчлэлийг өргөжүүлж, гүнзгийрүүлэх нь бидний анхаарах нэг гол асуудал.

Энэ талаар суурь өөрчлөлтийг хийж, үр дүнд хүрч байгааг өмнө хэлсэн. Цаашдаа “Ажил мэргэжлийн лавлах”, сургалтын стандарт, хөтөлбөрийг нийтлэг бүх мэргэжлээр боловсруулах хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй байна.

Үүнтэй холбоотойгоор бүсийн арга зүйн төвүүдийн бие даасан байдлыг хангах, ажилтнуудыг чадавхижуулах, агуулга арга зүйн талаар судалгаа шинжилгээ хийх, сургалтын байгууллага, багш нартаа арга зүйн туслалцаа үзүүлэх боломжийг бүрдүүлэх нь зүйтэй.

Манайхан “2 дахь багш” хэмээн нэрлэдэг сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хүртээмж, чанар сайнгүй байгаад дүгнэлт хийж,  энэ хүрээнд дижитал арга хэлбэрүүдийг өргөн ашиглахад анхаарвал зохино.

Ажил олгогчид аль болох богино хугацаанд мэргэжилтэй ажилтан бэлтгүүлж авах сонирхолтой байгаа энэ үед тэрхүү эрэлтэд зохицсон   сургалтын уян хатан  хөтөлбөр, арга хэлбэрүүдийг хэрэгжүүлэх шинэ шийдлүүд хэрэгтэй байна.

Хөдөлмөрийн зах зээлд шуурхай эрэлттэй мэргэжлийг нэг жилийн хугацаанд эзэмшүүлж байгаа өнөөгийн практикийг ч дэмжиж өргөжүүлэх нь зүйтэй юм.

5. Мэргэжлийн боловсрол, сургалтын санхүүжилтийн тогтолцооны шинэчлэл хоцронгуй байна.

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд заасан зарим зохицуулалтын хэрэгжилт удаашралтай байгаад дүгнэлт хийх хэрэгтэй.

Сургалтын хөтөлбөрт суурилан нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативыг тогтоох, “Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан”-г бие даалгах, хуульд заасан аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн дэмжлэгийг хэрэгжүүлэх замаар салбарын санхүүгийн ачааллыг хувийн хэвшил хамтран үүрдэг болгох, сургалтын байгууллага өөрийн орлогоо нэмэгдүүлэх боломжийг дэмжих уян хатан механизм бүрдүүлэх, орлогоо өөрөө захиран зарцуулдаг болгох зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай.

Монгол Улсын Засгийн газраас 2018 онд батлан гаргасан “Гурван тулгуурт бодлого”-д 2020 он гэхэд аж үйлдвэрийн IY хувьсгалын суурийг бүрдүүлэх зорилт дэвшүүлсэн нь нэн чухал шийдвэр болсон юм.

Бидний ажил, амьдралд аль хэдийнэ түрэн орж ирсэн аж үйлдвэрийн IY хувьсгалтай хөл нийлүүлж хөгжихийн бид юу хийж болох вэ?

Юуны өмнө, математик, хими, физикийг сонирхох, сонгон суралцах хүүхэд, залуусын эрмэлзлийг буй болгох, дэмжих, техник сэтгэлгээг хөгжүүлэхэд онцгой анхаарах, инженер, техник технологийн мэргэшсэн ажилтан бэлтгэх бодлогыг тэргүүлэх түвшинд тавих, мэргэжлийн боловсролын системийг бүхэлд нь зөв хүнийг төлөвшүүлэх, мэргэшлийн ур чадвар эзэмшүүлэхэд чиглүүлэх гэж үзэж байна.

Олон улсын хөдөлмөрийн чиг хандлагад робот, ухаалаг машинууд хүний хөдөлмөрийг орлож, алгоритмын тусламжтайгаар мэдээлэл боловсруулах, тооцоолох, шийдвэр гаргах зэрэг шинэ ажил мэргэжил бий болж байгааг анхаарах хэрэгтэй.

Ийнхүү манай салбарт тулгамдаж байгаа асуудлуудаа шийдвэрлэх гарцыг бид Зөвлөгөөнөөрөө тодорхойлж чадна гэдэгт итгэж байна.

