Улиран сонгогдсон Г.Занданшатар Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд бүрдсэн УИХ-ын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар улиран сонгогдсон УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын даргаар улиран сонгогдсонд нь баяр хүргэж, эдийн засгийн хүнд хэцүү цаг үед парламентын үйл ажиллагааг ажлын, амралтын өдөр гэж ялгахгүйгээр тасралтгүй явуулахыг сануулж, өнөөдрөөс ажилдаа шуурхайлан орохыг хүслээ.

Ялангуяа, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод тусгагдсан Гашуунсухайт-Тавантолгой, Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг дуусгах, цаашид Алтанширээт-Баруун-Урт, Баруун-Урт-Хөөт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлж, бүсчилсэн хөгжлийн асуудлыг УИХ-ын үйл ажиллагаатай уялдуулах асуудлаар ярилцав.

Тухайлбал, төмөр замын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлснээр говийн бүс нутаг дахь газрын доорх баялгаа боловсруулж, нэмүү өртөг шингээн экспортлох,  төмөр замын дэд бүтцийг дагуулан говийн бүсийг усжуулах, цөлжилтийн эсрэг системийг бүтээн байгуулах замаар гүний цэвэр усыг уул уурхайд ашиглахыг нэн даруй зогсоох зэрэг ажлуудыг даруй эхлүүлэх нь зүйтэй хэмээн үзэв.

Уул уурхайгаас гадна хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэр барих, экспортод гаргах замаар малчдын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлуудыг цаг алдалгүй үргэлжлүүлж, дуусгах асуудалд анхаарч ажиллахыг хүсэв.

Ингэснээр уул уурхай, хөдөө аж ахуй хосолсон “хос морьтой” эдийн засгийг хөгжүүлэх асуудлаар санал солилцож, дэлгэрэнгүй ярилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нар өмнөх парламентын үед ойлголцож, ажиллаж байсан туршлагатай тул эхлүүлсэн ажлаа дуусгахаар тууштай хамтран ажиллахаа илэрхийлцгээв.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү.