Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг чөлөөлж, шинээр томиллоо

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.01.08) нэгдсэн хуралдаан 15 цаг 46 минутад 50.7 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэв.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд Сонгуулийн ерөнхий хороо нь есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд тэдгээрийн хоёр нь орон тооны, долоо нь орон тооны бус байхаар заасан. Түүнчлэн хорооны гишүүний тавыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилохоор зохицуулсан байдаг.

Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гурван гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан, нэг гишүүн өөр ажилд томилогдсон учраас гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх шаардлага үүсчээ.

Энэ үндсэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Гочоосүрэнгийн Байгалмаа, Эрдэнэбилэгийн Батболд нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлж буйг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулав.

Нэр дэвшигч Г.Байгалмаа нь 2002-206 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт тогтоол гүйцэтгэгч, 2012 онд Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын зөвлөх, 2012-2015 онд Барилга, хот байгуулалтын дэд сайд, 2016 онд Улсын Их Хурлын даргын зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд 2017 оноос  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байгаа.

Нэр дэвшигч Э.Батболд нь 2006 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг бизнесийн улирдлагын мэргэжлээр төгсөж, 2010-2012 онд АНУ-ын Вашингтоны Ди Си Стрейр их сургуульд бизнесийн удирдлагын магистр хамгаалсан. 2007-2013 онд Санхүүгийн зохицуулах хороонд хянан шалгагч, улсын байцаагч, 2013-2014 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд эдийн засагч, 2014-2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга, даргын үүрэг гүйцэтгэгч, 2016-2018 онд “Улаанбаатар хотын даатгал” ХХК-д зөвлөхөөр ажилла байжээ. 2018 оноос Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байгаа аж.

Харин Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас шүүгчдийн олонхын санал авсан Дугардоржийн Баяндүүрэн, Одонмажигийн Амгаланбаатар нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулахаар санал болгож, нэр дэвшүүлсэн талаарх танилцуулгыг Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Х.Батсүрэн танилцуулсан юм.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хурлаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж санал хураалт явуулахад  нэр дэвшигч Д.Баяндүүрэн Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 93.7 хувийн, нэр дэвшигч О.Амгаланбаатар 66.7 хувийн санал авчээ.

Нэр дэвшигч Д.Баяндүүрэн нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй бөгөөд 1988-1991 онд Төв аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны хуулийн хэлтэст ахлах зөвлөх, арбиртч, 1991-1992 онд Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын Тамгын газарт мэргэжилтэн, 1992-2006 онд Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга, референт, ахлах референтээр тус тус ажилласан. 2006 оноос өнөөг хүртэл Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны даргаар ажиллаж байгаа юм.

Нэр дэвшигч О.Амгаланбаатар нь инженер, эрх зүйч мэргэжилтэй, төрийн захиргааны менежментийн магистр зэрэгтэй бөгөөд 1999-2000 онд Үндэсний архивын газарт техникч, 2000-2003 онд нийслэлийн Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын албанд шинжээч, 2003-2009 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт улсын байцаагч, ахлах байцаагч, 2009-2012 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд газрын орлогч дарга, 2014 онд Улсын Их Хурлын Тамгын газарт референт, 2014-2018 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргаар ажиллаж иржээ. Улмаар 2018 оноос Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа аж.

Харин Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Бямбажавын Ганбатыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлж буйг Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулсан юм.

Нэр дэвшигч Б.Ганбат нь хуульч, эрх зүйч мэргэжилтэй, 1990-1995 онд Дорноговь аймаг, нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст төлөөлөгч, мөрдөн байцаагч,  1995-2013 онд Сангийн яамны Тамгын газар, Хуулийн хэлтэс, Төрийн захиргааны удирдлага, эрх зүйн газарт хуулийн зөвлөх, хуулийн ахлах мэргэжилтэн, газрын орлогч дарга бөгөөд хуулийн хэлтсийн дарга, яамны Хууль, эрх зүйн газрын орлогч дарга, газрын дарга, 2014-2018 онд Дэлхийн банканд експерт, Монголын хуульчдын холбоонд өмгөөлөгч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Монголбанкны Хууль, эрх зүйн газрын захирал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар тус тус ажилласан. Улмаар 2019 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа. Тэрбээр өмнө нь Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр  ажиллаж байгаад бүрэн эрхийн хугацаа нь дууссан бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооноос түүнийг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр улируулан томилуулах санал гаргажээ.

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд нэр дэвшигчдийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцуулсан юм.

Танилцуулгууд болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд эхлээд бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Б.Билэгт, Д.Эрдэнэчулуун, Н.Дагва нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөв. Үргэлжлүүлэн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад нэр дэвшигч Ч.Байгалмааг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 68.3 хувь нь, нэр дэвшигч Э.Батболдыг 68.3, Б.Баяндүүрэнг 70.7, Б.Ганбатыг 65.9, О.Амгаланбаатарыг 63.4 хувь нь тус тус дэмжиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилов.

Дараа нь Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Эдгээр хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг чуулганы 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан, үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд чуулганы өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 56.4 хувь нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөлийн эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, орон сууцны ашиглалтыг хариуцах мэргэжлийн байгууллага, сууц өмчлөгчдийн холбооны чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, тэдгээрийн үйл ажиллагааны цар хүрээ, эрх үүргийг шинээр тодорхойлох, санхүүгийн механизмыг бий болгох, түрээсийн орон сууцны зохицуулалтыг боловсронгуй болгох, төрийн байгууллагын эрх, үүргийг тодорхой болгох, хууль хоорондын уялдаа холбоог хангах зорилгоор уг хуулийн төслийг боловсруулжээ.