УИХ-ын гишүүн Д.Ганболд намаасаа хөөгдсөн шалтгаан нь юу байв?

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гараг буюу 11 сарын 22-нд МАН-ын Хяналтын хороо хуралдаж, удаа дараа намынхаа дүрмийг зөрчсөн гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн, Чингэлтэй дүүргийн МАН-ын дарга Д.Ганболд, Чингэлтэй дүүргийн Иргэдийн хурлын дарга Д.Бат-эрдэнэ  нарыг намын бага хурлын гишүүнээс нь чөлөөлсөн талаар мэдээлэл гарч эхэллээ.

УИХ-ын гишүүн Д.Ганболд Zarig .mn сайтад өгсөн тодруулгандаа “Надад намын дүрэм зөрчсөн зүйл огт алга. Юм хийсэн дүүргээ, гишүүнээ ингэж чичилж байгаа бол нам маань дарангуйлагч болж байгаа юм байна. Нэртэйгээр нь намаас хөөчих хэрэгтэй” гэсэн юм.

Энэхүү зөрчил нь тун удахгүй болох Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны даргын төлөөх тэмцэлийн эхлэл бололтой. Тус дүүргийн намын хорооны даргад  УИХ-ын гишүүн Аюурсайханы нэр дуулдах болсон нь Д.Ганболдыг намаас хөөх нэг том шалтгаан болсон байж ч магадгүй.

Уг нь Д.Ганболд нь 14 жил Чингэлтэй дүүргийн МАН-ын хороог тэргүүлж, ялалтанд хүргэж байсан байдаг. Гэтэл ялсан дүүргийнхээ намын хорооны даргыг ийнхүү хөөж “шийтгэж” байгаа нь намын гишүүдэд энэ хардлагыг төрүүлж байгаа бололтой.