УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧЭЭР Б.АМАРБАЯСГАЛАНГ ТОМИЛНО

Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Зориг өөрийн хүсэлтээр Дээд шүүхийн шүүгчээс татгалзсан. Харин түүний оронд МУИС-ийн хууль зүйн сургуулийн багш Б.Амарбаясгаланг дээд шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс УИХ-д оруулж ирсэн. Өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Б.Амарбаясгаланг хэлэлцлээ. Шүүгчид томилогдоод явж байгаа ч шинэчлэл хийхгүй байгааг зарим гишүүд хэлж байна. Мөн Хууль зүйн сайд “Хэрэг уншиж үзээгүй шүүгч нар олон боллоо” гэдгийг ч сануулж байна.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд Б.Амарбаясгалан  томилох асуудлыг хэлэлцлээ.

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Болдын Амарбаясгалан нь 1974 онд Улаанбаатар хотод төрсөн.

·         1981-1991 онд Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар дунд сургууль

·         1991-1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд эрх зүйн бакалавр

·         1999 онд Батлан хамгаалахын их сургуулийг Хууль зүйн ухааны магистр

2013 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны докторын зэргийг тус тус дүүргэсэн байна. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны докторын зэрэгтэй.

Нэр дэвшигч Б.Амарбаясгалан шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад Шүүхийн мэргэшлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр 66.52 оноо авсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Монголын хуульчдын холбооны дүгнэлтээр мэргэшил, ур чадвар, нэр хүндийн хувьд Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллах шаардлага хангасан гэж үзэж ийнхүү УИХ-д танилцуулж байгаа юм байна.

Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ц.Нямдорж, О.Батнасан, Ш.Раднаасэд, Х.Нямбаатар, Л.Мөнхбаатар нар асуулт асууж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон нэр дэвшигчээс зарим зүйлийг тодруулсан. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхлэхтэй зэрэгцээд шүүхийн салбар дахь өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай тул холбогдох хуулийн төслүүдийг боловсруулах нь зүйтэй гэдэг саналыг гишүүд хэлж байна. Ийнхүү Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.