TWITTER УЛС ТӨРИЙН АГУУЛГАТАЙ СУРТАЛЧИЛГААГ ХОРИГЛОНО

Цахим сүлжээн дэх “твиттер” микроблог цаашид өөрийн сүлжээн дээр улс төрийн агуулгатай реклам сурталчилгаа байрлуулахыг хориглох тухай мэдэгджээ. Энэ талаар “твиттер” хуудсыг эзэмшигч компани мэдэгдэн, олон нийтийн цахим талбар дээр тавигдаж байгаа аливаа зар сурталчилгаа нь худалдагдсан биш харин хүлээн зөвшөөрөгдсөн байх учиртайг тодруулсан байна. 

Компанийн тэргүүн Жек Дорси өөрийн твиттер хуудсан дээрээ энэ талаар мэдээлж, “интернэт орчин дахь реклам сурталчилгаа нь арилжааны зар сурталчилгаа эрхлэгчдэд үйлчилгээ, бүтээгдэхүүнээ сурталчлахад ихээхэн дөхөмтэй байдаг ч харин эсрэгээр улс төрийн ашиг сонирхол хөөвөл төдийлөн эерэг хандлага хандалт авдаггүйг тэмдэглэжээ.

Тэгвэл твиттерын гол өрсөлдөгч болох олон нийтийн Facebook хуудас саяхнаас мөн улс төрийн агуулгатай сурталчилгаа явуулахыг хориглохоор болсон.

  • “Твиттер”-т улс төрийн агуулгатай реклам сурталчилгаа тавихыг хориглох журам ирэх 11-р сарын 22-ноос эхлэн мөрдөгдөж эхлэхээр болжээ. Энэ талаар компани 11-р сарын 15-нд албан ёсны мэдэгдэл хийхээр төлөвлөж байна.

Ингэхдээ “твиттер”-ын тэргүүн Жек Дорси ийм шийдвэр гаргах болсон шалтгаанаа дараах байдлаар тайлбарлажээ. “Бид “твиттер”-т бүх улс төрийн агуулгатай, зорилготой реклам сурталчилгааг зогсоох шийдвэр гаргалаа. Энэ хориг твиттер сүлжээ ашигладаг дэлхийн аль ч улс оронд адил тэгш үйлчлэх болно. Бид улс төрийн мэдээ мэдээлэл, сурталчилгаа худалдагдсан биш харин хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой гэдэгт бат итгэлтэй байна” гэжээ.

Твиттер, Facebook-т тавигдаж байгаа улс төрийн агуулгатай мэдээ мэдээлэл, сурталчилгаа нь ихэнхдээ батлагдаагүй, мэдээллээр төөрөгдүүлэх гэсэн, олны байр суурийг талцуулан хуваасан, худал ташаа мэдээллийн чанартай, аль нэг талын эрх ашгийг хөндсөн гэх мэт агуулгатай байдаг учраас ийнхүү хориг тавихаар шийдвэрлэсэн байна. Ингэхдээ улс төрийн аливаа үйл явцын талаар иргэдэд үнэн зөв мэдээлэл, тухайлбал сонгуулийн үйл явцад хэрхэн оролцох зааварчилгаа, санал өгөх, бүртгүүлэх зэргийн талаар мэдээлэл өгөх тохиолдолд хориг хүчингүй байх юм. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж байсан хатагтай Хиллари Клинтон “твиттер” хуудас Facebook-ийн нэгэн адил улс төрийн реклам сурталчилгаанд хязгаарлалт хийх шийдвэр гаргасныг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.