Б.ТӨГСБАЯР: Шинэ цагийн үйлдвэрчний байгууллага ажлын байрыг хамгаалж үлдэхэд анхаарлаа чиглүүлж байна

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүн байгууллага болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга, гүйцэтгэх зөвлөл, тэргүүлэгчид, хяналтын зөвлөлийн бүтэц шинэчлэгдэн ажилласаар нэгэн оныг үдэж байна. Идэвхтэн сонгуультны XII бага хуралдааны шийдвэрээр ҮЭХ-ны даргын үүрэгт ажлыг хүлээн авсан Б.Төгсбаярыг энэ удаагийн зочноор урьж ярилцлаа.

    -Та Эрдэнэт үйлдвэрийн 6600 ажилтны эрх ашгийг хамгаалах ҮЭХ-ны удирдлагаар сонгогдон ажилласан нэг жилийн хугацаандаа ямар ажил амжуулав?

-Өнгөрсөн хугацаанд байгууллагын төдийгүй гишүүд, ажилчдын хувьд багагүй зүйлийг хийж хэрэгжүүллээ. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг хөндлөнгөөс харахад “Хамтын гэрээ” байгуулдаг газар мэтээр хүмүүс хардаг. Гэтэл үгүй юм. “Хамтын гэрээ” бол бидний хийх ажлын ердөө нэгээхэн хэсэг. Бид бага хурлаас хойш байгууллага дээр яригдсан бодлогын асуудлаа цэгцэллээ. Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн байгууллага 46 настай. Эрдэнэт үйлдвэрийн ашиглалтын өмнөх захиргаа байх үед үйлдвэрчний байгууллага 1974 онд үүсэн байгуулагдсан. Тэр цагаас өнөөг хүртэлх хугацаанд үе үеийн холбоодын дарга нар тодорхой хугацаанд сонгуульт ажлаа гүйцэтгэж байсан ч тодорхой бодлого, алсын хараа, эрхэм зорилгогүй явсаар ирсэн. Эдгээрийг цэгцлэхээр өнгөрсөн оны тавдугаар сард Эрдэнэт үйлдвэрийн идэвхтэн сонгуультны анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж, үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг 2020-2031 он хүртэл хөгжүүлэх 5 зорилт бүхий богино, дунд, урт хугацааны хөгжлийн концепци, үзэл санааг баталлаа. Ингэхдээ Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн концепцитой уялдуулан боловсруулсан. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага богино хугацаанд буюу 2019-2022 он хүртэл хөгжлийн ямар түвшинд хүрсэн байх вэ, ажилчдын бодит орлого яаж өсөх вэ гэдэг дээр эзэн биетэй бодлогоо тодорхойлж гаргасан нь 2019 оны хамгийн том, өгөөжтэй ажил болсон гэж дүгнэн хэлмээр байна.

Түүнчлэн Үйлдвэрчний эвлэлийн гишүүдээс авсан татвар хураамж юунд зарцуулагдаад байна вэ гэсэн санхүүгийн холбогдолтой асуудлаа нэг тийш шийдвэрлэлээ. МҮЭ-ийн холбоо 36 гишүүн байгууллагатай. Эдгээрээс хамгийн анх нягтлан бодох бүртгэлийн бодлогын бичиг баримт боловсруулсан нь манай салбар холбоо юм. Зарцуулалтаа гишүүддээ тайлагнах журмаар явж байна. Бид 2019 онд хэрэгжүүлсэн ажлын тайлангаа сар шинийн босгон дээр тогтмол хэвлэлээр дамжуулан бүх гишүүддээ хүргэхээр бэлтгэлээ хангаж эхэлсэн. Дараагийн нэг томоохон ажил нь хамтын гэрээ хэлэлцээрийн асуудлыг нэлээд нухацтай авч үзлээ. Эрдэнэт үйлдвэр түүхэн хөгжлийнхөө явцад Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай 12 удаагийн “Хамтын гэрээ”-г амжилттай байгуулсан. Миний бие эдгээрийн 7 гэрээнд гар бие оролцож, сүүлийн хоёр гэрээг өөрийн биеэр үйлдвэрийн Ерөнхий захиралтай үзэглэсэн.

    -Ажилчдын ярьдаг, хамгийн их анхаарал татсан сэдэв нь цалин хөлсийг нэмэгдүүлэх тухай байдаг. Цалингийн нэмэгдлийг хангалттай бус гэж үзэх хүн олон байна?

-Уурхайчид маань нэг зүйлийг ойлгоосой гэж би хүсдэг. 2011-2016 оны хооронд цалин 150 мянган төгрөгөөр нэмэгдсэн бол 2017 онд 10 хувь, 2018 онд 15 хүртэл хувь, 2019 онд 20 хувь нэмэгдлээ. Үндсэндээ сүүлийн 3 жилийн хугацаанд цалин 45 хувиар нэмэгдсэнийг харж болохоор байна. 2020, 2021 онд цалингийн хэмжээг нэмэгдүүлэх тал дээр тооцоо судалгаатай төсөвлөн, нэгдсэн шийдэлд хүрснээр 2020-2021 онд хэрэгжүүлэх гэрээгээ байгуулсан. Үйлдвэрчний эвлэлийн холбоо шинэ бүтэц бүрэлдэхүүнээр ажиллаад юу хийв гэсэн асуултад нэг зүйлийг тодорхой хариулъя. Бид 2018-2019 онд хэрэгжүүлэх гэрээнд 40 гаруй тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэж, 2020-2021 онд 53.6 тэрбум төгрөгийн гэрээг баталсан. Энэ мөнгө цалин хэлбэрээр, соёл, ахуйн хэлбэрээр бодит орлогыг нэмэгдүүлэн ажилчид болон гишүүдэд хүрнэ.

Цалинг 10 хувиар нэмнэ гэдэг нь бага хувь мэт сонсогдох боловч мөнгөн дүнд шилжүүлэхэд хамгийн багадаа 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө босгох хэрэгтэй болно. Энэ бол бага мөнгө биш. Олборлолтоо нэмэгдүүлэх, үйлдвэрлэлд гаргасан хэмнэлтээс дээрх мөнгийг шийдвэрлүүлэхээс биш, зэсийн ханш бага байгаа энэ үед санааны зоргоор нэмэх ямар ч боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй болов уу. Сангийн яам 2019 онд зэсийн ханш 6271 ам.доллар байна гэж баталсан байтал төлөвлөснөөс 400-500 ам.доллараар бага байсаар он дууслаа. Дээрх ханшийн зөрүүнээс үүсэж болох эрсдэлийг одоогийн үйлдвэрийн удирдлагууд зөв менежмент боловсруулан хэрэгжүүлсний дүнд даван туулсан гэж хэлж болох юм. Үйлдвэрчний эвлэл энэ бүх нөхцөл байдлыг харгалзан хамтран ажилласан. Бид ингэж зөвшилцөж ажилласныхаа хүчинд бүтээсэн баялгаасаа улсдаа татвар төлж, “Хамтын гэрээ”-гээр дамжуулан ажилчдынхаа бодит орлогыг нь нэмэгдүүлж чадсан гэдгийг хэлмээр байна.

    -Цалингаас гадна хэд хэдэн нэмэгдэл гарсныг “Хамтын гэрээ”-ний зөвшилцлийн үр дүн гэж ойлгож болох уу?

-2007 оноос хойш хөдлөөгүй байсан удаан жилийн нэмэгдлийг нэг дахин нэмж, 2003 оноос хойш тогтмол өгч байсан амралтын эрх бүхий 150 мянган төгрөгийг нэмэгдүүлж, орон сууцны хөнгөлөлтийг 12 сая төгрөгт хүргэсэн. Ажилчдын ойлгодоггүй нийгмийн олон асуудал “Хамтын гэрээ”-нд давхар яригддаг. Тухайлбал, ажилтан чөлөө авах шаардлага гарахад “Захиргаа чөлөө өгч байна” гэж ойлгодог. Гэтэл энэ бүхэн “Хамтын гэрээ”-нд заагдсан учраас аль аль талдаа хэрэгжилтийг хангаж явааг мэддэг байх хэрэгтэй. Ажилтны суралцах хүсэлтийн дагуу үйлдвэрийн удирдлага 3 сарын чөлөө өгдөг байсныг нэг жил болгосон. Нэг жилийн хугацаанд ямар ч хүн сургууль төгсөөд диплом авах боломжгүйг тайлбарлаж, ярилцсанаар сургууль төгсөх хүртэл 2-3 жилийн хугацаанд ажлын байрыг нь хадгалах боломж бүрдлээ. Монгол Улсын аль ч дүрэм, журамд ийм заалт байхгүй атал манай “Хамтын гэрээ”-нд туссан учраас биелэгдэж байна. Түүнчлэн тэтгэвэрт гарахад өгдөг нэг удаагийн тэтгэмжийг 16 сар байсныг 24 сар болгосон. Манай үйлдвэр ТӨҮГ болсонтой холбогдуулан нэг удаад 36 сарын тэтгэмж авах ёстой гэж буруу ойлгоод байх шиг байна. Энэ мэт олон өөрчлөлт гарсан. Одооноос бид аль болох эдийн засгийн тооцоо судалгаатай, шинжлэх ухааны үндэслэлтэй төсөл боловсруулж байна. Энэ нь үндэслэл суурьтай учраас захиргаанд хүлээн зөвшөөрөгдөхөд харьцангуй хялбар болсон. Төр, захиргааны дээд байгууллагууд ч “биелэх боломжтой” гэдэг дүгнэлт гарган, гэрээг бүртгэлд оруулж байна. Цалинг ямар ч тооцоололгүйгээр “нэмнэ” гэж ам гараад, улс төрчид шиг “попрох” эрх бидэнд байхгүй.

    -Цалинг 100 хувь нэмэх боломжтой гэдэг байр сууринаас ажилчдад мэдээлэл хүргэж байгаа хэсэг бүлэг хүмүүс бий. Энэ хэр бодитой вэ, тооцоо судалгаа хийж үзсэн үү?

-2020 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн хуулиуд бий. Миний бие үйлдвэрийнхээ 6600 ажилтныг төлөөлж “Татварын багц хууль” болон “Нийгмийн даатгалын тухай”, “Ашигт малтмалын тухай”, “Хөдөлмөрийн тухай” хуульд гар бие оролцсон. Хөдөлмөрийн тухай хууль хараахан батлагдаагүй байгаа хэдий ч дээрх хуулиудад хөдөлмөрийн хүний эрх ашгийг хамгаалах томоохон заалтууд оруулж өгсөн. Эрдэнэт үйлдвэр Ашигт малтмалын тухай хуулийг мөрдөж, Монгол Улсад татвар төлөх үүрэгтэй. 2019 оны тухайд манай үйлдвэр нэг их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байгаа нэг хэлбэр гэж ойлгох нь зөв юм. Илүү гарсан ашгаас хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд, цалингийн нэмэгдэл зэрэг саналаа оруулдаг. 2020-2021 оны цалингийн нэмэгдэл ч ийм л зарчмаар явсан. Зөрчил гаргасан хүнд сахилгын шийтгэлийг давхардуулахгүйгээр урамшуулал цалинг нь бүтэн олгоё гэдэг дээр шийдэлд хүрсэн. Тэгэхээр 13 дахь сарын цалин буюу үр дүнгийн урамшуулалд тухайн хүн жилд авсан дундаж цалингаа бүтэн авна гэсэн үг болж байна. 13 дахь сарын цалинг нэг сараар олгодог гэж хэлээд байгаа ч сайн бодвол 1,5 сарын цалинтай дүйцэх хэмжээний мөнгийг ажилтан авч байна. Сүүлийн үед энэ мөнгийг улстөржүүлэх хандлага гараад байгаа ч “Хамтын гэрээ”-ний 3.17 заалтын дагуу олгогдож байгаа урамшуулал цалин юм.

    -13 дахь сарын цалинг бусад уул уурхайн компанийн жишгээр ижил түвшинд өгөх үндэслэл бий юу?

-Бид 2020 онд хэрхэн ажилласнаас хамаарч үр дүнгийн урамшууллаа 2021 оны эхээр авах болно. Энэ нь 2020 онд хэрэгжих “Хамтын гэрээ”-нд туссан заалтууд хэрэгжиж байгаа хэлбэр гэж ойлгох нь зөв юм. Одоо буух 13 дахь сарын урамшуулал цалин нь 2018 оны “Хамтын гэрээ”-нд тусгасан заалтын хэрэгжилт буюу 2019 оны ажлын үр дүнгээр олгогдохоор болсон. Ерөнхий захиралд хүсэлт гаргаад, шууд 2 сарын цалингаа авах боломжтой гэж харах нь учир дутагдалтай.

2020-2021 оны “Хамтын гэрээ” нь Төрийн өмчит үйлдвэрийн газар болсоор хийгдсэн анхны гэрээ болж байна. ХХК байх үед ТУЗ-тай ярилцаж байгуулдаг байсан бол статус өөрчлөгдсөнөөр ТӨБЗГ, Монгол Улсын Засгийн газар гэрээнд хяналт тавьж байна. Тийм ч учраас эдийн засгийн тооцоо судалгаатай, шинжлэх ухаанч байдлаар хийгдсэн. Манай гэрээ Монгол Улсын хэмжээнд нэг номерын “Хамтын гэрээ” болохыг МҮЭХ-ноос үнэлж дүгнэн, 2019 онд “Шилдгийн шилдэг” цом, өргөмжлөл олгосон.

