Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг дэмжлээ

 

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэв.

БНПУ-ын Засгийн газраас 50 сая еврогийн экспортын зээлийг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-ын “нөхцөлт тусламж” буюу “экспортын зээл”-ийн журмын дагуу манай улсад олгохоор шийдвэрлэсэн болохыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар таницуулав. Зээлийн хүү жилийн 0.15 хувь бөгөөд хугацаа 28 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа таван жил, хөнгөлөлтийн түвшин 51.8 хувь юм байна.

БНПУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй 50.0 сая еврогийн нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд 6 төслийг хэрэгжүүлэхээр тогтсон ч одоогоор хоёр төсөл хэрэгжиж эхлээд буй аж.

Харин бусад төслүүдийг хэрэгжүүлж, санхүүжилтийг авах, зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх боломжтой төслүүдийн салбарт эрүүл мэндийн салбарыг нэмэхийн тулд Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүчинтэй хугацааг 1 жилээр буюу 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүртэл сунгах шаардлагатай болсон байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь хуулийн төслийг соёрхон батлахыг зүйтэй хэмээн үзэж, Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Үргэлжлүүлээд Монгол Улсын Засгийн газар, Холбооны бүгд найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон гэрээг соёрхон батлах тухай” хуулийн төслийг соёрхон батлах асуудлыг хэлэлцсэн.

“Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургууль” төслийн тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2016 оны хэлэлцээгээр 7.0 сая еврогийн хөнгөлөлттэй зээл олгох боломжтой тухай мэдэгдсэн байна.

ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банк бие даасан шинжээч томилон, төслийн хэрэгцээ шаардлагыг Монголын талын хамтрагч байгууллага (Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургууль (МГАМТИС) болон БСШУСЯ)-уудтай хамтран үнэлж, төслийн хүрээнд баригдах барилга байгууламжийн зураг төслийг Сэргээн босголтын зээлийн банкны санхүүжилтээр хийхээр тохирсон аж. Энэ дагуу 2016 оны 12 дугаар сараас эхлэн Сэргээн босголтын зээлийн банкнаас үнэлгээний баг 3 удаа МГАМТИС дээр ирж ажилласан бөгөөд анхан шатны тооцооллыг хийгээд байгаа юм байна.

Төсөл хэрэгжсэнээр уул уурхай, боловсруулах үйлдвэрийн салбаруудын хөгжилд нэн шаардлагатай хүний нөөцийг дотооддоо бэлтгэх боломжийг нэмэгдүүлэх аж.

Дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон юм.

Түүнчлэн Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

“Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь төсөл”-ийн зорилго нь монгол орны тусгай хамгаалалттай газар нутаг (ТХГН)-ийн менежментийг (орчны бүс болон экологийн коридор) бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүс дэх орон нутгийн ард иргэдийн тоггвортой амьжиргааг дэмжихэд оршиж байгаа хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулгынхаа эхэнд дурдсан.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны 22 дугаар тэмдэглэл, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодын 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны санал, дүгнэлт болон Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 74 дүгээр захирамжийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III” төслийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан аж.

Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III” төслийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн 3 дугаар зүйлд “…гэрээнүүдийг байгуулах, хэрэгжүүлэхтэй холбогдон ногдуулж болох Монгол Улсын шууд татвар, хураамжаас Сэргээн босголтын зээлийн банкийг чөлөөлнө. Дээр дурдсантай холбогдуулан ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татвар болон бусад адил төрлийн шууд бус татвар, ногдуулсан онцгой албан татварыг Монгол Улсын Засгийн газар хариуцна…” гэж заасан нь онцгой албан татвараас чөлөөлөх үндэслэл болохгүй аж.

Мөн Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1 дэх хэсэгт гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас олгох тусламжийн хүрээнд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх зохицуулалт бүхий олон улсын гэрээг соёрхон батлуулах шаардлагагүй гэж заасан боловч онцгой албан татвараас чөлөөлөх тухай заалт бүхий гэрээний талаар заагаагүй байна.

Иймд тус төслийг хэрэгжүүлэх хүрээнд ногдуулж болох онцгой албан татвараас чөлөөлөхийн тулд Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дагалдуулан боловсруулах шаардлага гарчээ.

Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь хэсэгт заасны дагуу хууль шинээр батлах шаардлагатай олон улсын гэрээ тул тус Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг Улсын Их Хурлаар заавал соёрхон батлуулах шаардлагатай аж.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг батлах нь зүйтэй гэж үзлээ.

Эцэст нь Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээр ахлуулан байгуулснаар энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө.