Монгол, Тайландын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тэмдэглэв

Бүгд Найрамдах Улс тунхагласны 95 жилийн ой болон Монгол Улс, Тайландын Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан тус улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яам 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Бангкок хотын “Шангри-Ла” зочид буудалд хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулав.

Хүлээн авалтад Тайландын Үндэсний Ассамблейн Төлөөлөгчдийн танхимын тэргүүн дэд спикер Сучат Танчарён, Гадаад хэргийн сайдын зөвлөх Чайсири Анаман, Сенатын гишүүн Анусат Суванмонгкон, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Алисжабана зэрэг хүндэт зочдоос гадна Тайландын төр, засгийн байгууллага, хувийн хэвшил, их, дээд сургууль болон хэвлэл, мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчид, Тайландад оршин суугаа монгол иргэд зэрэг 300 гаруй зочин оролцов. Түүнчлэн, Бангкокт суугаа гадаадын орнуудын Элчин сайд, дипломат ажилтнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцов.

Элчин сайд Т. Төгсбилгүүн хүлээн авалтыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улс анхны Үндсэн хуулиа баталж, Ази тивд бүгд найрамдах засаглалыг сонгосон анхны улсуудын нэг байсныг дурдаад улс төр,нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөөс хамаарч 4 удаа Үндсэн хуулиа шинэчлэн баталсны зэрэгцээ 1992 оны ардчилсан Үндсэн хуулиндаа саявтар нэмэлт өөрчлөлт оруулсан талаар дурдав.

Мөн тэрээр цааш нь ярихдаа Монгол, Тайландын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 45 жилийн хугацаанд хоёр талын хооронд өндөр, дээд түвшний олон айлчлал солилцож, хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг тэмдэглэв. Хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа болон иргэд хоорондын солилцоог эрчимжүүлэхэд шинэ тутам байгуулагдсан Монгол, Тайландын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны Зөвлөл чухал үүрэг гүйцэтгэнэ гэж итгэж байгаагаа Элчин сайд хэлсэн үгэндээ онцлов.

Хүндэтгэлийн хүлээн авалтанд Монгол Улсын Ардын жүжигчин Д.Самбуу, Гавьяат жүжигчин Г.Бямбажаргал тэргүүтэй язгуур урлагийн дуучин, хөгжимчин, бүжигчид уран бүтээлийнхээ дээжээс танилцуулав. Энэхүү урлагийн тоглолтыг Үндэсний агаарын тээврийн МИАТ компани ивээн тэтгэснээс гадна хүлээн авалтыг зохион байгуулахад Индонез Улс дахь Монгол Улсын Өргөмжит Ерөнхий консул Чандра Гозали, Тайландын Thai Beverage Public Company Limited, Siam Winery Co. Ltd зэрэг компани туслалцаа үзүүлсэн байна.