МУГЖ Т.Ариунаа нөхөртэйгээ танилцсан түүхээ хуваалцав

“Эрос” хэмээх тодотголтой дуучин Т.Ариунаа, Сэлэнгэ аймгаас гаралтай бизнесмэн “Ноёд” группын захирал Буяндоржтой учирч, дуулиантайхан нэг гэртээ орсон гэдэг. Тэгвэл дуучин бүсгүй нөхөртэйгээ хэрхэн танилцсан тухайгаа өөрийн цахим хуудснаа хуваалцжээ. Тэрбээр “Би 1996 онд чөлөөт уран бүтээлч болж бие даасан уран бүтээлээ туурвиж эхлэсэн юм. Бие даасан уран бүтээл хийхийг Ардын жүжигчин Д.Сосорбарам ах маань зөвлөж билээ. Тэр үедээ би асар их эрч хүчтэйгээр Монголын рок поп урлагт шинэ өнгө төрх нэвтрүүлэхийг эрмэлзэж байсан юм. Үүний илэрхийлэл бол “Эрос” гэх тодотгол юм. Эрос гэдэг нь грек хэлнээс гаралтай хайрын охин тэнгэр гэсэн утгатай үг. “Утасны дугаар”, “Талын цэцэг” зэрэг дуугаа багтаасан “Эрос№1” цомгоо 1996 онд хэвлүүлж байлаа. Энэхүү цомгийг аав минь ивээн тэтгэж хэвлүүлсэн нь Монголын эстрадын урлагт оруулсан үнэтэй хувь нэмэр болсон бөгөөд үүгээрээ аав минь охиныхоо төдийгүй эх орныхоо өмнө гавъяатай хүн. Би аавыхаа шударга зан, шулуухан яриа, дүрэлзсэн эрч хүчтэй зангийн дуурайсан гэж боддог. Харин даруухан, энгийн зан маань ээжээс минь улбаатай. Аав ээж хоёр минь надад бүхнийг цогцлоосон. 1997 оныг залуучуудын жил болгон зарлаж уг шоу тоглолтыг Сэлэнгэ аймагт зохион байгуулахаар болж нутгийн залуу Г.Буяндорж ивээн тэтгэсэн юм. Ингэж анх ханьтайгаа урлагаар холбогдон танилцаж билээ” хэмээжээ. 

Дашрамд дуулгахад МУГЖ, дуучин Т.Ариунаа ирэх арваннэгдүгээр сарын 8-нд “Тэнгэр шиг бай” шоу тоглолтоо “Буянт-Ухаа”спортын ордонд хийхээр болжээ.