Зэвсэгт хүчнийхэн нефтийн үйлдвэрийн тусгай зориулалтын замаа хүлээлгэн өглөө

Сайншанд-Замын-Үүд чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай авто замын Сайншанд сум руу салсан дөрвөн замын уулзвараас нефть боловсруулах үйлдвэр хүртэлх хүнд даацын, тусгай зориулалтын  17,5  км автозамыг  Зэвсэгт хүчний 7780-р ангийн бие бүрэлдэхүүн гүйцэтгэж дууслаа.

ЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын энэ сарын 15-ны 359 дүгээр тушаалаар байгуулагдсан улсын комисс орон нутагт ажиллаж хүлээн авч байнгын ашиглалтанд орууллаа.

Зэвсэгт хүчний 7780-р ангийн 189 цэргийн алба хаагч Алтанширээ суманд ажилласан бөгөөд хугацаат цэргийн алба хаагчдыг өвлийн сургалтад сурган, бүтээн байгуулалтын ажилд оролцуулсан байна. Хамгийн гол нь цементээр бэхжүүлсэн 2 үе суурьтай, 100 тоннын даацтай тусгай зориулалтын замыг орон нутагт тэр дундаа говийн бүсэд тавих анхны технологийг нэвтрүүлж, нутагшуулсан. Энэхүү замаар үйлдвэрийн тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнийг зөөхөд ямар ч заадгүй, эвдрэл гэмтэлгүй ашиглагдах боломжтой юм.

Мөн орон нутгийн чанартай автозам барих төсвөөр хүнд даацын, тусгай зориулалтын замыг барьж болдог, 36 хувь илүү газар шорооны ажил хийсэн ч ямар нэг алдагдалгүй дотоод нөөц боломжоо ашиглан ажлаа чанартай гүйцэтгэж дууссан байна.

Монголын зэвсэгт хүчин бие даан бүтээн байгуулалтанд оролцохын зэрэгцээ НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд явах  240 хүний бүрэлдэхүүнтэй ротын инженер техникийн ажилтнуудыг энэхүү тусгай зориуулалтын хүнд даацын автозам тавих ажилд оролцуулж, хамгийн сүүлийн үеийн техникт мэргэжшүүлж, технологид суралцуулж бэлтгэсэн  байна.