Хоёр. Багшийн хөгжил – баялаг бүтээгчдийн ур чадвар

Монголчууд бид “Ном дор мөргөм үү Багш дор мөргөм үү”  хэмээн эрдэм ухааныг эрхэмлэж, багшаа хүндэтгэн дээдэлж ирсэн сайхан уламжлалтай билээ.

Баялаг бүтээгчдийн багш Та аж үйлдвэрийн хөгжил, эдийн засгийн өөрчлөлтийн он жилүүдэд ч, өнөөдөр ч хүн ардаа соён гэгээрүүлэх, нийгмийг манлайлах, сурган хүмүүжүүлэх үүргээ нэр төртэй биелүүлж ирсэнд гүнээ талархаж байгаагаа дахин илэрхийлье.

Багш нарынхаа талаар зарим статистик мэдээллийг танилцуулъя. Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад өнөөгийн байдлаар нийт 2469 багш ажиллаж байгаагийн 64.8 хувь нь мэргэжлийн, 35.2 хувь ерөнхий эрдмийн багш байна. МСҮТ, Политехник коллежийн багш нарын 7.4 хувь нь доктор,  39.5 хувь нь магистр, 45.2 хувь нь бакалавр, 7.9 хувь нь дипломын боловсролтой байна. Нийт багш нарын 41.3 хувь мэргэшлийн зэрэгтэй, түүнээс 67.6 хувь нь заах аргач, 26.7 хувь нь тэргүүлэх, 5.7 хувь нь зөвлөх зэрэгтэй ажиллаж байна. Мөн нийт багшийн дундаж нас 41 байна.

Дээрх тоо баримтаас харахад манай багш нарын мэргэшлийн түвшин, ажилласан туршлага боломжийн, тогтвор суурьшилтай, мөн ид хийж бүтээх насныхан зонхилсон, ахмад, дунд, залуу үеийн хэлхээ холбоо бэхжсэн гэж дүгнэж болохоор байна.

ХНХЯ 2018-2019 оны хичээлийн жилийг “Багшийн хөгжлийг дэмжих жил” болгож  багшийг  үр дүнтэй, тогтвортой ажиллуулах, мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх, багш мэргэжлийн үнэ цэнийг өндөржүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүд хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгсөн.

Тухайлбал,

  • Засгийн газрын 2019 оны 24, 25 дугаар тогтоолоор төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл, цалингийн сүлжээг  шинэчлэн тогтоосноор мэргэжлийн багшийн цалин хөлсийг 2014 онтой харьцуулахад 47.0 хувиар, 2018 онтой харьцуулахад 36.0 хувиар, ерөнхий эрдмийн багшийн цалин хөлс 2014 онтой харьцуулахад 36.0 хувиар, 2018 онтой харьцуулахад 26.0 хувиар тус тус нэмэгдүүлсэн байна.
  • Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Политехник коллежийн багш, албан хаагчид урамшуулалгүй байсныг өөрчилж, улирлын ажлын үр дүнг үндэслэн 2018 онд 5 хувь, 2019 онд 10 хувь болгож нэмэгдүүлсэн. Ирэх онд 15 хувьд хүргэнэ.
  • Сүүлийн 2 жилд мэргэжлийн багшийн 40 гаруй хувийг сургаж чадваржуулан, төсөл хөтөлбөрүүдийн дэмжлэгтэйгээр давхардсан тоогоор нийт 3000 гаруй багш, ажилтан, ажил олгогчдын төлөөллийн мэргэшлийг дээшлүүллээ.
  • Багшийг хөгжүүлэх, ажлын ачааллыг бууруулах, багшийн ажлын гүйцэтгэлийг сайжруулах чиглэлээр багшийн “Ажлын байрны тодорхойлолт”, “Багшийн мэргэжлийн зэргийн журам”-ыг боловсрууллаа.  Багц цаг 45 кредит байсныг 36 болгон багшийн ачааллыг багасгаж, журмыг шинэчилнэ.
  • Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн үйлчилгээний албан хаагч буюу багш нарт төрд ажилласны буюу удаан жилийн нэмэгдлийг ирэх оноос шинээр эхэлнэ. Мөн тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлнэ.
  • Аж ахуйн нэгжийн 300-гаад ажилтныг “Дадлагажуулагч багш”-аар бэлтгэн, мэргэшил дээшлүүлж, шинэ технологи, инноваци, сургах зүйн сургалтад хамруулж чадавхижуулсан.
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн ажилд дэмжлэг үзүүлэх, дижитал ур чадварыг ахиулах, мэдээллийн технологийг сургалтад нэвтрүүлэх зорилгоор 925 багшийг компьютерээр хангалаа. Энэ онд багтааж 540 багшийг компьютерээр хангана.

