Л.Наранбаатар З.Энхболдыг гүтгээгүй гэдгийг шүүх тогтоожээ

Эдийн засагч Л.Наранбаатар “Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нь улс төрийн өндөр албан тушаалын эрх мэдлээ ашиглан өөрийн хамаарал бүхий “Страто”, “Хишиг Арвин” “Суруга Монгол” гэх компаниудаараа дамжуулж нийтийн эрх ашгийг хохироосон байж болзошгүй гэх баримтуудыг дэлгэсэн.

Үүний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд үгүйсгэж “АМНАТ тэглэхэд нөлөөлөөгүй, Стратотой холбоогүй, Л.Наранбаатар намайг гүтгэлээ, нэр төрд халдлаа” хэмээн хууль хяналтын байгууллагад хандаж гомдол гаргасан билээ. Улмаар Зөрчлийн тухай хуулиар Л.Наранбаатарт хоёр сая төгрөгийн торгууль оногдуулсан байдаг. Үүнийг эдийн засагч Л.Наранбаатар эс хүлээн зөвшөөрч, шийтгэвэрийг цуцлуулах гомдлыг гаргаад байсан юм.

Тэгвэл өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх анхан шатны шүүх хурлаар дээрх гомдлыг хэлэлцээд эдийн засагч Л.Наранбаатар нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдыг гүтгээгүй гэдгийг тогтоосон байна. Ийнхүү хоёр сая төгрөгийн мөнгөн торгуулийг хүчингүй болгожээ. Тэрбээр энэ тухай фэйсбүүк хуудаснаа “З.Энхболдыг гүтгэлээ гэж зөрчлөөр хоёр сая төгрөгөөр, хууль бусаар торгосон цагдаа, прокурорын шийтгэвэрийг хүчингүй болголоо.

Би З.Энхболдын хувийн хонгилоор хангалттай хэлмэгдсэн, дахин орохгүй гэж торгосон цагдаа, прокурорын шийтгэвэрийг нь цуцлуулахаар шүүхэд хандсан юм. Шүүх хурал хоёр ч удаа хойшилсны эцэст өчигдөр хурал болсон. З.Энхболд харин шүүхийг үл хүндэтгэж өөрөө ирсэнгүй” хэмээн бичжээ.

Энэ үйл явдал “З.Энхболд “Страто”, “Хишиг Арвин”, “Суруга Монгол” гэх компанитай холбоотой, Эдгээр компаниараа дамжуулан нийтийн эрх ашгийг хохироож буй” гэх Л.Наранбаатарын таамгийг батлав бололтой.