ХҮСЭЛТ ГАРГАСАН ХҮҮХЭД БҮРТ 2020 ОНООС ТЭТГЭМЖ ОЛГОНО

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжин баталлаа. Ингэснээр 2020 оны 1-р сарын 1-нээс эхлэн хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгөн тэтгэмж олгож эхлэхээр боллоо.

2019 оны 11-р сарын 22-нд хуралдсан төсвийн байнгын хорооны хуралдаанаас хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Энэ үеэр төслийн анхны хэлэлцүүлгийн үед дэмжигдсэн зарчмын зөрүүтэй зарим саналуудыг нэмж тусгаж нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар болсон юм. Харин өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар энэхүү төслийг хэлэлцэж, гишүүдийн олонхи дэмжин баталлаа. Ингэснээр өмнө нь амьжиргааны түвшин харгалзаж олгож байсан хүүхдийн тэтгэмжийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгохоор боллоо.

УИХ-ын чуулганы  үдээс хойших нэгдсэн хуралдаанаар мөн засгийн газраас өргөн мэдүүлсэн гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай,  нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт барих газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилга байгууламжид шаардагдах дотоодын үйлдвэрээс хангах боломжгүй импортын бараа, материалыг НӨАТ-аас чөлөөлөх, импортын татварыг буцаан олгох асуудал төсөлд тусгагдсан юм.

Өнөөдрийн хуралдаанаар хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж дууссан учир санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн 65 хувийн саналаар дэмжигдэж анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.