БНФУ-ын “Орано Майнинг” компани нэг тэрбум төгрөг хандивлалаа

Өчигдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа.

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд эмчлүүлж буй Франц Улсын иргэний халуун тогтвортой, хордлого тайлагдсан, биеийн байдал сайжирсан тухай сайн мэдээгээр уулзалт эхэллээ.
Уулзалтын үеэр Элчин сайд Ф.Мэрлин тус улсын “Орано Майнинг” компанийн зүгээс Шадар сайдад тусгайлан албан бичиг хаягласаныг өөрийн биеэр хүлээлгэн өгсөн юм. Энэхүү бичгээр “Орано Майнинг” компанийн зүгээс Франц улсын иргэнд эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээг дээд зэргээр үзүүлж байгаад талархал илэрхийлэн, Улсын онцгой комисст нэг тэрбум төгрөгийн хандив өргөж байгааг уламжилсан байна.
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам болон мэргэжлийн бусад байгууллагыг дэмжин их хэмжээний хандив өргөж байгаад Шадар сайд Ө.Энхтүвшин чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Тэрээр мөн Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын анхны тохиолдол болох Франц иргэнээс халдвар тархсан нэг ч тохиолдол өнөөдрийг хүртэлх хугацаанд гараагүй гэдгийг онцлон тэмдэглэсэн юм Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.