Монголбанкны 2019 оны онцлох үйл явдлын товчоон

 

1. ИНФЛЯЦИЙН ЗОРИЛТЫГ ХАНГАЖ, ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ДЭМЖИВ

Монголбанк Засгийн газартай хамтран “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”, “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр эдийн засагт сэргэлт гарлаа. Тухайлбал, инфляци зорилтот 8% орчимд тогтворжиж, эдийн засгийн өсөлт 6%-иас өндөр өсөлттэй байна. Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа бодлого нь эдийн засгийн өсөлтийг дэмжих, сэргэлтийг эрчимжүүлэхэд чиглэж ирэв:

  • Өрхийн бодит орлого сүүлийн 11 улирал дараалан инфляцийг давж бодитоор өслөө.
  • Ажилгүйдлийн түвшин 6.6% болж буурлаа.
  • Валютын нийт нөөц 4 тэрбум ам.долларт хүрлээ.
  • Зээл 2015 оны 7-р сараас хойш 11 сарын турш сард дунджаар 5% агшиж байв. Харин 2019 оны эхний 10 сарын байдлаар зээлийн үлдэгдэл 18 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 10.6%-ийн өсөлттэй байна.
  • Гадаад худалдааны эргэлт 2019 оны 10-р сар 11.6 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 7%-иар өслөө. Экспорт мөн үед $6.5 тэрбум ам.долларт хүрч 10%-аар өссөн байна.
  • Төлбөрийн тэнцэл 2018 оны 9-р сард 475.3 сая ам.долларын алдагдалтай байсан бол 2019 оны 9-р сарын гүйцэтгэлээр 264.3 сая ам.долларын ашигтай гарлаа.
  • Эдийн засгийн өсөлт сэргэснээр бизнесийн болон өрхийн орлогын түвшин нэмэгдэж, төсвийн орлого өссөнөөр тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2019 оны 10-р сарын гүйцэтгэлээр 545.4 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна.

Санхүүгийн тогтвортой байдлыг хангах хүрээнд өрхийн өр, орлогын харьцааг тэтгэврийн зээлд 70%, тэтгэврээс бусад хэрэглээний зээлд 60%-д тогтоон мөрдүүлэх, хугацааг 30 сараас хэтрэхгүй байлгах, ААН-ийн валютын зээлийн эрсдэлийн жинг 150% болгон нэмэгдүүлэх шийдвэрүүд гарч, 2019 онд хэрэгжиж эхэлснээр бизнесийн зээл нэмэгдэж, зээлийн долларжилт буурав. 2018 оны 12-р сарын байдлаар иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 34.9 хувиар өсч 2017 оноос хойш эрсдэл хуримтлагдаж байсан бол энэ эрч сулран 2019 оны 10-р сард 12.5%-д хүрлээ. Нөгөө талаас бизнесийн зээлийн өсөлт 7 улирал дараалан тэлж, 2019 оны зээлийн өсөлтийн 82%-ийг хувийн байгууллагын зээл бүрдүүлж байна.

2. БАНК САНХҮҮГИЙН САЛБАРЫН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Монголбанк “Банкны салбарын хууль, эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр 10 гаруй хуулийн төслийг боловсруулав. Үүнд:

  • Үндэсний төлбөрийн системийн тухай хууль,
  • Банкны салбарын тогтвортой байдлын тухай хуулийг тус тус шинээр санаачлан УИХ-аар батлуулсан бол,
  • Төв банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт,
  • Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт,
  • Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт,
  • Мөнгө угаах болон терроризмтой тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар батлуулав.

Үүний зэрэгцээ Активын удирдлагын тухай хуулийн төслийг шинээр боловсруулан, Валют зохицуулалтын тухай хууль, Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хууль санаачлагч нарт уламжиллаа. Мөн чанаргүй зээлийг бууруулж, түүнд түгжигдсэн хөрөнгийг санхүүгийн зуучлалд оруулах чиглэлд онцгой анхаарал хандуулж, “Чанаргүй зээлийг бууруулах стратеги”-ийг Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын хамтарсан тушаалаар батлан, хамтран хэрэгжүүлж байна.

Өдгөө дараах хуулийн төслийг боловсруулан хууль санаачлагч нарт уламжлахаар ажиллаж байна. Үүнд:

  • Векселийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  • Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  • Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслийг тус тус боловсрууллаа.

Монголбанкнаас банк санхүүгийн салбарын харилцагчдын эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулаад байна.

3. МОНГОЛБАНКНЫ ХУРИМТЛАГДСАН АЛДАГДЛЫГ 2 ДАХИН БУУРУУЛЛАА

Төв банкны хараат бус байдлын нэг үндсэн тулгуур нь санхүүгийн эрүүл байдал юм. Гэвч Монголбанк 2012-2016 онуудад алдагдалтай ажиллаж ирсэн нь эрсдэлийг нэмэгдүүлээд байв. Эдгээр он жилүүдэд Монголбанк төсвийн шинж чанартай хөтөлбөр, үйл ажиллагаа хэрэгжүүлж, гадаад валютын өрийг нэмэгдүүлсэн нь нийтдээ 3 их наяд төгрөгийн хуримтлагдсан алдагдалд хүргээд байв. Харин сүүлийн 3 жил гаруйн хугацаанд Монголбанк улс орныг гадаад валютын өрөнд оруулсан, өнгөрсөн жилүүдийн бодлогын алдааг давтахгүй байх зарчмыг баримтлан ажиллаж ирлээ. Түүнчлэн, гадаад захын тогтвортой байдлыг хангах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд санхүүгийн хэрэгслүүдийг шаардлагатай тухай бүр зах зээлийн нөхцөлөөр гэрээ байгуулан, ашиглаж ажиллалаа.

4. ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧ ӨСЛӨӨ

Монголбанк 2016 онд 1 тэрбум ам.долларт хүрч огцом буураад байсан валютын нөөцийг 2019 оны 9-р сард буюу 3 жилийн дотор 4 дахин нэмэгдүүлж 4 тэрбум ам.долларт хүргэж, импортын 9 сарын хэрэгцээг хангах түвшинд хүргэн нэмэгдүүллээ. Валютын нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд Монголбанк нь “Алт” хөтөлбөрт дэмжлэг үзүүлэн ажиллаж, 2016 онд 18.6 тонн, 2017 онд 20 тонн, 2018 онд 22 тонн үнэт металл худалдан авсан бол 2019 оны эхний 10 сард 12.9 тонн үнэт металл худалдан авлаа. Мөн энэ хугацаанд томоохон экспортлогч компаниудтай хэлцэл хийх замаар гадаад валют худалдан авч, гадаад валютын нөөцийг арвижуулав.

ГВАН нэмэгдсэн нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгт итгэх итгэлийг сэргээж, улсын эрсдэлийг бууруулж, санхүүгийн дархлааг нэмэгдүүлж, зээлжих зэрэглэлд эерэгээр нөлөөллөө. Монголбанк нь Засгийн газартай хамтран зэрэглэл тогтоогч байгууллагуудад эдийн засаг, гадаад валютын нөөц, санхүүгийн зах зээлд гарч буй эерэг өөрчлөлтүүд, тэдгээрийн суурь шалтгааныг тухай тайлбарлаж, зээлжих зэрэглэлийг сайжруулах чиглэлд нягт хамтран ажиллаж ирлээ.

5. АВТОМАТ КЛИРИНГ ХАУС БУЮУ АСН+ СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЭВ

Монголбанк Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Төлбөрийн системийн шинэчлэл төслийн хүрээнд бага дүнтэй буюу гурван сая төгрөг хүртэлх төлбөрийн системийг бүрэн шинэчилж, ACH+ (Автомат клиринг хаус систем)-ийг 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр амжилттай нэвтрүүллээ. Тус системийг нэвтрүүлснээр банк хоорондын төлбөр тооцоог бодит цагийн горимоор гүйлгээг илгээсэн даруй гүйцэтгэх, ижил төрөл, зориулалт бүхий гүйлгээг багцлан илгээх, төлбөрийн нэхэмжлэлийг үндэслэн гүйлгээ үүсгэх, харилцагчийн нэр данс зөрөх эрсдэлийг бууруулах зорилго бүхий Дансны нэгдсэн сантай болох болон шинэ дэвшилтэт төлбөрийн хэрэгслийн гүйлгээг дамжуулах боломж бүрдлээ.

Цаашлаад Монгол Улсын бүх банк IBAN олон улсын стандартыг хэрэгжүүлэх, нөөц хөрөнгийг дансанд урьдчилан төвлөрүүлснээр үр дүнгийн тооцооллын үлдэгдэл хүрэлцэхгүй байх эрсдэл үгүй болох,  санхүүгийн мэдээллийн олон улсын ISO20022 стандартыг нэвтрүүлснээр гүйлгээний мэдээллийн бүтцийн баялаг байдал, гүйлгээний төрлүүд нэмэгдэх зэрэг олон улсын стандартад нийцсэн төлбөр тооцооны дэвшлүүд гарав.

6. МОНГОЛ УЛС ОУВС-ГААС БОЛОВСРУУЛАН ГАРГАСАН СТАТИСТИКИЙН “МЭДЭЭЛЭЛ ТАРХААЛТЫН ТУСГАЙ СТАНДАРТ”-Д ШИЛЖЛЭЭ

Монгол Улс 2000 оноос эхлэн ОУВС-гийн “Мэдээлэл тархаах ерөнхий систем”-ийн дагуу статистик мэдээллээ гаргаж, 2017 онд “сайжруулсан-мэдээлэл тархаалтын ерөнхий систем” /e-GDDS/-д, 2019 оны 4 дүгээр сард “Мэдээлэл тархаалтын тусгай стандарт”-д шилжлээ. “Мэдээлэл тархаалтын тусгай стандарт” нь статистик мэдээллээ стандартчилагдсан тодорхойлолт, давтамж, хэлбэрийн дагуу олон нийтэд зайлшгүй зарлах шаардлагыг тавьдаг статистик мэдээлэл тархаах дэлхийн жишиг стандарт юм. Уг стандартад шилжсэнээр статистикийн чанар сайжирч, тухайн улсын статистик мэдээлэлд итгэх итгэл нэмэгдэх, ил тод байдал сайжрах, олон улс дахь улсын нэр хүндэд эерэгээр нөлөөлөх, бусад улсуудтай харьцуулсан судалгаа шинжилгээ хийх боломжийг нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээний ажилд эерэг нөлөө үзүүлэх зэрэг давуу талыг бий болгодог.

7. ₮ КАРТЫГ EMV ЧИП ТЕХНОЛОГИД ШИЛЖҮҮЛЭХ БОЛОН ҮНДЭСНИЙ ЦАХИМ ГҮЙЛГЭЭНИЙ ТӨВИЙН БАРИЛГЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Төлбөрийн системийн шинэчлэл төслийн (ТСШТ)-ийн хүрээнд үндэсний брэнд болох төлбөрийн ₮ картыг технологийн дараагийн шатанд гаргах эхний алхам буюу EMV чип технологид шилжүүлэх ажлыг эхлүүллээ. Энэ хүрээнд олон улсын картын үйл ажиллагаа эрхлэгч “Мастеркарт” байгууллагатай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав. Үндэсний брэнд ₮ картыг EMV/NFC технологид шилжүүлснээр нууцлал, аюулгүй байдал сайжрах төдийгүй ирээдүйд мобайл төлбөр тооцооны дэвшилтэд шийдлийг нэвтрүүлэхэд чухал алхам болох юм.

Мөн Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төв (ҮЦГТ)-ийг бэхжүүлэх, банк дундын төлбөрийн системийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах зорилгоор ҮЦГТ-ийн барилгыг олон улсын стандартын шаардлага хангасан, орчин үеийн дата төвийн барилгын жишигт нийцүүлэн бариулж эхэллээ. Шинэ барилгад ҮЦГТ, Мөнгөн тэмдэгтийн музей болон Монголбанкны зарим газар, нэгжүүд шилжиж орсноор төлбөрийн системийн дэд бүтэц тэлэх боломж бүрдэхээс гадна ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөл, ажиллах орчин одоо байгаагаас ихээхэн сайжрах давуу талтай. Уг барилгыг 2020 оны 5 дугаар сард багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Түүнчлэн ТСШТөслийн хүрээнд дата төвүүдийг шинэчлэх, нууцлал аюулгүй байдлын төвийг байгуулах зэрэг төслийг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төвийн Дархан-Уул аймагт байрлах нөөц дата төвийг шинэчлэх ажлыг 2019 оны 3-р сард дуусгаж хүлээн авав. Мөн ҮЦГТ-ийн шинэ байранд байрлах орчин үеийн дата төвийн дэд бүтэц, олон улсын стандарт шаардлага (TIER II)-ыг хангах төвшний Дата төв байгуулах нээлттэй тендерийг зохион байгууллаа.

8. МОНГОЛ УЛС ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН “ШИЛДЭГ ТҮНШЛЭЛ-2019” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

“Дэлхий нийтийн санхүүгийн хүртээмж-2019” шагнал гардуулах ёслолын арга хэмжээ Йоханнесбург хотноо 2019 оны 6-р сарын 19-ний өдөр 8 дахь удаагаа болж, шилдгийн шилдгийг тодруулсан ба Монгол Улсад “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлснийг үнэлж “Шилдэг түншлэл-2019” төрөлд шагнал олгов. Энэ удаад нийт 170 улс өрсөлдсөн бөгөөд Дэлхийн мөнгөний долоо хоногийг 2019 оны 3-р сард тэмдэглэж, үндэсний хэмжээнд санхүүгийн боловсрол түгээх сургалт, уулзалтыг 628 удаа хийж 21400 гаруй хүүхэд болон насанд хүрэгчдэд хүрсэн, Хөтөлбөрийн үндсэн 4 чиглэлд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ихээхэн ахиц гаргаж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлсэн, 20 аймагт нийт 689 сургагч багш, МСҮТ-ийн 98 багш, 21 арга зүйч нарыг бэлтгэн, орон нутгийн иргэдэд бодитоор хүрч чадах дэд бүтцийг бүрдүүлсэн зэргийг харгалзан үзэж энэхүү шагналыг олголоо.

9. ТӨВ БАНКНЫ СУУРЬ БҮРТГЭЛ БОЛОН ERP СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Энэ онд Төв банкны суурь бүртгэлийн болон ERP системийг нийлүүлж, суурилуулах ажлыг гүйцэтгэгчийг шалгаруулж БНЭУ-ын “Intellect Design Arena” компани эцсийн шатанд сонгогдсоноор хамтын ажиллагааны гэрээг байгуулав. Тус компани нь “Intellect Quantum Central Banking” цогц шийдлийг Энэтхэг, Индонез, Швед зэрэг олон улсын төв банкуудтай хамтран хэрэгжүүлж байгаа.  Энэхүү цогц системийг нэвтрүүлснээр төв банкны суурь бүртгэлийн ерөнхий дэвтэр, банкны үйлчилгээ, төрийн үйлчилгээ, мөнгөний бодлого,  зээл болон барьцаа хөрөнгийн удирдлага, валютын ханшийн удирдлага, гадаад худалдаа, интернет банкны үйлчилгээ, нөөцийн удирдлага, төсвийн удирдлага гэх мэт хоорондоо нягт уялдаа бүхий байгууллагын удирдлагын модулиудыг үйл ажиллагаанд ашиглаж эхэлнэ.

“Intellect Design Arena” компанийн системийг Монгол Улсын “Ай ти зон” компанийн боловсруулсан хүний нөөцийн удирдлагын системтэй хослуулан нэвтрүүлэхээр ажиллаж байгаагаараа онцлог юм. Энэхүү системийг нэвтрүүлж төв банкны дотоод үйл ажиллагаа болон мэдээллийн урсгал нь хүний үйл ажиллагаанаас хамааралгүй бүрэн автомат болж, бүтээмж сайжирч, цаг хугацаа хэмнэх төдийгүй харилцаа холбоо бүхий мэдээллийн санг бий болгож, түүнийг үр дүнтэйгээр ашиглах боломж бүрдэнэ.

10. ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ СТРАТЕГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА НЬ ҮР ДҮНД ХҮРЧ ЭХЛЭВ

“Зээлийн хүүг буруулах стратеги 2018-2023” болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний дэлгэрэнгүй төлөвлөгөөг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр 2018 онд батлан хэрэгжүүлж байна. Энэхүү стратегийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2019 оны биелэлт хангалттай сайн байна. Тухайлбал, инфляцийг зорилтот түвшинд хадгалах, гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх, долларжилтыг бууруулах, засгийн газрын өрийн ДНБ-нд эзлэх хувь буурах,“Чанаргүй активыг бууруулах стратегийг”-ийг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох хуулиуд (Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Дампуурлын тухай хууль, Арилжааны хууль)-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг бэлэн болгох, зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн төслийн өргөн барих зэрэг дорвитой ажлууд хийгдээд байна. Ийнхүү эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдал хадгалагдаж, эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсний үр дүнд банкуудын шинээр олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 2019 оны 10-р сард 16.8%-д хүрсэн нь өмнөх оны түвшнээс буурсны дээр сүүлийн 5 жилийн хамгийн бага үзүүлэлт юм.

 

“Зээлийн хүүг буруулах стратеги 2018-2023”-ийг үргэлжлүүлэн амжилттай хэрэгжүүлснээр зээлийн хүү цаашид ч үргэжлэн буурч, нам түвшинд тогтворжино.

11. МОНГОЛБАНКНААС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ БОДЛОГО, АРГА ХЭМЖЭЭ БОЛОН ҮР ДҮНГ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ХҮРГЭЖ АЖИЛЛАЛАА

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанк үйл ажиллагааны тайланг танилцуулж, сүүлийн гурван жилд улс орны эдийн засгийг сэргээх, улсын өрийн дефолтоос зайлсхийх, эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, дархлааг сэргээх, банк санхүүгийн салбарыг эрүүл, чийрэг болгох, Монголбанкыг орчин үеийн төв банкны жишигт хүргэн чадавхжуулахад чиглэсэн бодлого, арга хэмжээг хэрэгжүүлж буй талаар мэдээлэл хийлээ. Эдгээр бодлогын үр дүнд банк санхүүгийн салбарын хууль, эрх зүйн шинэчлэлийг эхлүүлж, банк санхүүгийн тогтвортой байдлыг хангах нөхцөлийг сайжруулсан, ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаж үүрэг амлалтаа амжилттай хэрэгжүүлэн эдийн засгийн сэргэлтэд бодит хувь нэмэр оруулсан, дотоод үйл ажиллагаандаа шинэчлэлт хийж, орчин үеийн төв банкны жишигт хүргэхээр ажиллаж байгаа зэрэг 5 бүлэг бүхий үйл ажиллагааг танилцууллаа.

