Сургууль, цэцэрлэгийн карантиныг 3 ДОЛОО ХОНОГ СУНГАХААР хэлэлцэж байна

Шинэ коронавирусаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлах эсэх талаар яг одоо /2020.02.12/ Засгийн газар хэлэлцэж байна. Мөн сургууль, цэцэрлэгийн карантины хугацааг сунгахаар хэлэлцэж байна.

Тодруулбал, Монгол Улсад коронавирус илрээгүй ч урьдчилан сэргийлэх, ханиад томууны үеийн эрсдэлийг бууруулах үүднээс сургууль, цэцэрлэгүүдийг өмчийн хэлбэр үл харгалзан 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах шийдвэрийг нэгдүгээр сарын 24-нд Улсын онцгой комисс гаргасан. Энэхүү шийдвэрийг нийслэл болон орон нутгийн сургууль, цэцэрлэгүүд өмчийн хэлбэр үл харгалзах дагаж мөрдөн, сурагчдын хичээлийг телевизээр дамжуулан зааж байгаа юм.

Тэгвэл урд хөршид дэгдсэн коронавирусийн халдварын идэвхжил, Монгол Улсын хилтэй ойрхон бүс нутагт гарсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, карантины хугацааг сунгах талаар Засгийн газар хэлэлцэж эхэлсэн байна.

Тодруулбал, гуравдугаар сарын 02-ноос хойш дахин гурван долоо хоног сунгах бэлтгэл ажлаа базааж байгаа юм байна.