Одоогоор 12 мянга гаруй тонн нөөцийн мах бэлдээд байна

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн амралтын өдрүүдэд томоохон худалдааны төвүүдээр судалгаа хийсэн. Махны үнэ нэмэгдсэн байна. Нийлүүлэлт болоод зохиомол хомсдолоос үүдэн махны үнэ бага хэмжээгээр нэмэгдсэнийг худалдаачид хэлж байна. Энэ асуудлыг бид ШӨХТГ болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхантай ярилцаж, шийдвэрлэнэ. Хангамж хүрэлцээтэй байгаа учир нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Тиймээс иргэд зохиомол хомсдол үүсгэхгүй байхад анхаарах шаардлагатай тухай мэдээлсэн. Энэ талаар ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтохоос тодруулахад:

“Бид хөл хорио тогтоосон энэ цаг үед нийгэмд махны зохиомол хомсдол үүсэхээс сэргийлж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Одоогоор экспортыг тодорхой хэмжээгээр хязгаарласан. ҮСХ-ноос хоёрдугаар сарын II долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 9633 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11399 төгрөгийн үнэтэй байна гэсэн мэдээллийг гаргасан. Энэ ханшийг өмнөх долоо хоногтой харьцуулахад буурсан, харьцангуй тогтвортой харагдаж байна. Цаашид манай яамны зүгээс нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч, экспортод гаргаж байгаа ААН-үүдийг дотооддоо махаа борлуулах тал дээр ажиллаж байгаа.

Мөн нөөцийн махны бүрдүүлэлт дээр төвлөрч байна. Одоогийн байдлаар арилжааны банкны эх үүсвэр, өөрийн эх үүсвэр, Хөдөө аж ахуйн биржээр бэлтгэсэн 12 мянга гаруй тонн нөөцийн махыг бэлтгээд байна. Энэ нь зорилтот бүлгийн иргэдэд зориулагдан хавар худалдаанд гарах нөөц. Гэхдээ бид махны экспорт хийдэг ААН-үүд болон малчдыг дотооддоо махаа борлуулах тал дээр салбарын зүгээс тодорхой зохион байгуулалтыг хийж байна.

Хөдөө аж ахуйн биржийн хувьд л гэхэд өнгөрсөн долоо хоногт ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, хоршоод, малчдын үйлдвэрлэсэн гарал үүсэл нь баталгаажсан, эрүүл ахуйн шаардлага хангасан, бараа бүтээгдэхүүнийг дундын дамжлагагүй шууд худалдаалах үзэсгэлэн худалдааг Лавай худалдааны төвд зохион байгуулсан. Тэнд зарагдаж байсан махны үнийн хувьд хонины мах 6500-8500, үхрийн мах 8500-12000, адууны мах 8500-11000 төгрөгийн ханштай байсан. Салбарын зүгээс аль болох махыг дундын зуучлал, дамжлагын нэмэлт үнэгүйгээр хэрэглэгчдэд хүрэхэд чиглэсэн арга хэмжээ авч ажиллана. Тиймээс бид бүхэн бэлтгэсэн махыг дотооддоо борлуулж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх тал дээр төлөвлөгөө гаргаад байгаа.” гэлээ.

Мөн өмнөх оны мөн үетэй харьцуулахад махны ханш тогтвортой байгаа бөгөөд цаашид иргэдэд махны үнийн дарамт үзүүлэхгүйн тулд шат дараатай ажиллаж байгааг ХХААХҮЯ-ны зүгээс хэлж байлаа.