     -Үйлдвэрийн удирдлага, Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай харилцан зөвшилцсөний үндсэн дээр байгуулдаг “Хамтын гэрээ” өнөөдөр ямар түвшинд хүрсэн бэ?

-2018-2019 оны “Хамтын гэрээ”-г 102.6 хувийн биелэлттэй дүгнэсэн. Өмнөх 10 гэрээ 90 орчим хувьтай биелж байсан бол өнгөрсөн оны тухайд “хангалттай” гэдэг үнэлгээ авлаа. Энэ нь Үйлдвэрчний эвлэлийн байгууллага асуудлаа зөвөөр илэрхийлж чадвал ажил олгогчийн зүгээс татгалзах зүйл байдаггүйг харуулсан гэж болно. Үйлдвэрийн үе үеийн удирдлага ажилчдынхаа төлөө л байсан. Цалин нэмэхгүй, хасъя гэдэг дарга байсангүй. Хамгийн чухал нь Үйлдвэрчний эвлэл бодлогоо хэрхэн явуулж, асуудлаа яаж тавьж байгаагаас эцсийн шийд шалтгаалж байна.

    -2020-2021 онд хэрэгжүүлэх гэрээнд ажилчдын эрх ашигт нийцсэн заалтуудын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Гэрээний 26 заалтад их, бага нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ удаагийн гэрээг зарчмын хувьд нэгдүгээрт, Хөдөлмөрийн тухай хуулийн 2.12-т заасны дагуу хугацаанд нь байгуулахыг бид зорьсон. Өмнө нь 4, 5 дугаар сард гэрээ байгуулах явдал гарч байсан бол анх удаа үйлдвэр, санхүүгийн төлөвлөгөө батлагдахаас өмнө гэрээгээ байгуулж чадсан нь ололт юм. Хэдий цалингаа нэмнэ гэж хэлсэн ч тухайн зардлыг төсөвт суулгаагүй, гэрээнд бодит орлого нэмэгдүүлэх заалт нь ороогүй тохиолдолд биелэх үндэслэл байхгүй гэсэн үг. Хоёрдугаарт, өмнөх гэрээнээс дордуулахгүй, сайжруулах ёстой гэж үзсэн. 13 дахь сарын урамшуулал цалинг жилд нэг удаа өгдөг бол хувь тогтоон цалинг нэмэгдүүлэх нь сар тутмын бодит орлогыг өсгөх давуу талтай гэж харж байна. Уул уурхайн бусад компанитай харьцуулсан яриа их гардаг ч энэ талаар судлаад үзэх хэрэгтэй гэж зөвлөе. Өнөөдөр уул уурхайн салбарын цалингийн доод хэмжээ 641 мянган төгрөг байна. Бусад уул уурхайд 800 мянган төгрөгийн цалинтай ажилтан 13 дахь сарын цалингаа 3 сараар авлаа гэж бодоход 2 сая 400 мянган төгрөгийг нэг удаад авч байх жишээтэй. Гэтэл манай үйлдвэрийн ажилтны доод цалин 1 сая 250 мянган төгрөг байгаа. Цалин нэмэх тухай асуудал нь дан ганц ажилтны бус тухайн өрх айлын, хотын хэмжээний асуудал гэдгийг ойлгох нь зөв байх. Үндсэндээ Орхон аймгийн нийт хүн амын 30 орчим мянга буюу ¼ хувьд “Хамтын гэрээ” шууд утгаараа нөлөөлж байна. Эрдэнэт үйлдвэрийн ажилтан бүр цалингаас гадна нийгмийн чиглэлээр авдаг тусламж үйлчилгээтэй. Энэ бүхнийг тооцож үздэггүй ч мөнгөн дүнгээрээ 1 сая 500 мянган төгрөгийг нэмэгдэл хэлбэрээр авч байгаатай маргах хүн гарахгүй байх. Кемпийн системээр ажилладаг бусад уул уурхайн компаниудаас олон давуу тал бидэнд бий.

    -Сонгуульт хугацаандаа та болон XII бага хурлын бүрэлдэхүүн юу хийхийг зорьж байна вэ?

-Би улс төрийн нам, хүчинд зүтгэж үзээгүй. Ажилд орсон үеэсээ үйлдвэрчний байгууллагатай холбогдсон. Баяжуулах үйлдвэрт ажилд орсны дараа 20 хүн хариуцсан Үйлдвэрчний эвлэлийн бүлгийн зохион байгуулагч, удалгүй цехийнхээ 100 хүнийг хариуцсан тэргүүлэгч гэдэг албыг хашсан. Дараа нь хамт олныхоо хүлээлгэсэн итгэлийг дааж Баяжуулах үйлдвэрийн ҮЭХ-ны даргаар сонгогдон ажилласан. Өөрөөр хэлбэл, би үйлдвэрийнхээ Үйлдвэрчний эвлэлийн удирдлагаар сонгогдвол “Ийм зүйл хийнэ” гэсэн бодолтой байсан учраас тууштай явж ирсэн. Сонгуульт ажил өөрийн гэсэн хугацаатай. Энэ хугацаандаа ажиллаад, ажлаа нэр төртэй өгнө гэж боддог. Ажлаа хүлээлгэн өгсний дараа хамт олныхоо, уурхайчдынхаа эгнээнд мөр зэрэгцэн ажиллана. Тиймээс ч одоогийн ажиллах хугацаандаа бүтэн нэртэй, хүний төлөө ажилламаар байна. Ямартаа ч бодож явсан зүйлийнхээ эхлэлийг тавьсан. Энэ бол Үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн концепцийг боловсруулан баталж, 2019-2022 он хүртэл хөгжүүлэх богино хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн явдал юм. Хувь хүн, албан байгууллагад анхдагч хэрэгцээ гэж байдаг. Түүний адил бид ч анхан шатны хэрэгцээгээ хангаж ажиллахыг зорьж байна. 2019-2022 оны туршид ажилчдынхаа бодит орлогыг 50 хувь нэмнэ гэж төлөвлөсөн, энэ бүхний төлөө явсаар байх болно.

    -Аливаа зүйл цаг үеэ дагасан хөгжлийн замналтай байдаг шүү дээ. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага өнөөдөр ямар хөгжлийн замаар явж байна вэ?

-Дэлхий нийтэд “Шинэ цагийн үйлдвэрчний байгууллага” гэдэг ойлголт бий болсон. Энэ тал дээр гаднын орнуудаас туршлага судлах уулзалтууд хийж байна. Шинэ цагийн үйлдвэрчний байгууллага ажлын байрыг хамгаалж үлдэхэд гол анхаарлаа чиглүүлсэн. Бүтээмж, инновацийн ололт амжилт, техник технологийн хөгжлийн хурдыг даган алсдаа ажлын байр хумигдах эрсдэлтэй байна. Тэр үед одоогийн ажиллах хүчнээ хэрхэн хамгаалж үлдэх вэ гэдэг маш чухал асуудал. Бид үйлдвэрийн өргөтгөлийн ажлыг дэмжиж, хамтран оролцох нь нэг талаас шинэ ажлын байр үүсгэх, нөгөөтээгүүр хумигдаж байгаа ажлын байраа хамгаалж үлдэх боломжтой гэж харсан. Бид энэ сэдвээр өнөөдөр ярихгүй бол 5 жилийн дараа яриад юу ч шийдэгдэхгүй. Мөн хөдөлмөрийн нөхцөлийн асуудал байна. Бид сүүлийн 7 жилийн турш хөдөлмөрийн хүнд нөхцөлд байсан 3 ажлын байрны асуудлыг удаа дараа ярьсаар хортой нөхцөлд шилжүүллээ. “Хамтын гэрээ”-ний 6.1 заалтын дагуу 120 хүний эрх ашгийг ярьсан энэ шийдвэр тухайн хүний тэтгэвэрт гарах хугацааг 5 жилээр урагшлуулахад дөхөм болсон. Энэ бүгдийг цогцоор нь хэн нэг хүн дангаараа хийх боломжгүй. Ажил олгогч буюу Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын баг хамт олон, нөгөө талаас Үйлдвэрчний эвлэлийн байгууллага 50, 50 хувийн оролцоотой байгуулсан “Хамтын гэрээ”-г төр баталгаажуулсан учраас хүчин төгөлдөр мөрдөгдөх болно. Бидний ажил сайн байна. Төгс хүн гэж үгүй тул надад мэдэхгүй, чадахгүй зүйл байхыг үгүйсгэхгүй. Хүч хүрэхгүй зүйл ч гарч болох ч цаана нь гарахын төлөө ажиллана. Нийт уурхайчдадаа хандан Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаа дэмжиж, ойлгож, хамтран ажиллаарай гэж хүсье.

ERDENETTODAY.MN      И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс