Коронавирус МУТАЦИД орж болзошгүйг сэрэмжлүүлж байна

БНХАУ одоогоор есөн хүний аминд хүрч, 2019-nCoV гэж нэрлэгдэж буй шинэ төрлийн коронавирус мутацид орох буюу хувирч болзошгүйг анхааруулжээ.

Шинэ төрлийн коронавирус 2002-2003 онд 650 хүний амийг авч одсон SARS буюу амьсгалын цочмог халтай хам шинж өвчнийг үүсгэгч коронавирустай төстэй байгаа нь мэргэжилтнүүдийн санааг түгшээж байна. Эл өвчин амьсгалын замаар дамждаг бөгөөд вирус хувирч цаашид тархах эрсдэл өндөр байна гэж Үндэсний эрүүл мэндийн комиссын дэд сайд Ли Бин лхагва гарагт /2020.01.22/ хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдээлжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнөөдөр шуурхай хуралдаж, Хятад улсаас гадна АНУ, Тайвань, Тайланд, Япон, Өмнөд Солонгост бүртгэгдээд буй халдвар эрчимтэй тархаж буйтай холбогдуулан дэлхийн хэмжээнд онцгой байдал тогтоох эсэх талаар шийдвэр гаргана.

Хятадын засгийн газар 2019-nCoV коронавирусийн халдварыг SARS-ын халдварын ангилалд оруулжээ.

Одоогийн байдлаар 13 мужид 440 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд эрдэмтэд вирусийн эх үүсвэрийг тогтоож чадахгүй байна. Гэхдээ судлаачид халдварын анхдагч эх үүсвэр нь амьтан гэж үзэж байна. Учир нь Ухань хотын далайн бүтээгдэхүүн, амьд амьтан зардаг зах дээр ажиллаж байсан хүмүүс анх халдвар авсан юм. Дэлхийн улс орнууд өвчин үүсгэгч 2019-nCoV гэх техникийн нэршил аваад буй коронавирусийн тархалтыг зогсоохоор бүхий л хүчин чармайлтаа дайчлан ажиллаж байна.

Энэ долоо хоногт Хятад улс Цагаан сараа тэмдэглэх бөгөөд олон зуун сая хүний шилжилт хөдөлгөөн үүсдэг тул халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж буй нь тус улсын эрх баригчдын санааг түгшээж байна.

Хятад улсад нисэх онгоцны буудал, үйлчилгээний төв, томоохон дэлгүүр, төмөр замын буудал зэрэг газруудад агааржуулалт, ариутгалын арга хэмжээг авч байна. Ухань хотын эрх баригчид Цагаан сарын баярын арга хэмжээнүүдийн цуцалжээ.

Хятад, Америкийн эрдэмтдээс бүрдсэн баг шинэ төрлийн коронавирусийн эсрэг вакцин бүтээхээр ажиллаж байна. Хятадын эрдэмтэд вирусийн генийн бүтцийн мэдээллийг шуурхай өгсөн тул вакцин бүтээх ажлыг түргэтгэжээ. SARS-ыг үүсгэгч коронавирусийн генийг бүтцийг тогтооход нэг жилийн хугацаа авсан аж. Вакцин гаргаж авсан тохиолдолд халдвар авсан өвчтөнүүдтэй ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад хамгийн түрүүнд олгоно гэж АНУ-ын Хьюстоны анагаах ухааны коллежийн судлаач Питер Хотец онцолжээ.