Монголбанкнаас эдийн засгийн судалгааны үр дүнг танилцуулах болон зөвлөмж хүргүүлэх хурал, зөвлөгөөнүүдийг өргөн хүрээнд зохион байгууллаа. Тэдгээрээс дурдвал, “Хөрөнгө оруулалтын орчин: Тогтвортой байдал” сэдэвт олон улсын бага хурал, “Төлбөрийн тэнцэл ба гадаад өр” сэдэвт онол практикийн бага хурал, “Fitch on Mongolia 2019” форум, “Үндэсний төлбөрийн системийн зөвлөл”-ийн хурал, “НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас Терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхтэй тэмцэх” сэдэвт бүсийн хурал зэргийг зохион байгуулж, оролцлоо.

Мөн Монголбанкнаас орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн хөтөлбөрийг тэргүүлэн хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар нийт 313 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 4,447 иргэнд олгоод байна.

Цаашид Монгол Улс 2020-2024 оны хооронд төр болон хувийн хэвшлийн томоохон дүнтэй гадаад өр, төлбөрийг төлж барагдуулах, манай улсын экспортын гол түүхий эдийн үнэ 2021 оноос буурах сорилтууд байгааг дурдаж, авч хэрэгжүүлэх бодлогын зөвлөмжийг хүргүүлэхээр боллоо.

12. ОУВС-ГИЙН ЗАХИРЛУУДЫН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН IV ЗААЛТЫН 2019 ОНЫ ЗӨВЛӨЛДӨХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ ДҮГНЭВ

Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн захирлуудын зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн хурлаар Дүрмийн IV заалтын дагуу Монгол Улсад хийгдсэн зөвлөлдөх  хэлэлцээрийг дүгнэлээ. Улс орнууд ОУВС-гийн гишүүн болсноор тус сангийн дүрмийг зөвшөөрч, дүрмийн IV дэх заалтын дагуу тогтсон хугацаанд эдийн засаг, санхүүгийн секторын тогтвортой байдлаа үнэлүүлэх, зөвлөлдөх хэлэлцээг хийдэг билээ. Энэ удаагийн яриа хэлэлцээг ажлын хэсэг УИХ-ын дарга, Монголбанкны Ерөнхийлөгч, Засгийн газрын бусад албан тушаалтан, хувийн хэвшил, санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзаж хийв.

Тус зөвлөлдөх хэлэлцээг дүгнэж ОУВС-ын Захирлуудын Зөвлөл эдийн засгийн өсөлт эрүүл байж, төсвийн тэнцэл сайжирч, гадаад валютын нөөц өссөний зэрэгцээ бүтцийн шинэчлэлд хэд хэдэн ахиц гарсныг онцоллоо. Цаашид мөнгөний бодлогыг инфляцийг тогтворжуулах болон гадаад тэнцвэргүй байдлыг шийдвэрлэхэд төвлөрөх хэрэгтэйг тэмдэглээд хэрэв шаардлагатай бол бодлогын төлөвийг чангаруулахад бэлэн байх ёстойг зөвлөлөө. Нөгөөтэйгүүр, эдийн засаг шокоос сэргийлэх нөхцөлийг бүрдүүлж, бүтцийн өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэх замаар өнөөг хүртэл хүрсэн үр дүнг өргөжүүлэх нь тэргүүлэх зорилт байх ёстойг тэмдэглэлээ.

13. МОНГОЛ УЛСАД БАНК САНХҮҮГИЙН САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 95 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭВ

Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойг угтаж “Банкны хөгжил-95 жил” аяныг 1 дүгээр сараас 6 дугаар сар хүртэл зохион байгууллаа. Тус аян нь банкны салбарын түүхийг таниулах, төв банк болон арилжааны банк, харилцагч хоорондын итгэлцэл, банкны үйл ажиллагааны талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд зорьсон билээ. Ойг угтсан үйл ажиллагааны хүрээнд Монголбанк болон банк үүссэн түүхэн баримтуудыг эмхтгэн хойч үедээ үлдээх зорилгоор 10 орчим ном, товхимол хэвлүүлж, Хөгжилд түүчээлсэн 95 жил баримтат нэвтрүүлэг, Монгол Улсын банкны салбарын хөгжлийн он цагийн товчоон хроник зэрэг бүтээлийг уншигч, үзэгчдэд толилуулав. “Эдийн засгийн бодлогын чуулган 2019”-г Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойн эрдэм шинжилгээний хуралтай хамтатган “Санхүүгийн салбарын хөгжил: Өнгөрсөн, Одоо, Ирээдүй” ерөнхий сэдвийн хүрээнд зохион байгууллаа.

Банкны салбарын нийт 16 мянган ажилтан “Сайн үйлсийн аян” өрнүүлж, Уран зургийн галерейд хагас зуун жилийн хугацаанд хадгалагдаж буй Монголын дүрслэх урлагийн үнэт өв болсон бүтээлүүдийг сэргээн засварлахад хандив өргөснөөр алдарт зураач Л.Гаваа гуайн “Алтайн уулс” уран зураг дахин үзэгчдийн өмнө дэлгэгдэх боломжийг бүрдүүлэв. Цаашлаад Монголбанкны ажилтнуудын сайн санааны хандивын хөрөнгөөр Монгол Улсын консерваторын сургалтад зориулж АНУ-ын “Kimball” брэндийн төгөлдөр хуур болон Герман, Солонгос улсын хамтарсан “Samick” брэндийн төгөлдөр хуурыг бэлэглэлээ.

14. “ЭХ ОРНЫХОО АЛТЫГ ЭРДЭНЭСИЙН САНДАА”, “ХАРИУЦЛАГАТАЙ ХАРИЛЦАГЧ – ХАРИУЦЛАГАТАЙ БАНК” АЯНЫГ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

“Алт-2” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг хагас жилийн хугацаатай хэрэгжүүллээ. Аяны хүрээнд алт олборлогч аж ахуйн нэгж, бичил уурхайчидтай уулзалт сургалт хийх, тэдэнд тулгарч буй бэрхшээл хүндрэлийг судлах, арилжааны банкуудад алтны худалдан авалтыг нэмэгдүүлэхэд харилцагчдадаа мэдээлэл өгөх гарын авлагаар хангах зэрэг олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд 2019 оны 10 дугаар сарын байдлаар Монголбанк аж ахуйн нэгж, иргэдээс нийт 12.9 тонн үнэт металл худалдан авлаа. Орон нутагт алт худалдан авах үйл ажиллагааг ойртуулснаар мөн үед Монголбанкны Дархан-Уул аймаг дахь хэлтэс болон Баянхонгор аймаг дахь салбар нь нийтдээ 2.7 тонн үнэт металл худалдан аваад байгаа юм.

Монголбанкны Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хариуцлагатай харилцагч – Хариуцлагатай банк” аяныг Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпораци, Монголын банкны холбоо болон бусад холбогдох байгууллагууд хамтран 2019 оныг дуустал хэрэгжүүлж эхэллээ. Аяны нээлт 6-р сарын 12-ны өдөр болсон бөгөөд харилцагчдад чиглэсэн дараах арга хэмжээнүүдийг шат дараатайгаар хэрэгжүүллээ. Санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангахад  санхүүгийн хэрэглэгчийн мэдлэгийг дээшлүүлэх, санхүүгийн салбарын шударга өрсөлдөөнийг бэхжүүлэх нь чухал үүрэгтэй. Үүний тулд “Хариуцлагатай харилцагч – Хариуцлагатай банк” аяныг хэрэгжүүлж орон нутгийн иргэдэд болон олон нийтэд банкны үйл ажиллагааг таниулах, цогц мэдээлэл олгох сургалт уулзалтуудыг өргөн хүрээнд хийлээ.

15. МӨНГӨН ДЭВСГЭРТИЙН ХАМГААЛАЛТЫН ЭЛЕМЕНТҮҮДИЙГ САЙЖРУУЛЖ, НӨӨЦ ДАХИН БҮРДҮҮЛЭХ АЖЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Үндэсний мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэж байгаагаас хамгаалах, сэргийлэх үүднээс Монголбанк нь мөнгөн дэвсгэртийн хамгаалалтын элементүүдийг сүүлийн үеийн шинэ дэвшилтэт технологи бүхий элементээр солих, сайжруулах, зарим нэг зураг, дүрсийг залруулахад анхааран ажиллаж байна.  Энэ ажлын хүрээнд эхний ээлжинд нөөцийг нь дахин бүрдүүлэх шаардлагатай байсан 5000 төгрөгийн дэвсгэрт дээр сүүлийн үеийн дэвшилтэт технологиор бүтээгдсэн 3 хэмжээст хөдөлгөөнтэй, Спарк бэхэн элемент оруулж, 2019 оны 1 дүгээр улиралд гүйлгээнд гаргаад байна.

