“Казахстан руу зургадугаар сарын эхээр тусгай нислэг хөөргөнө”

Казахстан Улсын Элчин сайд, ноён Жалгас Адылбаев хүсэлт тавьсан дагуу Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол-Казахстан хоёр улсын хооронд иргэдээ харилцан татан авах захиалгат нислэг үйлдэх талаар санал солилцсон дагуу нислэгийн хугацааны талаар Элчин сайд санал хүсэлтээ илэрхийлсэн.

Тус улсын нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн 100 гаруй иргэн манайд байгаагаас дийлэнх нь Баян-Өлгий аймагт байгаа юм байна.

Харин Казахстан улсаас эх орондоо ирэхээр Монгол Улсын 1,000 гаруй иргэн хүсэлтээ ирүүлээд байгаа юм.

Шадар сайд Ө.Энхтүвшин Казахстан улсын засгийн газар үүсээд буй нөхцөл байдлыг даван туулахад чиглэсэн олон арга хэмжээ авч буйд талархал илэрхийллээ.

Тэрбээр “Бид Казахстан улс руу захиалгат нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байсан. Хугацааны хувьд 6 дугаар сарын эхний хагаст гэсэн бодол байна. Учир нь ойрын үед татан авалт хийсэн иргэдийн тусгаарлалтын хугацаа энэ үеэр дуусгавар болно. Танай Засгийн газар ойрын хугацаанд КОВИД-19 халдварыг бүрэн хяналтандаа авна гэдэгт итгэлтэй байна гэсэн юм.

Элчин сайд Жалгас Адылбаев цаг гарган, хоёр улсын хооронд харилцан иргэнээ татан авах талаар санал солилцсон явдалд чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм.

Ташрамд дурдахад, тус улсад КОВИД-19 халдварын 9,400 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа бол 4,600 гаруй хүн эдгэрээд байгаа юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.