Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

 

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан энэ сарын 07-ны өдөр болж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агаарын тухай хуулийн зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тариалангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ойн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын даргын 2019 оны 217 дугаар захирамжаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай сангийн 2020 төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэж, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан болохыг Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн танилцуулав. Энэ ажлын хэсэг Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг сайжруулах зорилгоор ажлын дэд хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулан байгуулсан байна.

Хуулийн төслүүдтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн “Засгийн газрын тусгай сан, түүний төрөл” гэсэн 5 дугаар зүйлийн 5.3-т “5.3.5. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”, “5.3.19.Хөдөө аж ахуйг дэмжих сан” гэж нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Түүнчлэн төслийн “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих сан” гэсэн 15 дугаар зүйлийг “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” гэсэн 16 дугаар зүйл болгон өөрчилж, “16 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, 16.1. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих зориулалттай байна” хэмээн өөрчлөн найруулахыг гишүүдийн 80 хувь дэмжив.

Түүнчлэн “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих сан” хэмээх төслийн 16 дугаар зүйлийн заалтуудыг өөрчлөхийг, төсөлд “Хөдөө аж ахуйг дэмжих сан” гэсэн 21 дүгээр зүйл нэмэхийг тус тус дэмжлээ. Мөн тусгай санг шинээр байгуулах, татан буулгахтай холбоотой зохицуулалтын талаарх ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналыг томъёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв. Үргэлжлүүлэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх найруулгын саналууд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх найруулгын болон зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудар санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Ингээд энэ талаар Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.