БИЧИЛ УУРХАЙЧИД ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

Монгол Улсын Засгийн газраас Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, таслан зогсооход анхаарал хандуулан ЦЕГ-ын харьяанд Экологийн цагдаагийн алба байгуулан ажиллуулж эхлээд байгаа. Тус алба нь алба нь  хүрээлэн байгаа орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, байгаль экологид учрах хохирлыг бууруулах нэгдсэн бодлого хэрэгжүүлэх юм.

Шинэхэн байгуулагдаж, ажил нь эхлээд байгаа Экологийн цагдаагийн алба өнөөдөр Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо ТББ-тай Хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулсан байна.

Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо (МБУНДХ)-ны  үндсэн зорилгын нэг нь Монгол Улсад хариуцлагатай бичил уурхайг төлөвшүүлэхэд оршдог. Энэхүү зорилгынхоо хүрээнд хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийг зохион байгуулалтад оруулж, албажуулах, гишүүддээ болон иргэдэд мэдээ мэдээлэл түгээж, олон төрлийн сургалтуудыг зохион байгуулахын зэрэгцээ хууль бус үйлдлээс сэргийлэх мэдээлэл сурталчилгааны ажлуудыг авч хэрэгжүүлдэг бөгөөд дээрх чиглэлүүдээр, төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг юм.

ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба болон МБУНДХолбооны зорилго, ажлын чиглэл уялдаж буй учир хоёр талаас харилцан тохиролцож, хамтран ажиллахаар болсон юм.

Санамж бичигт ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир, МБУНДХолбооны Тэргүүн Л.Дэлгэрбаяр нар гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд хоёр тал

  • олон нийтийг соён гэгээрүүлэх, хууль тогтоомжийг сурталчлах, сургалт, нөлөөллийн ажлуудыг хамтран зохион байгуулах,
  • хууль сахиулах байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудын хүрээлэн буй орчны талаарх мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, чадваржуулах сургалтыг зохион байгуулах,
  • хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, баримтжуулах, хамтарсан хяналт мониторингийг  хийх, мэдээлэл солилцохзэрэг олон чиглэлээр хамтарч ажиллана.

Хариуцлагатай бичил уурхайчдын нэг онцлог нь зөвхөн тухайн орон нутгийн иргэд байдаг. Иймээс тэд газар нутгаа болон хэн хуулийн дагуу ажиллаж, хэн нь хууль бус олборлолт явуулж байгааг маш сайн мэддэг давуу талтай. Хамтын ажиллагааны хүрээнд гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсооход хариуцлагатай бичил уурхайчид оролцоо өндөртэй байхаа илэрхийлж байгаа юм.

Түүнчлэн МБУНДХолбоо нь бичил уурхайчид, хувиараа ашигт малтмал олборлогч иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд, олон нийтэд олон төрийн сургалтыг хийж ирсэн. Иймээс Экологийн цагдаагийн албаны үйл ажиллагааг орон нутагт сурталчлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодлого, ажил, мэдээллийг түгээх тал дээр санаачлага, оролцоотой ажиллахаар төлөвлөж байгаа юм.