Өнгөрсөн долоо хоногийн тойм

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны аравдугаар  сарын 28-наас арваннэгдүгээр сарын 1-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXVIII хуралдаанаар “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт”, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг батлах тухай асуудлыг хэлэлцлээ. НИТХ дахь МАН-ын бүлгийн зүгээс “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт”-ийг хангалттай хэмээн дүгнэж буйгаа илэрхийлэв. Мөн “Аз жаргалтай хот” мөрийн хөдөлбөрийн хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах чиглэлээр ажиллаж үр дүнд хүрсэн гэдгийг МАН-ын бүлгийн дэд дарга Ц.Байгалмаа танилцууллаа. Хуралдаанаар “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт”-ийг үр дүнтэй хэмээн дүгнэж, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг батлах тогтоолын төслийг санал хураалтад оролцсон нийт төлөөлөгчдийн 63.6 хувийн саналтайгаар баталлаа.

Сайжруулсан шахмал түлшийг 5679:2019 стандартын шаардлага хангасан гэдэг хариуг ОХУ-ын лабораториос ирүүлжээ

Нийслэлийн Онцгой комиссоос үүрэг болгосны дагуу НОБГ, НМХГ, НЭМГ, НАБТГ-аас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар хийсэн юм. ОХУ-ын Москва хотын Элчин Сайдын Яамаар дамжуулан Санкт-Петербург хотод байрлах “Бюро Веритась Русь” ХК-ийн “Регион Север Запад” лабораторид “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшийг шинжлүүлсэн хариу ирсэн гэдгийг албаныхан  дуулгалаа. “ОХУ-ын лабораторийн шинжилгээний дүнгээр “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэсэн шахмал түлшний техникийн шинжилгээний үзүүлэлт нь сайжруулсан хатуу түлш 5679:2019 стандартын шаардлагыг хангасан гэсэн хариу гарсан. Мөн шинжилгээгээр чөлөөт хөөлтийн зэрэг 1 гэсэн үзүүлэлттэй гарсан нь коксжих зэрэг багатай эрчим хүчний нүүрс тул ахуйд хэрэглэж болно гэсэн дүгнэлт гарсныг бидэнд албан ёсоор ирүүллээ” хэмээн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн онцоллоо.

“Хот байгуулалтын түүхэн үйл явц: Өнгөрсөн, одоо, ирээдүй” эрдэм шинжилгээний хурал боллоо

Нийслэлийн түүхт 380 жилийн ойн хүрээнд нийслэлийн ЗДТГ, Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, нийслэлийн Архивын газар хамтран  “Хот байгуулалтын түүхэн үйл явц:  Өнгөрсөн, одоо, ирээдүй” эрдэм шинжилгээний хурал, архивын баримтын үзэсгэлэнг зохион байгууллаа. Нийслэл хотын бүтээн байгуулалт, хотжилтын түүхэн үйл явц, өнөөгийн тулгамдаж байгаа асуудлуудын талаар хэлэлцэж, эрдэмтэн судлаачдын судалгааны сүүлийн үеийн үр дүнг танилцуулах, санал солилцох, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, түүхэн эх сурвалж, архивын баримтыг судалгааны эргэлтэд оруулах зорилгоор энхэүү эрдэм шинжилгээний хурал, архивын үзэсгэлэнг анх удаа зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хурал, архивын баримтын үзэсгэлэнгийн нээлтэд НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон нийслэлийн үе үеийн хотын удирдлагууд, доктор, профессор, эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүдийн 582 төлөөлөл оролцлоо. Хурлын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Хот байгуулалтын түүхэн үйл явц, өнөөгийн бүтээн байгуулалт хөгжлийн цаашдын чиг хандлага” сэдвээр илтгэл тавилаа. Эрдэм шинжилгээний хуралд  “Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, түүх соёл” болон “Нийслэл хотын өнөөгийн тулгамдсан асуудал гарц, шийдэл” гэсэн хоёр салбар хуралдаанд доктор, профессор, эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүд оролцож илтгэл тавьж санал дүгнэлт дэвшүүлсэн юм.

Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүллээ

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ой энэ өдрүүдэд боллоо. Ойг тохиолдуулан нийслэлийн үе үеийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, Монголын нууц товчоог залж, нийслэлийн сүлдэт хуур цэнгүүллээ. Одоогоос 380 жилийн тэртээ 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьжээ. Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойд хэсэгт 1994 онд дурсгалын “Мэлхийт” хөшөөг босгож, Нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон юм.

