ГХЯ: Хятадаас 336 монгол иргэнээ авчирна

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-д суугаа 336 монгол иргэнийг эх оронд нь авчрахаар ажиллаж байгаа талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрээр “Хилээр нэвтрэх журам, зохицуулалтад тодорхой хязгаарлалт хийхдээ БНХАУ-д байгаа иргэдэд хугацаа өгч, энэ хугацаанд иргэдийг татан авах чиглэлээр ажилласан. Бид БНХАУ-ын талтай байнга ярилцаж байна. Нөгөө талдаа нэгэнт хорио тавьсан байгаа тохиолдолд өөрчлөхөд амар биш байна” гэлээ.

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг “Өнгөрсөн баасан гарагаас хойш манай 106 иргэн эх орондоо ирсэн. Зөвхөн Эрээн бус Шанхай, Хөх хотуудаас ирсэн. Бид бүтэн сарын турш Монголын иргэдэд мэдээлэл хүргэж, холбогдсон. Хэдий хил хаасан ч гэсэн БНХАУ-ын талтай ярилцаад зохион байгуулалтад оруулан автобусаар авчирсан. Өнөөдрийн байдлаар Шанхайн тойргоос 180, Бээжин 56, Эрээнд 100, Хөх хотод нэлээд иргэд эх орондоо ирэх хүсэлтээ гаргаад байна. Ойрын хугацаанд эдгээр иргэдийг татан авчирна” гэлээ.