Мөн энэ онд нөөцийг нь дахин бүрдүүлэх шаардлагатай байгаа 1-т, 50-т, 20000-тын дэвсгэртийн хамгаалалтын элементийг сайжруулахаар ажиллаж, дараах шинэлэг өөрчлөлтүүдийг хийв. Үүнд:

  • 1 төгрөгийн дэвсгэртийн хувьд усан хээ, соронзон чанартай утас нэмж оруулж өгснөөс гадна “Соёмбо”-ны галын дөл цэцэг шиг хэлбэртэй байсныг засав.
  • 50 төгрөгийн дэвсгэртийн хувьд 3 хэмжээст хөдөлгөөнтэй, спарк бэхэн элементийг нэмж, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгайлсан элементийг цоо шинээр оруулж өглөө. Түүнчлэн дэвсгэртийн ар талд үзэгдэх таллаж гарсан адууг хасч, “Соёмбо”-ны галын дөлийг засаж сайжруулав.
  • 20000 төгрөгийн дэвсгэртийн хувьд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий хамгаалалтын элементүүдтэй болгосон. Үүнд:

Дэвсгэртийн нүүрэн талд:

  • 4 морьтон баатрын дүрсийг загвар сайтай 3 хэмжээст хөдөлгөөнтэй, дээш, доош налуу хөдөлгөхөд өнгө нь солонгорон харагдах спарк элементтэй болгов.
  • 8мм-ийн өргөнтэй бичил хөдөлгөөнт туузан элементийг шинэчлэв.
  • харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгайлсан элемент нэмэв.

Дэвсгэртийн ар талд:

  • Солонгорч харагдах судал бүхий элементүүдийг шинээр оруулав.

Дээрх сайжруулсан мөнгөн тэмдэгтүүдийг хэвлүүлэх ажлыг шат дараалан гүйцэтгэж байна.

16. БАНКНЫ САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭВ

Монголбанкнаас Төв банк (Монголбанк)-ны тухай, Банкны тухай хуулийн дагуу “Капитал банк” ХХК-д зохих арга хэмжээг авсан хэдий ч биелэлт хангагдахгүй, улмаар хадгаламж эзэмшигч, харилцагчдын мөнгөн хөрөнгийг тэдний анхны шаардлагаар гарган өгч чадахгүй, банк хоорондын төлбөр тооцооны гүйлгээг саатуулж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, банкны эрх хүлээн авагч томилов.

Монголбанк богино хугацаанд банкны эрх хүлээн авах үйл ажиллагааг хэрэгжүүлж, Хадгаламжийн даатгалын корпорацитай хамтран олон нийтэд мэдээлэл түгээлээ. Капитал банк нь банкны системийн 1.1 хувийг бүрдүүлдэг байсан бөгөөд системийн нөлөө бүхий банк биш тул эдийн засаг дахь санхүүгийн зуучлалд сөрөг нөлөө үзүүлээгүй. Монголбанк үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг ханган ажиллаж байна.

Өдгөө ОУВС-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрийг тодруулах, магадлан шалгаад байна. Банкууд өөрийн хөрөнгөө зохистой эх үүсвэрээр нэмэгдүүлсэн байх нь зүй ёсны асуудал бөгөөд магадлан шалгах ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомж, харилцагчийн мэдээллийг нууцлах олон улсын стандартын дагуу хийлээ.

17. МОНГОЛ УЛС МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭРЧИМЖҮҮЛЛЭЭ

ФАТФ-ын Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан бүлгийн жилийн уулзалт 2019 оны 8-р сард Австрали Улсад болж, Харилцан үнэлгээгээр хангалтгүй үнэлгээ авсан нийт 20 зөвлөмжөөс 16 зөвлөмжийн үнэлгээг ахиулж, Монгол Улс ФАТФ-ын 40 Зөвлөмжийн 35-ийг хангалттай хэмжээнд биелүүлж, “Нийцээгүй” гэх үнэлгээ байхгүй болсныг дүгнэн Өргөтгөсөн эрчимтэй хяналтаас гарч “Өргөтгөсөн хяналт”-д шилжүүлж, хяналтыг сулруулж байгааг мэдэгдлээ.

Хэдийгээр Монгол Улс “Техникийн хэрэгжилт”-ийн зөвлөмжүүдийг ахиулж чадсан ч Тайланд Улсад 2019 оны 9 дүгээр сард болсон ФАТФ болон АНДББ-ын Хамтарсан хурлаар Шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлтээс 4 үзүүлэлтийн хувьд авсан арга хэмжээг хангалттай биш байна гэж үзэв. Улмаар үүнийг баталгаажуулж 2019 оны 10 дугаар сард болсон ФАТФ-ын ээлжит хурлаар Монгол Улс МУТСТ стратегийн дутагдалтай байна хэмээн үзэж, хяналтдаа оруулав.

Монгол Улс МУТСТ стратегийн дутагдалтай гэдгээ хүлээн зөвшөөрч үүнийгээ сайжруулахаар үйл ажиллагааны төлөвлөгөөг ФАТФ-тай хамтран боловсруулж, төлөвлөгөөнд 2021 оны 5 дугаар сар хүртэл хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусгалаа. Үүнтэй холбогдуулан Хамтын ажиллагааны зөвлөлөөс 2019 оны 9 дүгээр сард ФАТФ-ын ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан, зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын хурлаар хэлэлцэн санал нэгдэж, зөвлөлийн гишүүн байгууллага бүр байгууллагынхаа дотоод төлөвлөгөөнд холбогдох ажлаа тусган хэрэгжүүлж эхэллээ.