Нийслэлийн 380 жилийн ойн Хүндэтгэлийн концертод 800 гаруй уран бүтээлч оролцлоо

380 жилийнхээ шаштир түүхийг бичиглэж яваа нийслэлчүүд энэ өдрүүдэд ойн баяраа хүндэтгэл бахархал, бүтээлч ажил, өрнүүн амжилтаар дүүрэн тэмдэглэлээ.Нийслэлийн 380 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн концерт  Соёлын төв өргөөнд болж, Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Морин хуурын чуулга, нийслэлийн “Улаанбаатар” чуулга, Улсын филармони, “Баянмонгол” чуулга, Монгол Улсын консерватори зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагын найман оркестр, найрал дуучид, бүжигчид, Монголын үе үеийн урлагийн алдартнууд тэргүүтэй 800 гаруй уран бүтээлч оролцож, нийслэлчүүддээ уран бүтээлийн дээжээ өргөн барьсан юм. Хүндэтгэлийн концертыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон төр, засгийн түшээд, Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн үе үеийн удирдлагууд, нийслэлийн хүндэт иргэд, гадаадын зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж, таалан соёрхлоо. 380 жилийн намтар баян түүхтэй нийслэл Улаанбаатар хотын ойд зориулсан энэхүү хүндэтгэлийн концертын ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Сэвжидийн Сүхбаатар ажиллажээ.

Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал “Гаруда-2019” шилдгүүдээ тодрууллаа

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн босгон дээр нийслэл хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, бүтээн байгуулалт хийсэн байгууллагуудыг тодруулдаг “Гаруда 2019” ёслол хүндэтгэлийн ажиллагаа болж, шилдгүүдээ шалгарууллаа. Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж, бүтээн байгуулалтыг тодруулах энэхүү шагнал нь барилга байгууламж, дэвшилтэт техник технологи, үйлчилгээ нэвтрүүлсэн байгууллага, брэндинг, гарааны бизнес гэсэн дөрвөн төрлөөр шилдгүүдээ тодруулсан юм.  Шилдэг барилга, байгууламж төрөлд NCD группын “Гарден сити” хотхон шалгарч “GARUDA-2019” дээд шагналын эзэн болсон юм. Харин тусгай шагналыг Барилга, байгууламж төрөлд “Алтай холдинг” ХХК, Гарааны бизнес төрөлд “Ворлд Плас дижитал” ХХК, Брэндинг төрөлд “Минпро” ХХК, Дэвшилтэт техник, технологи, үйлчилгээ нэвтрүүлсэн байгууллага төрөлд “Грийн индастри” ХХК нар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа

Азийн эрдэмтэд агаарын бохирдлын асуудлаар Улаанбаатарт чууллаа

Азийн хот, суурин газрын агаарын бохирдлын эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бууруулах шинжлэх ухаан, бодлогын хэлэлцүүлэг Туушин зочид буудлын Соёмбо хурлын танхимд боллоо. Эрүүл мэндийн яам, нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сангийн  Швейцарын хөгжлийн агентлаг хамтран зохион байгуулж буй уг хуралд Азийн орнуудын эрдэмтэн судлаачид, агаарын бохирдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын судалгааны хүрээлэн, иргэний нийгэм, хувийн хэвшлийн 150 гаруй төлөөлөл оролцов. Хоёр өдөр үргэлжилсэн хэлэлцүүлгээр  агаарын бохирдлын эх хүүхдийн эрүүл мэндэд учруулж байгаа сөрөг нөлөө, нийгэм, эдийн засгийн үр дагавар, бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөрүүдийг хэлэлцэж, үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ.

С.Амарсайхан: Нийтийн эрх ашгийн төлөөх бодлого, зорилтоо бид иргэдийн дэмжлэг, хувийн хэвшлийнхний оролцоотойгоор хэрэгжүүлнэ

Нийслэлийн 380 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн концерт Соёлын төв өргөөнд болж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон төр, засгийн түшээд, Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн үе үеийн удирдлагууд, нийслэлийн хүндэт иргэд, гадаадын зочид төлөөлөгчид үзэж сонирхлоо. Хүндэтгэлийн концертыг нээж хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Түүхт ойгоо нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, иргэд оршин суугчид та бид хөдөлмөр бүтээлийн өндөр амжилтаар угтлаа. 2019 оныг бид “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” хэмээн зарлаж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төрийн албан хаагчдын сахилга хариуцлага, ажлын бүтээмжийг дээшлүүлэх, шинэ технологи инновацид суурилсан бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэлд олон ажил төлөвлөн хэрэгжүүлж байна. Олон улсын хот байгуулалтын түүхэн замналд тохиолдож байсан асуудлуудыг бид өөрийн орны байгаль цаг уурын онцлог, хүн ардын аж амьдралын өвөрмөц хэв шинжид нийцүүлэн шийдвэрлэхийг зорьж байна. Нийтийн эрх ашгийн төлөөх  бодлого, зорилтоо бид нийслэлчүүдийнхээ дэмжлэг, хувийн хэвшлийнхний оролцоотойгоор амжилттай хэрэгжүүлнэ. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхдээ нийслэл хот холбогдох газрууд болоод иргэд олон нийттэйгээ хамтран ажиллаж чадсаны үр дүнд үндэсний гамшиг болоод байсан утааг тодорхой хуваарь бууруулж чадлаа” хэмээн онцоллоо.

Төрийн далбаа Нийслэлийн туг мандуулах ёслолын ажиллагаа боллоо

Нийслэлийн 380  жилийн ойн өдрийг тохиолдуулан Төрийн далбаа Нийслэлийн тугийг мандуулах ёслолын ажиллагаа Сүхбаатарын талбайд боллоо. Ёслолын ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон НИТХ-ын тэргүүлэгчид, төлөөлөгчид болон нийслэл хотын үе үеийн удирдлагууд байлцав. Төрийн болон Нийслэлийн далбааг мандуулах ёслолын ажиллагаанд Төрийн хүндэт харуул, Зэвсэгт хүчний үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, найрал дуучид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцов.

Төв талбайгаасаа “Сансрын бөмбөлөг” хөөргөсөн анхны улс боллоо

Hийслэл Улаанбаатар хотын түүхт 380 жилийн ойг тохиолдуулан Монголын Сансрын судалгаа хөгжүүлэлтийн төв /МАРСА/-ийн санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ивээл дор “Улаанбаатар 380-Сансар өөд” арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгуулж, нийслэлийнхээ төв талбайгаас сансрын бөмбөлгийг 38 мянган метрт хөөргөв. Ингэснээр Монгол Улс нь задгай сансарт бөмбөлөг хөөргөсөн дэлхийн анхны улс боллоо. Хоорондоо 30 минутын зайтай хөөрсөн гурван цуврал сансрын бөмбөлгийг хөөргөх үйл ажиллагаанд НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, БНМАУ, ЗХУ-ын баатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Монголын Сансрын судалгаа хөгжүүлэлтийн төвийн захирал Г.Амгаланбаяр, ШУА-ын Одон орон геофизикийн хүрээлэнгийн захирал, академич доктор С.Дэмбэрэл болон бусад албаны хүмүүс, иргэд, олон нийт, оюутан залуус оролцов.

Хүндэтгэлийн чуулганаар Ц.Баасанжавт “Ёслол хүндэтгэлийн гэрэгэ” гардууллаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийслэлийн 380 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн чуулган боллоо. Хүндэтгэлийн чуулганы эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн илгээлтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн уншиж танилцуулсан юм. Хүндэтгэлийн чуулганд Улаанбаатар хотын захирагчаар, НИТХ-ын даргаар ажиллаж байсан үе үеийн хотын удирдлагууд уригдан оролцсон юм. Мөн нийслэлийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн хамтран ажиллаж ирсэн олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Чуулганы үеэр нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан Л.Лантуу, С.Амархүү, Ж.Ядамсүрэн, Ц.Баасанжав, Т.Билэгт, Ц.Батбаяр, Н.Болормаа болон олон улсын байгууллагын хүндэт зочдыг Нийслэлийн 380 жилийн ойн медалиар шагнасан юм. Хүндэтгэлийн чуулганы үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар 1992-1996 онд ажиллаж байсан Ц.Баасанжавт “Ёслол хүндэтгэлийн гэрэгэ”-г НИТХ-ын дарга Р.Дагва гардуулж баяр хүргэлээ. Мөн нийслэлийн түүхт 380 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан боллоо.

Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг зарим удаашралтай байгаа ажлуудыг шалгав

Нийслэлийн Зам, тээврийн  асуудал хариуцсан төслүүдийн удирдагч С.Отгонсүхээр ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг зарим удаашралтай байгаа бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа. Ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Гадна тойруугийн хойд хэсгийн замын 3-р хэсэг буюу Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1,4 км авто зам, 57 метрийн урттай гүүрийн ажлын явцыг шалгаж, хөдөлгөөнийг нээхэд тулгарч байгаа асуудлыг газар дээр нь очиж шийдвэрлэлээ. Мөн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Нийслэл хүрээ өргөн чөлөө, Хүннүгийн гудамжийг холбох холбоос замуудыг бий болгох, Баянмонгол хорооллын арын нүхэн гарцнаас зүүн зүгт метр гаруй блокын системээр нэг чигийн урсгалтай авто зам тавих асуудлаар газар дээр нь очиж ажиллав.

Нийтийн тээврийн үйлчилгээний явуулын оношилгоо болон хяналт шалгалтын ажил эхэллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас Нийслэлийн удирдах ажилтнуудын аравдугаар сарын  25-ны өдрийн шуурхай зөвлөгөөн дээр өгсөн үүрэг даалгаврын хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар хамтран “Утаа, хөө тортог ялгаруулж, агаар, орчныг бохирдуулж байгаа автомашин, тээврийн хэрэгслийг шугам замд шалгах хэсэгчилсэн арга хэмжээний удирдамж”-ийг баталж, хяналт шалгалтын ажлыг эхлүүлээд байна. Дээрх ажлын хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч, техникийн хяналтын үзлэгийн төвийн инженерүүд болон Замын цагдаагийн газрын алба хаагчид Нийслэлийн төвийн дөрвөн дүүргийн нутаг дэвсгэрт Офицеруудын ордон, таван шар, 32-ын тойрог, БММЗ дээр болон хяналт шалгалт хийх боломжтой зам, талбайд Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Техникийн хяналтын үзлэгийн төвийн явуулын оношилгооны тоног төхөөрөмжөөр тээврийн хэрэгслийн өнгө үзэж, техникийн бүрэн бүтэн байдал, утааг шалгаж, зөрчилтэй тээврийн хэрэгслийн зөрчлийг арилгах арга хэмжээ авч ажиллаж байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс