Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монголын Балетын Хөгжил Сан, Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо сонгодог урлаг, балетын урлагаар дамжуулан хүүхэд залуусыг дэмжих, дэлхийн соёл, сонгодог урлагтай хөл нийлүүлэн алхах, бие бялдар гоо зүйн мэдлэг олгох,  улмаар нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд түүчээлэн хамтран ажиллахаар энэхүү санамж бичгийг байгуулав.

Хамтын ажиллагааныхаа зарчим, чиглэлийг нарийвчлан тодорхойлсон санамж бичигт Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч  Д.САРАНГЭРЭЛ,  Монголын Балетын хөгжил сангийн тэргүүн Монгол улсын соёлын элч /МУГЖ/ Д.АЛТАНХУЯГ нар гарын үсэг зурсан юм.

Энэхүү санамж бичгийн гол зорилго нь: Сонгодог бүжгийн урлагт шинээр төрөн гарч буй авъяаслаг хүүхэд залуусыг дэмжих , олон улсын стандарт бүхий тоглолтыг зохион байгуулах, балетын улсын болон олон улсын шинж чанартай тэмцээн уралдааныг зохион байгуулах, багш уран бүтээлчдийн чадварыг дээшлүүлэх, туршлага солилцох, нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд залуучууд гэр бүлд чиглэсэн олон талт хамтын ажиллагааг хамтран хэрэгжүүлэх, зохион байгуулахад оршино.

Хамтын ажиллагааны хүрээнд хийх үндсэн чиглэл:

Сонгодог бүжгийн урлагт шинээр төрөн гарч буй авъяаслаг хүүхэд залуусыг дэмжих,    сонгодог урлагаар дамжуулан нийгмийг соён гэгээрүүлэх, хүүхэд залуучууд, гэр бүлд чиглэсэн зорилтот төслийг хэрэгжүүлэх

Жил бүрийн 12 дугаар сард тоглогддог “Цөмөөхэй” балет тоглолтын хувцас хэрэгсэл, тайз  декораци зэргийг Балетын хөгжил санд шилжүүлэхэд дэмжлэг үзүүлэх

МБХСан-тай хамтран “Цөмөөхэй балет”  тоглолтыг зорилтот бүлгийн хүүхдүүдэд хүргэхэд   хамтран ажиллах

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт балетын сургалтын стандартыг бий болгох, хяналт тавих, стандарчилал тогтоох зэрэгт хамтран ажиллах зэрэг асуудлууд санамж бичигт тусгагджээ.