Умард Солонгост цоо шинэ хот сүндэрлэн босчээ

Умард Солонгост цоо шинэ хот сүндэрлэн босчээ. Пхеньяны эрх баригчдын орчин цагийн соёл иргэншлийн жишиг хот гэж нэрлээд байгаа Самжиён нэртэй хотын нээлтийн арга хэмжээ ёслол хүндэтгэлтэйгээр болж, Умардынхан цэргийн сүрт жагсаал, баярын салют буудуулан, тэнгэрт өнгө өнгийн бөмбөлөг хөөргөн тэмдэглэжээ.

Photo credit: AFP

Шинэ хотын нээлтийн ёслолын ажиллагааны үеэр Самжиён хотын бүтээн байгуулалтад гар бие оролцсон барилгачид, инженерүүд, ажилчид ёслолын маршаар алхаа нийлүүлэн ёслолд оролцогсдын өмнүүр алхжээ. Самжиён хотод 4 мянган айл өрхөд зориулсан орон сууцны барилгууд, спортын цэнгэлдэх хүрээлэн, уулын цанын бааз, мөн бусад олон барилга байгууламж барьж, хотоо орчин үеийн хэв маягаар сүндэрлүүлжээ.

Photo credit: EPA

Самжиён хот нь диаметраараа ердөө 2-3 км бүхий багахан нутаг дэвсгэр дээр байгуулагдсан хот учраас хотын нэг захаас нөгөө зах руу нь явган явахад асуудалгүй.

Photo credit: Reuters

Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун шинээр сүндэрлэн боссон Самжиён хотод 2 жилийн өмнө ирж, энд хот байгуулах шавыг тавьж, бүтээн байгуулалтын ажил эхлүүлж байжээ. Ингэхдээ Самжиён хотыг юу ч үгүй хоосон газарт бариагүй, энд өмнө нь жижиг хэмжээний хот байжээ. Шинэ өнгө төрхтэй хот босгохын тулд зарим хуучин барилгуудыг нурааж, заримыг нь шинэчлэн босгож, мөн цоо шинээр ч барьж байгуулсан байна.

Photo credit: Reuters

Пхеньяны албаны эх сурвалжуудын мэдээлснээр Самжиён хот нь уулын бүсэд сүндэрлэсэн уулын цанын баазтай, томоохон спорт цогцолбортой, аж үйлдвэрлэлийн болоод зугаа цэнгээний объектуудтай орчин үеийн хот болон сүндэрлэжээ. Хотод нийт 450 гаруй шинэ барилга байшин баригдсан байна. Шинэ хотыг барьж байгуулахад Умардын эрх баригчид хэдий хэмжээний төсөв мөнгө зарцуулсан тоо баримт одоогоор байхгүй байна. Түүнчлэн хотод өнөөдөр хичнээн хүн суурьшсан, шинэ суурьшлын бүсэд хэн амьдарч байгаа талаарх мэдээлэл ч алга байгаа юм.

Photo credit: AFP

Самжиён хот нь Умардад тахин шүтдэг газар орон болох Пэктусан уулын хормойд сүндэрлэн босчээ. Чухам энэ уулын бэлд, партизаны нууц лагерьт Умард Солонгосын өнөөгийн удирдагч Ким Чен Уны эцэг, Умард Солонгосын аугаа удирдагч Ким Чен Ирыг мэндэлсэн гэж үздэг юм. Тэгвэл Зөвлөлтийн болоод Хятад улсын архивын газруудад байдаг мэдээллээр Ким Чен Ирыг 1941 онд Алс Дорнодын Хабаровск мужийн Вятское тосгонд мэндэлж, тэнд бага насаа өнгөрүүлсэн ч гэж үздэг байна.

Photo credit: Reuters

Photo credit: Reuters