18. ГАДААД ХАРИЛЦАА, ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХ БОДЛОГЫН ТОМООХОН АЛХМУУДЫГ ХИЙЛЭЭ

Олон улсын төв банкны жишигт хүрэх, дэлхий нийтээр хэрэгжүүлж буй бодлогын шинэ сорилт, түүнийг судлах, төлбөрийн системийн шинэ техник технологийг нэвтрүүлэхэд анхаарч гадаад хамтын ажиллагааныхаа цар хүрээг тэлж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх ажлыг үргэлжлүүлэв. Энэ хүрээнд Монгол Улс, ОХУ-ын банкуудын хамтарсан дугуй ширээний уулзалтыг зохион байгуулж, Хятад, Монголын дипломат харилцаа тогтсоны 70 жилийн ойг тохиолдуулан Хятад-Монголын банк, санхүүгийн хамтын ажиллагааны 8 дахь удаагийн дугуй ширээний уулзалтыг БНХАУ-ын Шанхай хотноо 2019 оны 9 дүгээр сард амжилттай зохион байгууллаа.

Мөн 2019 он гарсаар Олон улсын байгууллагуудын Монгол Улсыг хариуцсан зарим гүйцэтгэх захирал, суурин төлөөлөгч өөрчлөгдсөн бөгөөд үүний дагуу болон бусад чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх уулзалтуудыг хийлээ. Тухайлбал, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Дэлхийн Банкны Хятад, Монгол, Солонгос улсуудыг хариуцсан шинэ захирал Мартин Рейзер, ОУВС-гийн захирлуудын зөвлөлд Монгол Улсыг төлөөлөн ажиллаж буй гүйцэтгэх захирал Найжел Рэй, Азийн хөгжлийн банкны захирлуудын зөвлөлийн гишүүд буюу 55 улс хариуцсан 8 Гүйцэтгэх захирал, Дэлхийн банкны Дэд Ерөнхийлөгч Жин-Дон Хуа, ОУСК-ийн Дэд Ерөнхийлөгч Нена Стойлкович нарыг хүлээн авч уулзлаа. Мөн Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан тэргүүтэй төлөөлөгчид ОУВС, Дэлхийн банкны 2019 оны жилийн уулзалтад оролцлоо.

Монголбанк нь БНСУ-ын Төв банкны “Мэдлэгийн Түншлэлийн Хөтөлбөр”-т 3 дахь жилдээ оролцож, хамтран ажиллалаа. Үүний хүрээнд хоёр тал хамтран “Developing Financial Market Infrastructure, and Making an Efficient, Transparent Database & Information Sharing System” сэдэвт судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд судалгааны ажлын үр дүнг 2019 оны 10 дугаар сард Улаанбаатар хотноо хэлэлцүүлэв.

19. МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ОЛОН УЛСЫН ТҮВШИНД НИЙЦҮҮЛЭН ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Монголбанкны төв аппарат дахь газар, нэгжүүд болон орон нутаг дахь хэлтэс, салбарын үйл ажиллагааны уялдааг хангах, мэдээлэл тархах хурдыг нэмэгдүүлэх, ажлын үр бүтээмжийг ахиулах, цаасны хэрэглээг бууруулах гэх мэт зорилгоор мэдээллийн технологийн шинэчлэлийг олон улсын түвшинд нийцүүлэн хэрэгжүүлж эхэллээ. Үүний хүрээнд цахим оффисийн системийг нэвтрүүлсэн нь Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн болон Монголбанкны дотоод ажлын төлөвлөгөөний гүйцэтгэлийг хангаж, түүнийг хянахад ихээхэн дэмжлэг болж байна.

Энэ онд системийн шинэчлэл хийсэн зарим ажлуудаас дурдвал үйл ажиллагааны эрсдэлийн болон гэрээ, санамж бичиг бүртгэлийн програмыг нэвтрүүлж, олон нийтэд зориулан дурсгалын зоос худалдах веб хуудсыг ашиглалтад орууллаа. Монголбанк нь үйл ажиллагааны эрсдэлийг бууруулах үүднээс эрсдэлтэй тохиолдлуудыг бүртгэн, мэдээллийн сан үүсгэх, уг мэдээллийг ашиглан эрсдэлийг тодорхойлж илрүүлэх, үнэлэх, түүнд дүн шинжилгээ хийх, мөн үйл ажиллагааны эрсдэлийн гол үзүүлэлтийн гүйцэтгэлд хяналт тавих чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа ба энэхүү системийн шинэчлэл нь цагаа олсон чухал шийдэл боллоо.