Багшийн ур чадварыг олон улсын хэмжээнд сорих нэг хэмжүүр бол Дэлхийн ур чадварын тэмцээн юм.

Монгол Улс 2014 онд Дэлхийн ур чадварын тэмцээний Олон улсын байгууллагад 69 дэх гишүүнээр элссэн.

Анх удаа 2015 онд Бразил улсад, 2017 онд Арабын нэгдсэн Эмират улсад, энэ онд Оросын Холбооны Улсын Казань хотноо зохион байгуулагдсан тэмцээнүүдэд манай салбарынхан оролцож, оролцох бүртээ улсын амжилтаа ахиулж ирсэн. 2019 оны дэлхийн ур чадварын тэмцээнд Гагнуурын мэргэжлээр оролцсон Т.Оюун-Эрдэнэ шалгарч “Үндэсний ялагч” медаль, Токарь мэргэжлээр оролцсон Т.Цогтсайханыбаг алтан медаль тус тус хүртсэн нь олон улсад Монгол Улсын мэргэжилтэй ажилтны нэр хүндийг өсгөхөд ач холбогдолтой боллоо.

Амжилттай оролцсон багш, суралцагчиддаа зөвлөгөөний төлөөлөгч, багш нарынхаа өмнөөс баяр хүргэе.

Багшийн талаар олон талтай арга хэмжээ хэрэгжүүлж, ахиц өөрчлөлт гарч байгаа ч өнөөдөр Мэргэжлийн боловсрол, сургалтын багшид шинэ, өндөр шаардлага тавигдаж байгааг хэлэх хэрэгтэй.

Мэргэжлийн боловсрол, сургалтын өнөөгийн багшийн ажил хэргийн дүр төрхийг:

  • Танхимын сургалт төдийгүй, үйлдвэрлэлийн дадлагын сургалтыг зохион байгуулагч;
  • Сургалтын байгууллага дахь үйлдвэр, үйлчилгээний инженер, техникч, технологийн ажилтан;
  • Эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнаас дутуугүй энэ чиглэлийн үүргийг гүйцэтгэгч;
  • Аж ахуйн нэгж байгууллагын хөдөлмөрийн дотоод дүрэм журмыг судалж, суралцагчиддаа таниулдаг “компанийн төлөөлөгч”;
  • Хөдөлмөрийн ажилтны жишгээр хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ур чадварын хэрэгцээ, мэргэжлийн өөрчлөлт, хандлагыг судалдаг судлаач;
  • Аж ахуйн нэгж, ажил олгогч, инженер техникийн ажилтантай хамтран ажиллаж, суралцагчийнхаа ур чадварыг тэдэнд хүргэж мэдээлдэг, төгсөгчөө ажлын байртай холбохын төлөө зүтгэдэг маркетингийн ажилтан гэж тодотгож хэлэхийг хүсч байна.

Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын ерөнхий эрдмийн багш нарын мэргэшлийг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд адил тэгш хандаж, энэ талаар Боловсролын яамтай хамтран шаардлагатай шийдлүүдийг гаргаж ажиллах хэрэгтэй байна.

Харин манай ерөнхий эрдмийн багш нар нь МСҮТ, Политехник коллеж дэх мэргэжлийн багш нарын сургах зүйн чадварыг дээшлүүлэх мэргэшсэн баг гэдгийг онцлон тэмдэглэе.

Мэргэжлийн боловсрол, сургалтын агуулга, хөтөлбөр хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлт, үйлдвэрлэлийн шинэчлэлийг дагаж хурдацтай хувьсан өөрчлөгдөжбайдаг нь манай салбарын үйл ажиллагаа, багшийн ажилд мөн тийм шаардлагыг буй болгодог.

Дэлхий нийтийг хамарсан “Аж үйлдвэрийн IY хувьсгал”-ын нөлөө  өргөжин тэлж, бид дижитал эринд татагдан орж байна.

Үйлдвэрлэл, үйлчилгээний хурдацтай шинэчлэл, 2025 он гэхэд мэргэжлийн боловсролын агуулгад 70 гаруй хувийг эзлэх инженерингийн боловсрол, амьдралд хурдацтай нэвтэрч байгаа өндөр технологи, шинэ материалууд, нано, биотехнологи, анагаах ухааны цахим эмчилгээ зэрэг нь эдгээрт ажиллагчдыг бэлтгэдэг багш нараас шинэ, нэмэлт ур чадваруудыг шаардах боллоо. Ухаалаг гар утас, таблет, интернэт шавь нарын маань өдөр тутмын хэрэглээ болж, тэд өөрийн улс орон төдийгүй дэлхийн хэмжээний мэдээлэл авах, харилцах боломжтой болсон. Тиймээс аж үйлдвэрийн IY хувьсгал, эдийн засгийн хөгжилтэй уялдсан дижитал эрин манай багш нараас өргөтгөсөн ур чадвар тухайлбал, гадаад хэлний тэр дундаа техникийн хэлний мэдлэг, цахим орчинд ажиллах, мэдээлэл ашиглах, мэргэжлийн хүрээний шинэчлэл өөрчлөлтийг олон улсын цараатай харах, суралцах, шинэ ур чадваруудыг нэхэх боллоо.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын мэргэжлийн багш нь аж ахуйн нэгж дэх инженер техникийн ажилтантай дүйхүйц, түүнээс илүү түвшний мэдлэгтэй, мэргэшлийн болон дижитал ур чадвартай, бизнес сэтгэлгээтэй, сургах арга зүйн идэвхитэй, бүтээлч аргуудыг эзэмшсэн, өндөр ёс зүйтэй байх хэрэгтэй болж байна.

Мэргэжлийн боловсрол, сургалтын багшийг бэлтгэх, тасралтгүй сургах, мэргэшүүлэх тогтолцоо өнөө хэр бүрдээгүй. Их дээд сургуулийн төгсөгч, эсвэл тэтгэвэрт гарсан, үйлдвэрээс гадна буй инженер, техникийн ажилтан, өөрийн сургуулийн сайн төгсөгчдийг багш болгодог жишиг нь өнөөгийн Мэргэжлийн боловсрол, сургалтын багшийн өмнө тавигдаж буй шинэчлэлийн шаардлагыг хангахгүй байна.

Багшаа хөгжүүлэх бодлого, үйл ажиллагааг алсын хараатай, өргөн хүрээнд тавьж шийдвэрлэх, багш нар ч өөрийгөө хөгжүүлэхэд идэвхитэй ажиллаж, эрс өөрчлөлт хийх цаг болсон байна. Энэ талаар цаашид хэрэгжүүлэх бодлого, зорилтын хэсэгт тодорхой дурдана. Цаашдаа бид “Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын Улсын зөвлөгөөн”-ийг 3 жил тутамд зохион байгуулж, ажил үйлсээ дүгнэн цэгнэж, шинэ зорилтуудаа тодорхойлж байх болно.

Гурав. МБС-ын хөгжлийн шинэ хандлага-шийдэл, цаашдын зорилт  

           Энэхүү зөвлөгөөнийг угтаж сургалтын нийт байгууллага, багш нараас 1500 гаруй саналыг авч, нэгтгэсэн. Зөвлөгөөний төлөөлөгч-багш Та бүхэн өчигдөр салбар хуралдаанаа хийж, хэлэлцэж буй сэдвүүдээр өргөн хүрээнд ярилцаж зөвлөлдсөн.

Бүх саналыг нэгтгэн судалж, Мэргэжлийн боловсрол, сургалтын Улсын анхдугаар Зөвлөгөөнөөс гарах шийдвэрийн төсөлд тусгалаа.

Мэргэжлийн боловсрол, сургалтын хөгжлийн шинэ хандлагад суурилан цаашид бид юу хийх талаарх бодлогын чиглэлийг Та бүхэнд танилцуулъя.

 

  1. МБС-ын удирдлагын тогтолцоог олон улсын жишгийн дагуу салбар дундын зохицуулалт, хөгжлийн шаардлагад нийцүүлж боловсронгуй болгоно.

Энэ хүрээнд МБСҮЗ, Салбарын болон Мэргэжлийн зөвлөлүүдийнэрх хэмжээ, чиг үүргийг, түншлэлийн бодлого, ур чадварыг хөгжүүлэх хэрэгцээнд нийцүүлэн шинэчлэх, мэргэжлийн боловсролын асуудлыг эрхлэх төрийн захиргааны байгууллагыг байгуулж ажиллуулахыг дэмжих,

“Мэргэжлийн болон техникийн боловсролыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр. 2019-2025”-ийг боловсруулж хэрэгжүүлэх,

МБС-ын багшийн хөгжил, судалгаа, агуулга арга зүй, үнэлгээ мэдээллийн үндсэн үйлчилгээг хариуцах нэгдмэл бүтцийг буй болгох, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг эдийн засгийн бүсчлэл, үндэсний үйлдвэржүүлэлтийн хандлагыг харгалзан төрөлжүүлэх, жишиг сургалтын байгууллагуудыг тогтоох, сургалтын байгууллагын бие даасан байдлыг дэмжих нь бидний шийдвэрлэх асуудлын гол чиглэлүүд байх болно.

МБС-ын санхүүжилтийн тогтолцоог олон эх үүсвэр бүхий болгох, МБС-ын дэмжих санг бие даалгах, аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн дэмжлэгийг хэрэгжүүлэх, МБС-ын байгууллага өөрийн орлогоо захиран зарцуулах боломжийг өргөжүүлэх зохицуулалтыг тодорхойлж хуулийн шинэчилсэн найруулгад тусгана.

2. Хөдөлмөрийн зах зээл дээрх ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийн зохистой байдлыг хангах, хөдөлмөрийн байгууллагуудаас мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд үзүүлэх дэмжлэгийг өргөжүүлэх тодорхой алхмууд хийж хэрэгжүүлнэ.   

Мэргэжлийн боловсрол, сургалтын болон хөдөлмөрийн зах зээл, ажиллах хүчний мэдээллийн цахим санг буй болгож, үндэсний мэдээллийн нэгдсэн санд холбоно.

Үндэсний мэргэшлийн хүрээг олон талын зөвшилцлийн үндсэн дээр бүрдүүлж мөрдөхийн зэрэгцээ “Ажил мэргэжлийн стандарт”-ыг боловсруулах, хянах, баталгаажуулах үйл ажиллагааг нэгдсэн журмаар зохицуулж, өргөжүүлэх болно.

МСҮТ, Политехник коллеж төгсөгчдийг суралцах явцад нь бизнес эрхлэх төсөл хамгаалуулж, төгсөхдөө гарааны бизнесийн болон жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээл, тоног төхөөрөмжийн лизингэд хамруулах, аймаг, нийслэлийн хөдөлмөрийн байгууллагуудаас МБСБ-ыг төгсөгч, иргэдийг ажил олгогч эзэд, хөдөлмөрийн зах зээлтэй шууд холбож ажлын байранд зуучлах, хараат бус ажлын байр бий болгохыг дэмжих үйл ажиллагааны үр өгөөжийг ахиулах зэрэг асуудлыг Зөвлөгөөний шийдвэрт тусгах юм.

Гурав. Мэргэжлийн боловсрол, сургалтын багшийн ур чадварыг хөгжүүлэх, дэмжих нь манай Зөвлөгөөний гол сэдвийн нэг байлаа. Энэ талаар цаашдаа бид юу хийх вэ.

Юуны өмнө МБС-ын багш бэлтгэх, тасралтгүй сургах, мэргэшүүлэх тогтолцоог бүрдүүлэх, “МБС-ын багшийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг шинэчилж хэрэгжүүлэх, “МБС-ын багш” мэргэжлийн стандартыг боловсруулан баталж мөрдүүлэх нь чухал байна.

“Багшийн хөгжлийн төв”-ийг байгуулж багшийн мэргэшлийн ур чадварыг тогтмол үнэлж, үнэлгээгээр тогтоогдсон дутагдаж буй ур чадварын хэрэгцээнд үндэслэн, давтан сургах мэргэшүүлэх үйл ажиллагааг тасралтгүй явуулах, багшид хос мэргэжил эзэмших, хөрвөж ажиллах боломжийг бүрдүүлэх, мэргэшлийн ур чадварын тэмцээнийг 2 жил тутам зохион байгуулах, мэргэжлийн багшийг үйлдвэрлэл дээр дадлагажих нөхцөлөөр хангах, багшийн амжилтыг үнэлж урамшуулах, алдаршуулахад чиглэсэн бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх болно.

Мэргэжилтэй ажилтан инженер, техникийн ажилтан болон сургалтын байгууллагын суралцагч, төгсөгч, мэргэжлийн багш, үйлдвэрлэлийн дадлагажуулагч багшийг гадаадын улс орну